66.2 сая малтай монголчууд сүүгээ дотоодоосоо хангаж чаддаггүй

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

66.2 сая малтай монголчууд сүүгээ дотоодоосоо хангаж чаддаггүй

66.2 сая малтай монголчууд сүүгээ дотоодоосоо хангаж чаддаггүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хүнсчдийн холбооноос хамтран зохион байгуулсан “Дэлхийн сүүний өдөр 2019” хэлэлцүүлэг өнөөдөр /2019.05.28 /боллоо. Дэлхийн сүүний өдрийг угтсан эл арга хэмжээнд Дотоодын сүүний үйлдвэрийн аж ахуй нэгж компаниуд болон Монгол Улсад сүүний салбар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллага зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцов. Тэд дотоодын сүүний хэрэгцээг хангах, бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд нийлүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцээд, цаашдын өнгө төрхөө тодорхойлсон юм.

Энэ үеэр дотоодын сүүний үйлдвэрийнхэн нэгэнтэйгээ өрсөлдөх биш, гаднын зах зээл дээр өрсөлдөх ёстойг онцлоод, цаашид фермерийн аж ахуйг хөгжүүлэх ёстой гэсэн нэгдсэн байр суурь илэрхийлэв. Сүүний салбарынхан нийт 66.2 сая толгой мал сүрэгтэй монголчууд дотоодын сүүний хэрэгцээгээ хангаж чадахгүй байна гэдгийг нуугаагүй. Энэ тухай "Сүү" ХХК-ийн технологич “Монголчууд сүүнийхээ хэрэглээг авч чадахгүй байна. Бэлчээрийн аж ахуйтай учраас өвлийн улиралд сүү татардаг. Фермерийн аж ахуйтай болсноор монгол хүний сүүний хэрэгцээг хангаж чадах байх. Ер нь эдийн засагтай л холбоотой. Дээрээс нь сүүгээ сааж чадахаа больсон байна” гэлээ.

Улсын хэмжээнд 200 гаруй сүүний үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг ч түүхий сүүний нийлүүлэлт том бэрхшээл болжээ. Учир нь манай улс бэлчээрийн аж ахуйтай тул өвлийн улиралд малчид сүүгээ саах боломжтой тул эрэлт ховорддог. Тиймээс импортоор сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангах асуудал гардаг байна. Цаашид фермерийн аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатайг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэлж байв. Мөн дотоодынхоо сүүний хэрэгцээг бүрэн хангахад төрөөс бодлогоор зохицуулах шаардлагатай гэв.

-МАЛ НЬ ӨӨРӨӨ СҮҮГЭЭ ТЭЭГЭЭД ИРДЭГ БАЙХАД СҮҮГЭЭ СААЖ ЧАДАХГҮЙ БАЙНА- 

УИХ-ын гишүүн Д.ТЭРБИШДАГВА:

-НҮБ-аас 2001 оноос “Дэлхийн сүүний өдөр”-ийг тэмдэглэх болсон. Манай улс дөрвөн жилийн өмнөөс энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн юм. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн анх сүү хэрэглэсэн улс манай монголчууд ч байж магадгүй. Манай улс сүүний өвөрмөц хэрэглээтэй орон л доо. Ялангуяа зуны улиралд сүү цагаан идээгээ илүүтэй хэрэглэдэг. Бид өнөөдөр 66 сая малтайгаас 30 сая нь хээлтүүлэгч. Өнөөдөр сүүн бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргана гэхээс илүү дотоодынхоо хэрэгцээг хангаж ажиллах, бодлого баримтлах ёстой.

Бид 66 сая толгой малаас 5 сая үхрийн 60 хувь, ямааны 3 хувийг л сааж байна. Мал нь өөрөө сүүгээ тээгээд ирдэг улс шүү дээ. Гэтэл сүүгээ сааж чадахгүй байна. Үйлдвэрлэлийн аргаар сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах хэрэгтэй. Нийт суурилагдсан сүүний үйлдвэрийн 10 гаруй хувийг л ашиглаж байна. Хүчин чадал, тоног төхөөрөмж нь байгаа ч сүүгээ хүргэж чадахгүй байгаа юм. Үүнийг төрийн бодлогоор шийдэх хэрэгтэй. Уг нь гуравхан сая хүн амтай монголчуудын сүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой.

Статистик үзүүлэлтээр монгол хүн сүүнийхээ хэрэгцээг авч чадаж байна. Тодруулбал, 950 сая тонн сүүний боломж байна гэж байгаа ч малын дэлэнд буйг үзэж байгаа юм. Энэ бол дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна экспортод гаргах хангалттай хэмжээ. Гэтэл өвлийн улиралд ямар байдгийг та бүхэн мэдэж байгаа. Ажлын байр л бий болгох хэрэгтэй” гэлээ.

Хүн өдөрт 200 грамм сүү ууснаар биед нэн шаардлагатай нэг өдрийн амин дэмүүд болох кальци, витамин D, уураг, фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудаа олж авдаг тухай эрдэмтдийн судалгий бий. Мал сүргийн тоогоор нь авч үзвэл энэ хэрэглээг хангах бүрэн боломжтой ч монголчууд сүүнийхээ хэрэглээг авч чадахгүй байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, тухайлбал АНУ-д иргэд нь насны ангиллаараа сүүг өдөр бүр тогтмол хэрэглэдэг байна. Энэ жишгээр тооцож үзвэл манай орны хувьд нийт сүүний хэрэглээ 204,4 сая литр байх ёстой. Нэг хүнд өдрийн 10.5 литр сүү ногдож буй гэсэн тооцоог гаргажээ. Гэсэн ч энэ хэрэглээг өнөөдөр хангаж чадахгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж