Дэлхийд алдартай TikTok видео үйлчилгээг нэвтрүүлэгч, Хятадын "ByteDance" хэмээх компани ухаалаг гар утас зохион бүтээх шийдэлд хүрсэн тухай "Financial Times" мэдээлж байна. Тус компани ухаалаг гар утсандаа TikTok видео үйлчилгээгээ урьдчилан суулгаснаар борлуулалт нь нэмэгдэнэ гэж үзэж байгаа ч шинжээчид үүнд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
"ByteDance" компани нь 72 тэрбум ам.доллараар үнэлэгддэг бөгөөд дэлхийн хамгийн амжилттай яваа стартап бизнесийн нэгээр нэрлэгджээ. Үүний зэрэгцээ тус компани нь гаднын улс, тэр дундаа Энэтхэг, АНУ-д Хятадын бусад IT компаниас илүү нэр хүндтэй бөгөөд олон хэрэглэгчтэй аж. Гуравдугаар сарын байдлаар TikTok үйлчилгээг нэг тэрбум хүн татаж авсан байна.
Шинжээчид "ByteDance" компанийн TikTok үйлчилгээнд суурилсан ухаалаг утас нь амжилт олох эсэхэд эргэлзэж байгаа ажээ. Учир нь, Amazon, Facebook зэрэг компаниуд ч энэ төрлийн төсөл хэрэгжүүлсэн ч амжилт олоогүй байна. Үүнээс гадна нийтэд зориулсан ухаалаг утасны зах зээлд "ByteDance" компанийн хувьд орон зай байхгүй, тус компани нь энэ чиглэлд туршлагагүй гэж шинжээчид үзэж байгаа юм.
Мөн БНХАУ болон АНУ хоорондох худалдааны дайн хурцдаж, дэлхийн ухаалаг утасны үйлдвэрлэлийн томоохон компани болох "Huawei" түүнд өртөж, "Google" тус компанид үзүүлж буй үйлчилгээгээ хаагаад байгаа билээ. Үүний зэрэгцээ АНУ "ByteDance" компанийг хүүхдүүдийн хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан хэрэгт сэжиглэж байна хэмээн "Financial Times"-т нийтлэгдсэн нийтлэлд дурджээ.
А.АНИР
Эх сурвалж: Financial Times