Бидний нууцыг Оросоос авчирна

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Бидний нууцыг Оросоос авчирна

Монголын нууц товчооны эх хувь Тайваньд, Хятадад бий хэмээн өдгөөг хүртэл маргалдсаар л байгаа. Чухам аль нь болохыг хэн ч үл мэднэ. Монгол гэх их айлын бүхэл бүтэн түүхийг илтгэх энэ эх сурвалжтай дүйцэхүйц баримт бичгүүд ч хилийн чанадад хаана тархан хадгалагдаж байгаа нь маргаантай асуудал. Тайваньд л гэхэд Монголын эртний хаад, ноёдын хөрөг эх хувиар байдаг гэдэг. Албаныхны хэлж буйгаар, Монгол Улсын түүхэнд холбогдох үнэт баримтууд өнгөрсөн зууны түүхийн донсолгооны үед БНХАУ, Япон, Тайвань, ОХУ гээд хаа сайгүй тарсан. Манай хойд хөршид л гэхэд бидэнд ч байдаггүй 1920-1940 оны хоорондох түүхийн баримтууд хав дараатай байдаг хэмээн учир мэдэх улс хэлдэг.

Чухам эдгээр түүхийн үнэт олдвор болсон баримтуудыг хуулбарыг нь ч болов эх орондоо авчрах талаар албаны хэд маань юу хийж суудаг вэ?

Үндэсний төв архивын дарга Б.Эрдэнбадрахын хэлснээр, Монголын түүхтэй холбогдсон элдэв баримтыг гадаадын орнуудаас цуглуулъя гэхэд санхүүгийн асуудал дээр гацдаг гэв. Хуулиараа бол Архивын ерөнхий газар энэ ажлыг гардан хийх учиртай. Түүх, баримтыг эх орондоо авчрахын тулд тухайн улс оронтой гэрээ, хэлэлцээр хийхээс эхлээд ажил их бий. Гэвч тэнд зарцуулагдах санхүүгийн асуудлыг төсвөөр шийдвэрлэх боломжгүй байдаг аж. Тиймээс энэ ажил удаашралтай байна гэхэд болохоор байгаа юм. Гэхдээ яаж зүгээр суух вэ? Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд Монгол Улсын түүхэнд холбогдох, эдийн засаг, улс төр, соёлын салбарт нэн чухал нэгэн гэрээг ОХУ-тай хийжээ. Ер нь Монгол Улсын хэмжээнд 1674 оноос хойшхи түүхийн баримтууд Үндэсний төв архивт хадгалагдсан байдаг. Үүнээс өмнөх баримт Япон, Тайвань, БНХАУ, ОХУ-уудад “тэнүүчилж” яваа гэдэг. Өдөртөө л гэхэд 50 гаруй оронтой харилцдаг ОХУ гэх их гүрний архивт Монгол гэх жижигхэн улсын түүхийн ховор баримтууд “хог”-оороо бий гэх. Тэгвэл энэ удаад хэлэлцээр хийснээр ОХУ-д хадгалагдсан 1954 оноос хойшхи Монгол Улстай холбогдох нууцын зэрэглэлтэй баримтыг архивтаа төвлөрүүлэхээр болжээ. Энэ ажил одоо ч үргэлжилж байгаа. Архивын ерөнхий газрын дарга И.Саруулын хэлж буйгаар Монгол Улсад болсон хэлмэгдүүлэлтийн үеийн түүхэн баримт бичиг ч энд багтжээ. Чухамдаа 1920, 30, 40 оны Монголын улстөр, эдийн засаг, эрүүл мэнд, батлан хамгаалах гээд бүх л салбарыг хамарсан баримт юм гэнэ. Энэ хэлэлцээр нь архивын салбарт тодоор бичигдэж ч мэдэх аж.

Зөвлөлтөд дайнд оролцож байсан ахмад дайчдын үр хүүхдүүд байнга л эцэг, эхийнхээ түүх, баримтыг нэхэж архивын газрыг зорьдог. Тэгвэл ОХУ-тай хийж буй хэлэлцээр амжилттай болсноор ахмад дайчдын түүх, баримтыг заавал Москва руу очиж авахгүй болно.

Манай улс Зүүн хойд Азийн архивын зөвлөлийн гишүүн орон юм. Ингэснээр зөвлөлийн орнуудтай хамтран ажиллах боломж бүрдсэн гэв. Одоогоор Тайвань улстай архивын салбарт хамтран ажиллахаар бэлтгэж байгаа юм. Учир нь Тайваньд Монголын хаад ноёдын түүхт хөрөг, бүтээл багагүй бий. Хэдийгээр гадны орон дахь Монголын түүх, баримтыг эргүүлэн авчрахад төсөвлөх мөнгөгүй хэдий ч энэ талын ажлыг чадахаас чадахгүй хүртлээ хийж байгаа хэмээн архивын салбарынхан учирлаж байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж