Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган хоёр дахь өдрөө Төрийн ордноо үргэлжилж байна. Уг чуулганы дугуй ширээний хэлэлцүүлэг “парламентын үүрэг, оролцоо”, “эрүүл мэнд”, “уур амьсгалын өөрчлөлт” гэсэн гурван сэдвийн хүрээнд өрнөж, парламентчид Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хэрхэн сайжруулах талаар туршлагаасаа хуваалцаж, санал бодлоо солилцов.
Уур амьсгалын өөрчлөлт ба бусад асуудал” хэсгийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хорооны дарга А.Ундраа даргаллаа.
Хэлэлцүүлгээр орон орны төлөөлөгчид өөрийн оронд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, хэрэгжүүлж буй арга хэмжээ болоод цаашид хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, байр сууриа илэрхийлсэн юм.
Тухайлбал, Фижи Улсын төлөөлөгч хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлт болоод авах арга хэмжээний хүрээнд зөвхөн парламентын түвшинд ярилцах бус гамшиг, уур амьсгалтай холбоотой гамшигтай тэмцэх, дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, үндэсний бодлого, стратеги, төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг тусгахад залуучуудын дуу хоолойг хүргэх, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох, эрт илрүүлэхэд чиглэгдсэн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байлаа.
Энэ үеэр УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН "Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох нь төлөөлөгчдийн идэвхтэй оролцооноос харагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн нэг улс, бүс нутгийн асуудал биш, дэлхийн нийтийн тулгамдсан асуудал юм. Уур амьсгалын өөрчлөлтийг байгалийн гамшигтай илүүтэй холбон тайлбарлаж байна. Тийм учраас уг асуудалд улс орнуудын хамтын ажиллагаа чухал юм. Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах нь чухал гэдгийг орон бүрээс ирсэн төлөөлөгчид санал нэгдэж байна. Мөн өөрсдийн орны туршлагаас хуваалцаж санал солилцлоо.
Дэлхий улс орнууд түүхийн нүүрсний хэрэглээнээс татгалзаж, хор багатай орлуулах түлшийг хэрэглэхэд хөгжиж буй орнуудын хамтын ажиллагаа, дэмжлэг зэрэг чухал арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Манай улсын хувьд ч гэсэн үүнийг хэрэгжүүлж, энэ сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлсэн нь нэг алхам. Гэхдээ энэ нь түр зуурын арга, цаашид гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, байгальд ээлтэй байдлаар үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулах зэрэгт анхаарах шаардлага бий. Агаарын бохирдол нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа нэг хэсэг нь гэж бид үзэж байгаа” гэсэн юм.
БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ:
"Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх үеэр бүс нутгуудад бий болж буй байгалийн гамшгийн талаар бид ярилцлаа. Байгалийн гамшиг нь бидний зохисгүй хэрэглээ, үйл ажиллагаатай холбоотой гэдэг дүгнэлтэд хүрч байна. Өнгөрсөн онд зөвхөн Ази, Номхон далайн бүс нутагт 400 гаруй байгалийн гамшиг бүртгэгдсэн. Үүний цаана мөн бүртгэгдээгүй тохиолдол ч бий. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийг бууруулах чиглэлд манай улс хэрхэн ажиллаж, ямар бодлого баримталж байгаа талаар хуралдааны үеэр ярилцлаа. Ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа тулгуурласан эко зохистой хэрэглээг дэмжсэн ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөөс бий болсон бэлчээрийн доройтол, ган, зудаас хэрхэн сэргийлэх, мөн дэлхийн нийтийн анхаарлын төв болсон сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа талаараа мэдээлэл өглөө.
УИХ-аар Хог хаягдлын тухай хууль, Ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай хуулиуд батлагдсанаар байгалийн нөөцийг зохистой хэмжээнд хэрэглэх, энэ чиглэлд хийгдсэн хөрөнгө оруулалтыг дэмжих, цаашлаад гадаргын усаа хэмнэж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төсөл хөтөлбөрүүдэд гаднын тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа. Зөвхөн санхүүгийн дэмжлэг авахаас илүүтэй мэргэжлийн хүний нөөцийнхөө чадавхыг дээшлүүлэх зэрэг олон төсөлд хамрагдаж байгаа" гэв.
Дэлхийд уур амьсгалын өөрчлөлт хэт дулаарах, хүйтрэх зэргээр хэлбэлзэлтэй байна гэдгийг төлөөлөгчид хэлж байна. Цаашид ч дулаарал явагдахыг ихэнх судалгаа харуулж байгаа төдийгүй бүс нутаг, улс оронд харилцан адилгүй байгаа ч сөрөг нөлөө үзүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлт далайд гарцгүй орнуудын хувьд цөлжилт, газрын доройтол нэмэгдэх, хур тунадас багасах, цас мөс хайлах зэргээр явагдаж байгаа бол арлын жижиг улсуудад далайн түвшин нэмэгдэн, хуурай газрын хэмжээ багасаж байна.
Хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад эдийн засгийн болон байгалийн хүндрэл, үүрэх ачаа нэмэгдсээр байна. Дэлхийн дулаарлын улмаас арлын орнууд усанд живэх аюулд өртөөд байна. Үүнээс улбаалж дүрвэгсдийн тоо өсч байгаа тул хүлэмжийн хийг бууруулж, ногоон хөгжлийн бодлого болоод сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарч хамтран ажиллах шаардлага тулгарч байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндсөн юм.
Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы төгсгөлд Улаанбаатарын тунхаг бичгийг гаргана. Ингэснээр тус тунхаг бичигт тусгагдсан зорилтуудыг хуралдаанд оролцсон 19 улсын парламент хэрэгжүүлэх учиртай.