Дональд Трампын сүмо, гольф, сельфитэй Япон дахь айлчлал

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Дональд Трампын сүмо, гольф, сельфитэй Япон дахь айлчлал

Дональд Трампын сүмо, гольф, сельфитэй Япон дахь айлчлал

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Түүний айлчлал өнөөдөр /2019.05.28/ өндөрлөнө. Тэрбээр бямба гаригт /2019.05.25/ тэргүүн хатагтайн хамтаар Япон улсад хүрэлцэн очсон. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын удирдагчид Иран, Хойд Солонгосын асуудлаас эхлээд маш өргөн цар хүрээтэй яриа хэлэлцээнүүд хийж, хамт гольф тоглон, Японы уламжлалт сүмо бөхийн тэмцээн үзэж сонирхон, сэлфи хийж, өндөр зэрэглэлийн биш энгийн зоогийн газарт японы уламжлалт хоол зооглон их л дотно байгаа нь харагдав. Мөн Япон улс шинэ эзэн хаанаа залаад удаагүй. Дональд Трампын хувьд эзэн хаан Нарухитод бараалхаж буй анхны гадаадын төрийн тэргүүн болов.

-ГОЛЬФ БА ДОТНО СЕЛЬФИ-

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Токио хотоос зүүн зүгт оршдог Тиба мужийн “Mobara Country Club”-ын талбайд хамтдаа гольф тогложээ. Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, тэд Японы гольфчин, өдгөө 76 настай Ишао Аокиг хүндэт зочны хувиар урьсан байна. Ишао Аоки бол гольфын спортоор өндөр амжилт үзүүлсэн Японы алдартай тамирчин юм. Тэрбээр 1985 онд гольфын аварга шалгаруулах Америкийн нээлттэй тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлсэн байна. 2004 онд дэлхийн гольфын алдрын танхимд багтжээ. 2017 онд Трампыг Японд айлчлах үеэр Аокиг мөн оройн зоогт урьж байв.

Хоёр орны удирдагчид хотын гаднах гольфын клубт нисдэг тэргээр ирсэн байна. Гольф тоглохынхоо өмнө тэд хамтдаа өглөөний цай уужээ. Абэ, Трамп хоёр гольфын хорхойтнууд бөгөөд тэд тав дахь удаагаа хамт тоглож байгаа юм. Японы Ерөнхий сайд 2016 оны 11 дүгээр сарын 18-нд Нью-Йорк хотод Трамптай уулзах үеэрээ түүнд гольфын цохиур бэлэглэж байжээ. Хариуд нь тэрбээр гольфын хэрэгслүүдийг бэлгэнд авч байв.

-НАЦҮ БАШЁ ҮЗЭЖ, ТҮРҮҮ БӨХӨД ӨӨРИЙН НЭРЭМЖИТ ЦОМЫГ ГАРДУУЛАВ-

Удирдагчид тэргүүн хатагтай нарын хамтаар ням гаригийн орой /2019.05.26/ мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааныг маш өндөр хамгаалалт дор үзэн сонирхож, Дональд Трамп түрүү бөхөд дурсгалын цомоо гардуулсан байна.

Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болсон Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва эриний анхны башёгийн 15 дахь өдрийн барилдаанд Асанояма 12 даваа, гурван унаатай түрүүлж, уламжлал ёсоор Японы эзэн хааны цом болон АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардан авсан юм. Маэгэширагийн наймаас эрэмбэлэгдсэн Асанояма  нь өдгөө 25 настай залуу сумоч бөгөөд өөрийн мужаасаа маш олон жилийн дараа, Такасаго дэвжээнээс Асашёрюү аваргаас хойш есөн жилийн дараа макүүчид түрүүлсэн бөх боллоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Сүмогийн ордонд хүчит тамирчдын барилдааныг үзэх үнэхээр таатай байлаа. Мэргэжлийн сүмо бөхийн тэмцээнд гаргасан гайхалтай амжилтыг тань үнэлж, энэхүү цомыг гардуулан өгч байна” хэмээгээд 1,37 метр өндөр 30 орчим килограмм жинтэй мөнгөн цомыг Асаноямад гардуулан өгчээ. Түрүү бөх Асанояма “Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Дональд Трампыг сүмогийн ордонд морилохын өмнө тус ордныг маш өндөр хамгаалалтад авч, бүх зүйлийг сайтар бэлтгэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн суух хэсэг, ордны автомат машин, тээш хадгалах хайрцаг гээд бүгдийг битүүмжилж, метал илрүүлэгч байрлуулжээ. Дэвжээний ойролцоо суух хүн нэг бүрийн мэдээллийг бүртгэн ордны суудлын 1/8-г хамгаалалтынхан эзлэн суув. Дональд Трамп хотын төвд “Marine One” нисдэг тэргээр ирсэн гэнэ. Хамгаалалтад нийт 25 мянган хүн гарсан бөгөөд урьд шөнө нь ордныг бүтэн шалгасан байна.

-ЯПОНЫ ШИНЭ ЭЗЭН ХААН НАРУХИТОД БАРААЛХАВ-

Японд дөрвөн өдрийн төрийн айлчлал хийж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гаригийн өглөө тавдугаар сарын 1-ний өдөр хаан ширээнд заларсан эзэн хаан Нарухитод бараалхаж, түүнтэй уулзсан анхны гадаадын төрийн тэргүүн болов.

АНУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарыг 59 настай Японы эзэн хаан Нарухито хатан Масакогийн хамт ордныхоо үүдэнд угтаж авсан юм. Өмнөх эзэн хаан Акихитотой уулзахдаа толгой бөхийгөөгүй хэмээн шүүмжлүүлж байсан Трамп энэ удаа машинаасаа буусны дараа үл ялиг мэхийн залуу хаанд хүндэтгэл үзүүлжээ. Уулзалтын үеэр эзэн хаан Нарухито зочиндоо уламжлалт вааран эдлэл бэлэглэсэн бол Трамп америк урчуудын бүтээсэн хийл хөгжмийг хариу бэлэглэсэн байна.

-ИРАН, ХОЙД СОЛОНГОСЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ-

Даваа гаригийн үдээс хойш Дональд Трамп Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй  Хойд Солонгос, Ираны асуудал, хоёр орны худалдааны алдагдлыг бууруулах зэрэг маш өргөн цар хүрээтэй яриа хэлэлцээ хийв. Абэ Шинзо шинэ эринд хоёр улсын харилцаа улам хүчирхэгцин өргөжиж, шинэ түвшинд хүрнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн. Уулзалтын үеэр Трамп хоёр орны гадаад худалдаан дахь 60 тэрбум ам.долларын алдагдлаа бууруулах шийдэлд хүрэхгүй бол Японы автомашины эд ангийн импортод өндөр татвар онооно гэж мэдэгджээ.

АНУ болон Хойд Солонгосын харилцаа хоёрдугаар сараас хойш тийм ч таатай бус байгаа ч Д.Трамп энэ чиглэлд ахиц дэвшил гарсаар буйг тэмдэглээд, түүнийг албан тушаалаа хашиж эхэлснээс хойш нөхцөл байдал сайжирсныг онцолжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай урьдчилсан нөхцөлгүйгээр хоёр талт уулзалт хийхэд бэлэн байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ илэрхийлээд, тус улсад хулгайлагдсан Японы иргэдийг эх оронд нь буцаан авчрахад Дональд Трампыг тусална гэж найдаж буйгаа мөн хэлсэн байна. Японы 13 иргэнийг хулгайлж, тэдний тавыг нь нутаг буцаасан гэдгээ БНАСАУ-ын эрх баригчид 2002 онд хүлээн зөвшөөрчээ. Үлдсэн иргэдийг амь үрэгдсэн хэмээн мэдэгдэж байсан хэдий ч хулгайлагдсан иргэд одоог хүртэл БНАСАУ-д байрлаж байгаа гэдэгт Японы эрх баригчид итгэлтэй байгаа юм. Энэ асуудал нь дипломат харилцаагүй хоёр улсын яриа хэлэлцээнд саад бэрхшээл учруулдаг билээ.

АНУ, Ираны хооронд хурцадмал байдал өсөн нэмэгдэж буй үед энэхүү айлчлал болж байна. Япон улс Ирантай найрсаг харилцаатай хэвээр, Абэ Шинзо удахгүй тус улсад айлчлахаар төлөвлөж байна. Иран хэлэлцээ хийхийг хүсэх төлөвтэй байгаа хэмээн Трамп үзэж буй бөгөөд яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн байгаа ажээ.

-ЭНГИЙН РЕСТОРАНД ОРОЙН ЗООГ БАРИВ-

Хоёр орны удирдагчид өндөр зэрэглэлийн тансаг ресторанд бус Токио хотын Роппонгид байрлах Инакаяа хэмээх япон хоолны энгийн нэгэн ресторанаар үйлчлүүлжээ. Тэдний зооглосон хоол нь цөцгийн тосонд шарсан төмсний хэрчмэл, тахиан махан шорлог, шарсан цэцэгт байцаа. Мөн уувангийн хачир бүхий Японы алдарт вагюу стэйк бөгөөд амттан нь ванилатай мөхөөлдөс байсан аж.

Оройн зоог 1 цаг 20 минут үргэлжилсэн бөгөөд өндөр дээд хэмжээний оройн зоог хэдий ч тус хоолны газар тусгай зочдоосоо гадна энгийн үйлчлүүлэгчдээ ч хүлээн авчээ. Доналд болон Меланья Трамп, АбэШинзо, Абэ Аки нарын хоолны тооцоо нэг хүний 150 мянган иен буюу нийт 600 гаруй мянган иен болсон байна. Энэ нь монгол мөнгөөр 15 сая орчим төгрөгтэй тэнцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж