Дандар баатар насан өндөр болсон ч яг л цэргийн хүн шиг байсан

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Дандар баатар насан өндөр болсон ч яг л цэргийн хүн шиг байсан

Дандар баатар насан өндөр болсон ч яг л цэргийн хүн шиг байсан

Тэртээ 1939 оны Халхын голын дайнд түүхэн ялалт байгуулсан БНМАУ-ын Гарамгай баатар Лодонгийн Дандарын эрэлхэг гавьяа, амьдрал тэмцлийн түүхийг өгүүлсэн “Домогт баатар Дандар” номын нээлт өнөөдөр /2019.05.28/ Шангри-Ла центрт боллоо. Номын нээлтийн үеэр Л.Дандар баатрын хувцас, цэргийн хэрэглэлүүдийг олонд дэлгэн сонирхуулсан нь хүмүүсийн анхаарлыг татаж байв.

ӨВӨӨ МААНЬ ӨӨРИЙНХӨӨ ТУХАЙ НЭГ ИХ ЯРЬДАГГҮЙ БАЙСАН

“Дайн гэдэг хүсэх юм биш. Тулаад ирвэл зугтах зүйл биш” хэмээн хэлсэн үг бидний төсөөлж ч чадахгүй дайныг нүдээр үзэж, гар бие оролцож, гарамгай гавьяа байгуулсан өвөөгийн маань чин зүрхний үг юм даа гэдгийг одоо ч би бодож сууна.

Өвөө маань өөрийнхөө тухай нэг их ярьдаггүй байсан. Яагаад өөрийнхөө тухай ярьдаггүй байсныг бодохоор тэр их үхэл, амьдрал булаацалдсан тулаанд хүний мөн чанар тодоос тод илэрч, тухайн хүнийг чухам хэн бэ гэдгийг нүүрэндээ зүүсэн баггүйгээр гаргаж тавьдаг тул тэнд нүдээр үзсэн гамшиг зовлонг дахин дурсахаас халширдаг байсан болов уу гэж бодох болсон” хэмээн гарамгай баатар Л.Дандарын ууган хүү Д.Ганбаатарын бага охин Г.Гангамөрөн өвөөгийнхөө тухай дурсан номондоо бичсэн нь энэ.

ДАНДАР БААТАР НАСАН ӨНДӨР БОЛСОН Ч ЯГ Л ЦЭРГИЙН ХҮН ШИГ БАЙСАН

Мөн тэрбээр “Өвөөгийн зан төлвийг их сайн мэддэг хүн аав маань юм даа. Эхээс төрсөн цагаасаа аавыгаа насан эцэс болтол дэргэд нь байсан хүү нь болохоор тэр биз. Дандар баатар насан өндөр болсон ч яг л цэргийн хүн шиг байсан гэдэг. Ямар ч даргын өмнө номхон зогсоно. Ямар ч хүнийг ялгахгүй. Хүмүүс өмнө нь номхон зогсох өвгөн баатрыг хараад санаа нь зовж, дээшээ суухыг хүсэхэд зөвшөөрөхгүй яг л зогссон газраа номхон зогссоор байдаг байсан” тухай өгүүлжээ.

Энэ тухай дурсамжийг Л.Дандар баатрын ууган хүү, 74 настай Д.Ганбаатар гуай дурсан ярив. Тэрбээр “Аав маань 1914 онд төрсөн байдаг. 1923 онд хошуу, засаг захиргааны нэгж өөрчлөгдөж, одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сум, хуучин Сазан Бүрэгийн хошуу нэртэй байсан. Сазан Бүрэг гэдэг нь уулын хаан гэсэн утгатай үг л дээ. Аавын маань ахан дүүс уулзахаараа Сазан Бүрэгийнхэн гээд сүйд болцгоодог юм. Миний аав тэр үеийн л хүмүүстэй адил хүүхэд насаа өнгөрөөж, ЗХУ-д цэргийн мэргэжлээр суралцсан хүн. Зан төлөвийн хувьд ямар ч хүнтэй яриа дэлгэн ярилцана. Дарга ч бай, цэрэг ч бай ялгаагүй” гэдгийг хэлж байлаа.

ӨВӨӨГИЙНХӨӨ ХЭЛМЭГДЭЖ БАЙСАН ОН ЖИЛҮҮДИЙН ТУХАЙ НОМОНДОО ӨГҮҮЛСЭН

“Домогт баатар Л.Дандарын тухай мэдэхгүй хүн Монголд байхгүй биз. Миний бичсэн номонд өвөөгөө зөвхөн Халх голын баатар гэдгээр нь бус хэлмэгдэж байсан он жилүүддээ юу хийж байсан тухай өгүүлнэ. Мөн өвөөгөөсөө гадна таван үеэ болон тэр үеийн бүх сайхан дайчин баатруудаа энэ номондоо дурдсан. Өвөө маань 1914 оны тавдугаар сарын 28-нд төрсөн. Тэрээр 1939 оны тавдугаар сарын 28-нд Халх голын дайны шийдвэрлэх тулааныг хийж, хорооныхоо дайчин нөхдөө алдаж байсан. Тийм учраас өвөө маань энэ өдрийг сэтгэл зүрхэндээ үүрд хадгалан үлдсэн байдаг” хэмээн Л.Дандар баатрын ач охин Г.Гангамөрөн ярилаа.

Номын нээлтийн үеэр Л.Дандар баатрын хэрэглэж байсан хөөрөг, цүнх, ном, үзэг гэх мэт эд зүйлийг дэлгэн сонирхуулжээ. Тэр дундаа амьд сэрүүн байхдаа Булган аймгийн Бүрэг сумын музейд хадгалуулсан цэргийн иж бүрэн хувцас нь олны анхаарлыг татаж байсан юм.

Түүний үр хүүхдүүд, ач, зээ нар арга хэмжээнд оролцохоор цугларчээ. Домогт баатар Л.Дандар ах дүү гурвуулаа. Одоо ах, дүүсийн хүүхдүүд өнөр өтгөн болж, өвөөгийнхөө түүхээр бахархаж сууна. Үр хүүхдүүдээс нь ач хөвгүүд нь өвөөгийнхөө залуу үеийн зурагтай усны дусал мэт адилхан харагдав. Гарамгай Л.Дандар баатрын ач хүү Г.Ганхуяг энэ үеэр цэрэг хувцсаар гоёж ирсэн байлаа. “Би тав, зургаан нас хүртлээ өвөөтэйгөө цуг өссөн. Өвөөгөө их сайн мэднэ. Надад өвөө маань их олонтой хүн болоорой гэж захидаг байсан. Одоо үр хүүхдүүдээс нь цэргийн хүн болсон хүн байхгүй дээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж