Орхон аймгийн гурван сумын 12 мянга гаруй иргэний төлөөлөл өнөөдөр /2019.05.28/ "Монгол ньюс" мэдээллийн төвд “Эрдэнэт үйлдвэр"-ийн цагаан шорооны аюулын талаар мэдээлэл хийлээ. Цагаан шорооны голомтод амьдарч буй иргэд нэгдэн “Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн байгуулж, уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдгээ хурлын эхэнд танилцууллаа.
“Эрдэнэт үйлдвэр"-ийн хаягдлын сангийн аж ахуйгаас үүссэн хиймэл нуурын гадаргад элс шиг ширхэгтэй цагаан тоос үүсээд, олон жил болжээ. Энэ цагаан тоос нь зөвхөн хаврын улиралд босдог байсан бол сүүлийн жилүүдэд жилийн дөрвөн улирлын турш тоосжилттой орчинд амьдарч байгаа тухай иргэдийн төлөөлөл ярилаа.
-ЦАГААН ШОРООНЫ ГОЛОМТОД 12 МЯНГА ГАРУЙ ИРГЭН АМЬДАРЧ БАЙНА-
“Эрдэнэт үйлдвэр"-ийн мэргэжилтнүүд судалгаа хийж, голомтод амьдарч буй 12 мянга гаруй иргэнд хор хөнөөл учруулж байна гэж танилцуулсан байдаг. Иргэд энэ асуудлаар олон ч удаа өргөдөл гомдол өгсөн боловч тодорхой хугацааны дараа намжаад, зарим тохиолдолд улстөржүүлээд дуусдаг байсан. Нутгийн иргэдийн хувьд цаашид ийм аюултай орчинд амьдрах боломжгүй болж, хүнд нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс цагаан шорооны аюултай нөхцөлд амьдарч буй иргэдийн төлөөлөл нэгдэн хөдөлгөөн байгууллаа.
Хөдөлгөөнд маань Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг, Жаргалант сум, Баянцагаан багийн вокзал хэсэгт амьдардаг иргэд нэгдсэн. Бидний эрүүл мэнд, аюулгүй байдал, орчинд хэн ч санаа тавьж, анхаарахгүй 20 гаруй жил болсон учраас иргэд өөрсдийн эрх ашгийн төлөө нэгдэн, тэмцэнэ” гэдгийг “Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ий зохицуулагч З.Очирдорж хэлсэн юм.
Тус хөдөлгөөний зүгээс тавдугаар сарын 1-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагад гурван хуудас шаардах бичиг хүргүүлжээ. Энэ шаардах бичигтээ цагаан шорооны голомтод амьдарч буй иргэдийг тогтмол эмнэлгийн нарийн үзлэг, оношилгоонд хамруулж, эрүүл мэндээрээ хохирсон иргэн бүрт нэг удаагийн гурван сая төгрөгийн нөхөн олговор болон сар бүр 200 мянган төгрөг өгч байхыг тусгажээ. Мөн цагаан шороог дарах, арилгах ажилд нутгийн иргэдийн төлөөллийг оруулж, хянах хэрэгтэй гэдэг шаардлага тавьсан гэв.
-ЭХИЙН ХЭВЛИЙ ДЭХ УРАГ ШОХОЙЖСОН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРСАН-
“Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ий гишүүн Ү.Эрдэнэбат “Миний хувьд Орхон аймгийн Баянцагаан багийн иргэдийг төлөөлж байна. "Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ий манай хөдөлгөөн байгуулагдсан даруйдаа ард иргэдийнхээ санал бодлыг сонсож, судалгаа хийсний үр дүнд шаардах бичгээ хүргүүлсэн. Манай нутгийн иргэд 20 гаруй жил цагаан тоосон дунд амьдарч байна.
Сүүлийн гурван жил энэ асуудал улам хурцаар тавигдаж, иргэдийн дунд өвчлөл маш их болж байна. Одоогийн байдлаар уушги нь шохойжсон гурав, зүрх судасны өвчлөлөөөр бие нь хүнд байгаа 4-5 хүн, эхийн хэвлий дэх ураг шохойжсон хоёр тохиолдол гарсан. Мөн харшилгүй иргэн гэж байхгүй. Ханиалга, харшлын өвчлөл дийлдэхээ байлаа” гэв.
А.СҮРЭН