"Шинэ МАНАН төрлөө, 2020 онд ч сонгууль явуулахаа больё"

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

"Шинэ МАНАН төрлөө, 2020 онд ч сонгууль явуулахаа больё"

"Шинэ МАНАН төрлөө, 2020 онд ч сонгууль явуулахаа больё"

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг товлон зарлахдаа Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.

МАХН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ТУЛГА:

-Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгууль болно гэж удаа дараа зарлаж, намуудыг бүртгэдэг, ажил болдог. Гэтэл эргээд Үндсэн хуулийн Цэцээр /ҮХЦ/ дамжуулж нөхөн сонгуулийг зогсоодог байдал өнөөдөр хэрээс хэтэрлээ. Нэг удаагийн сонгууль явуулж чадахгүй байгаа УИХ-д ямар дүгнэлт хийх вэ. Энэ УИХ ажлаа хийж чадахгүй байна. ҮХЦ гэдэг байгууллага үндсэндээ байхгүй болсон юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Нэг хүнд зориулж Эрүүгийн хуулийг хүртэл өөрчилдөг шигээ Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг нэг нам, нэг нэр дэвшигчээс айж болиулж байгаа нь Хэнтийн аймгийн иргэдийн цаашлаад монголчуудын сонгох эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа үйл явдал боллоо.

МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР:

-ҮХЦ-ээс ийм хууль бус шийдвэр гарч магадгүй гэж харж байлаа. Гэхдээ ҮХЦ хуулиа дээдлэх байх гэж харсан. МАН тодорхой хүмүүст даалгавар өгч, ҮХЦ-ээс ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны өдөр авсан. Би амьдралдаа янз бүрийн зүйл үзсэн учраас энэ асуудалд даалгавраар хөдөлнө гэж харж байсан. ҮХЦ жүжиг тоглолоо. ҮХЦ онолын шүүх боллоо. Германы Үндсэн хуулийн цэц онолын шүүх байдаг. Ард түмэн төр засгаа эмхлэн байгуулахын төлөө сонгох эрхтэй. Сонгох эрхэд нь хэн, ямар ч шалтгаанаар саад хийж болохгүй. Онолоороо явбал ард түмний сонгох эрх байдаг. Гэтэл ард түмний сонгох эрхэнд халдлаа. Өмнө нь нэг хүний сонгогдох эрхийг 14750 хүний сонгох эрхээр устгасан. Онолын шүүх мөн бол сонгох эрхийг нэгдүгээрт тавих ёстой. Манай Үндсэн хууль өнөөдөр дампуурсныг ҮХЦ зарлалаа. Тийм учраас бид шинэ дээд Үндсэн хууль яриад хоёр жил болж байна. Ард түмэн анхдагч. Залуусыг үнэ төлбөргүй сургана, боловсрол эзэмшүүлнэ, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийг орон сууцаар хангана. Шүүхийг ард түмэн томилно. Хүний эрх, сонгогч номер нэг байх ёстой. Төр засгийн эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Байгалийн баялаг ард түмний өмч гэж бид яриад байгаагийн учрыг олон нийт ойлгож байгаа байх.

МАНАН-гийн дарангуйлал ингээд тогтлоо. Сонгууль явуулахгүй маягаар сонгуульд өрсөлдөх бололцоог хааж байна. ҮХЦ-ийн шийдвэрийн цаад утга нь МАН, АН-ыг л байлгах. Хэрвээ төсвийн мөнгөөр сонгууль явуулж болохгүй бол 2020 онд ч сонгууль явуулахаа больё. МАН, АН хоёр эрх дархаа тогтоож байгааг монголчууд эсэргүүцэх цаг нь болсон. Монгол Улс өнөөдөр дарангуйллын тогтолцоо руу, хариуцлагагүй төр рүү буцаж орлоо. Төрийн эрхийг хууль бусаар авдаг төр өнөөдөр улам баталгаажлаа. Үүн дунд нь өөр салхи оруулж, нэг ч гэсэн өөр намын хүн оруулъя гэсэн Хэнтийн сонгогчдод үгүй гэлээ. Дарангуйллын тогтолцооны тоглолтыг ҮХЦ өчигдөр ичих ч үгүй хийлээ. Хүчирхийлэл үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан бол одоо ард түмнийг хүчиндэж байна. Ард түмний саналаа өгөх эрхийг боож байгаа нь хүчирхийллийн дээд зэрэг. Шударга бусын хонгил хэвээрээ байна. Харамсалтай нь, шинэ МАНАН төрлөө. Үүнийг засаж залруулж, татан буулгахын төлөө бид тэмцэнэ, биднийг дэмжээрэй” гэсэн юм.

ЦЭЦИЙН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРИЙН ТАЛААР СУДЛААЧ, ДОКТОР Н.МӨНХСАЙХАН:

ҮХЦ бол онолын шүүх гэсэн хэллэгийг өчигдөр ҮХЦ-ийн дарга гаргалаа. ҮХЦ бол Үндсэн хуулийн баталгаа. Гэтэл хэдэн эрхзүйч нараар гомдол гаргуулаад, танин мэдэхүйн асуулт асууж, дөрвөн цаг хуралдаж, хуулийг гуйвуулсан асуудал боллоо. Би судлаач хүний хувьд дөрвөн цаг хуралдаанд нь сууж, бүгдийг анхааралтай ажигласан. ҮХЦ иргэдэд зөв шийдвэр гаргаж байгаагаа харуулахыг хичээсэн. Хэнтийн ард түмэн төлөөлөлтэй байх албагүй, УИХ 75 гишүүнтэй байхад хангалттай гэсэн яриа гаргалаа. ҮХЦ өргөдөл мэдээллийн дагуу зөвхөн маргаан үүсгэдэг. Маргаан үүсгэхийн тулд УИХ-ын гишүүн байсан Г гэдэг хүнийг үндэслэлгүйгээр УИХ-ын гишүүнээс нь чөлөөлчихлөө гэдэг маргаан үүсгээд, улмаар хэлэлцүүлгийн шатанд тэр нь Үндсэн хуулийн харьяаллын бус асуудал болмогц өргөдөл мэдээлэлд дурдагдаж байгаа асуудлаар дүгнэлт гаргаад, зохион байгуулагдах гэж байсан сонгуулийг зогсоочихлоо. Сонгууль болоод эхэлчихсэн. Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааг хөндлөнгийн хэн ч хааж болохгүй гэсэн хуулийн заалт бий. Гэтэл үүнийг ҮХЦ зөрчиж зогсоочихлоо. Хоёр удаа улс төрийн намууд хөрөнгөө гаргаж бэлдлээ, нэр дэвшигчдээ тодруулж, ард түмэнтэйгээ уулзаж санаа бодлыг нь сонслоо. Гэтэл дундаас нь зогсоох гэж ҮХЦ-д гомдол гаргасан. Иргэн Г нь хэрэгт холбогдсон учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нь ҮХЦ-ийн маргаан биш гэдгийг хуульчид ч маргалдангуут өөрчилж, УИХ төсвийн хуулийг зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг ҮХЦ гаргалаа. ҮХЦ өөрийн харьяаллын бус асуудлаар маргааныг шийдвэрлэхээс татгалзана гэсэн заалт бий. Төсвийн хуулийг зөрчсөн асуудал Үндсэн хуулийн маргаан биш. Төсвийн хууль зөрчсөн талаар өргөдөл, маргаан гараагүй байсан атал ийм шийдвэр гаргасан нь ҮХЦ-ийн шийдвэр нь Үндсэн хууль болон ҮХЦ-ийн тухай хууль түүний үг, үсэг, утга санаанд бүрэн нийцсэн тохиолдолд хууль ёсны болно. Эс нийцвэл хууль ёсны бус гэж хуульдаа заачихсан. Хууль зөрчсөн шийдвэрээ ҮХЦ засах ёстой. ҮХЦ нөхөн сонгуулийг хууль бусаар зогсоолоо.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ МАХН-ЫН ДАРГА С.ОНОНБАЯР:

-МАН-ын захиалгаар ҮХЦ ээлжит жүжгээ тоглолоо. Энэ сонгуулийг хийх хүсэлгүй байна. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас айж байна. 2018 онд 4000 орчим иргэний төлөөлөл Хэнтийн аймгийн нөхөн сонгуулийг болгож өгөөч гэж шаардлага тавьсаар байхад авч хэлэлцдэггүй. Хэнтий аймгийн иргэдийн сонгох эрхийг эдлүүлэхгүй байна. МАН ҮХЦ-тэй хуйвалдаад, иргэдийн сонгох эрхийг зөрчиж байна. Иргэдийнхээ сонгох эрхийн төлөө бид тэмцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж