ИНЕГ-ын Холбоо, навигаци, ажиглалтын албаны инженер золгүйгээр амь насаа алдсантай холбоотойгоор тус байгууллагын удирдлагууд сэтгүүлчдэд өнөөдөр /2019.05.28/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд тус газрын Агаарын навигаци, бодлого зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбат, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар, Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын дарга П.Ариунболд, Төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга, Ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн дарга П.Ганболд, Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга Д.Баяртогтох нар оролцлоо.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ХУДАЛ, ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ
ИНЕГ-ын Агаарын навигаци, бодлого зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбат "Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойн арга хэмжээ жил бүрийн тавдугаар сард тохиодог уламжлалтай. ИНЕГ энэ удаагийн ойн арга хэмжээг угтан жил бүр уламжлал болсон арга хэмжээнүүд зохион байгуулахаас илүүтэй нийтэд нисэхийн салбарын ажил мэргэжлийг сурталчлан таниулах, мэргэжлийн боловсон хүчний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шинэ санаа, бүтээлч ажиллагааг дэмжих, нийтийг хамарсан хүмүүнлэгийн ажил, нийтийн биеийн тамир спортыг сурталчлан таниулах зэрэг нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шинэлэг байдлаар зохион байгуулахаар төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлж ирсэн.
ТУХАЙЛБАЛ,
- Нийслэл хотын тохижилт, байгаль орчныг хамгаалах, бүхий нийтийн оролцоог дэмжих чиглэлээр ажилчдыг өөрийн харьяа болон нийслэлийн зарим дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт цэвэрлэгээ, мод тарих үйл ажиллагааг энэ сарын 15-ны өдөр,
- Ажилтнуудын англи хэлний мэдлэг, ур чадварыг сорьсон BEST IN ENGLISH тэмцээнийг тавдугаар сарын 17-ны өдөр
- Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор зургаан төрлийн спортын арга хэмжээг 22, 23-ны өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт,
- "Нисэх миний ирээдүй" мэргэжил сонгох, сурталчлах арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 18-ны өдөр тус тус зохион байгуулжээ. Тавдугаар сарын 24-ний өдөр буюу өнгөрөгч Баасан гаригийн 10.00 цагт ажил үйлсээрээ тэргүүлсэн ажилтнуудад шагнал гардуулах арга хэмжээ ИНЕГ-т зохион байгуулагдаж, 12.00 цаг гэхэд баярын бүх арга хэмжээ албан ёсоор дууссан.
94 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх талаар байгууллагын зүгээс тухайн өдрүүдэд нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн хэвийн жигд үйл ажиллагааг хангах чиглэлээр ИНЕГ-ын даргын 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрийн үйлдвэрлэлийн шуурхай хуралдаан дээр онцгойлон үүрэг чиглэл өгч ажилласан бөгөөд харьяа алба салбарууд нь дээрх хугацаанд албан ёсны баяр ёслолын арга хэмжээ, нийллэг амралт зугаалга зохион байгуулахгүй байх, ажлын цаг ашиглалт сахилга хариуцлагыг өндөржүүлэх талаар онцгойлон үүрэг чиглэл өгсөн.
Энэ асуудал нь долоо хоног бүрийн Даваа гаригт хуралддаг ИНЕГ-ын үйлдвэрлэлийн шуурхай хуралдааны тэмдэглэлд бичгээр болон дуу хураагуурт баримт болон үлдсэн байна. Хүний амь нас золгүй байдлаар эндчихээд байхад ИНЕГ-ыг гүтгэж байгаад харамсч байна. Энэ асуудлыг байгууллагын нэр хүнд, цаашлаад яам, тамгын газартай холбогдуулан ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье" гэлээ.
ТАЛИЙГААЧ АХУЙН ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН
Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга Д.Баяртогтох “Холбоо, навигаци, ажиглалтын албанд инженерээр ажиллаж байсан залуу амралтын өдөр найз нөхдийн хамт амарч яваад, ахуйн ослоор амь насаа алдсан харамсалтай явдалд ар гэр, хамт олон нь тун их харамсч, гашуудаж байна.
Гэтэл ахуйн энэ золгүй ослыг санаатайгаар, улс төрийн болон хувийн ашиг сонирхлоор гуйвуулсан мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул ИНЕГ зарим хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүмүүсийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа юм.
Талийгаачийн гэр бүл төдийгүй хамт олон, найз нөхөд нь эмгэнэж байгаа энэ үед эл золгүй явдлыг санаатайгаар ташаа мэдээлэхгүй байхыг ИНЕГ хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас хүсч байна. ИНЕГ-ын зүгээс баяр ёслол тэмдэглэх албан ёсны арга хэмжээг зохион байгуулаагүй гэдгийг хэлмээр байна. Манай алба 245 инженертэй. Монголын урдаа барьдаг инженерүүд манайд бий. Тиймээс манай байгууллагатай холбоотой буруу ташаа мэдээлэл цацаж байгаад үнэхээр харамсч байна" гэв.
Э.АРИУН