Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгтэй хамтран 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Бээжин хотноо зохион байгуулав.
Арга хэмжээнд Хятадын Ардын Улс Төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны дэд дарга Сү Хуй, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн дэд дарга Ху Сы-шө, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Боловсролын яам, Батлан хамгаалахын яам зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөгчид, БНХАУ-д үйл ажиллагаа эрхэлж буй Монголын аж ахуйн нэгж, соёл урлагийн салбарын 130 гаруй төлөөлөгчид оролцов.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсаны 25 жилийн ойд зориулж БНХАУ-ын ГХЯ-ны Тамгын газрын захирал Хань Жичян Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн антХанилгээлтийг, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас ирүүлсэн илгээлтийг тус тус уншиж танилцуулав.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илгээлтэндээ , Монгол Улс БНХАУ-тай 1949 онд дипломат харилцаа тогтоон эрх тэгш харилцаж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд хоёр талын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, “бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд үлгэр жишээ” харилцаа болон гүнзгийрэн хөгжиж буйг онцолж, талуудын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь “хөгжлийн төлөөх харилцан ашигтай, түншлэлийн харилцаа”-ны үзэл санааны дагуу өнөөгийн хүрсэн амжилтыг улам бататган, ард түмнүүдийн найрамдал нөхөрлөл, итгэлцэл ойлголцол улам бэхжихийн ерөөлийг дэвшүүлэв.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И илгээлтэнд БНХАУ, Монгол Улс уул, усаар холбогдсон найрсаг харилцаатай сайн хөрш орнууд. Сүүлийн жилүүдэд хоёр талын хүчин чармайлтаар хоёр орны харилцаа хөгжлийн хурдацтай үед орж, дээд түвшний харилцан айлчлал, солилцоо нягт байж, харилцан ашигтай хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, иргэд хоорондын солилцоо тогтмолжиж байна. Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ эхлэл, чухал боломжууд бүрдэж байгааг тэмдэглэж, монголын талтай хамтран хөгжлийн боломжийг ашиглан өнөөгийн хүрсэн ололт амжилтын үндсэн дээр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ нөхцөл байдалд тулгуурлан бодит хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд бэлэн буйг илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд нар Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний үзэл санааны дагуу хоёр орны харилцаа гүнзгийрэн хөгжиж, өнгөрсөн 25 жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтыг бататгаж, талуудын хамтын ажиллагаа, харилцааг шинэ шатанд гаргахад нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна.
Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ХАУТЗЗ-ийн Үндэсний хорооны дэд дарга Сү Хуй-тай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Холбоотой мэдээ