Аварга цолтны хүндэтгэлийн барилдаанд Э.Оюунболд арслан түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Аварга цолтны хүндэтгэлийн барилдаанд Э.Оюунболд арслан түрүүлэв

Үндэсний спортын гавьяат тамирчин, ард олондоо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъянгийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойд зориулсан аварга цолтны хүндэтгэлийн барилдаан тавдугаар сарын 26-ны өдөр Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэв. Шөвгийн дөрөвт улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Д.Аззаяа нар үлджээ.

Ардын засгийн жилүүдэд монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ эр бяр, хүч чадлаа гайхуулж, домог болон мөнхөрсөн алдарт бөх Н.Жамъян нь Төрийн их баяр наадамд хоёр удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэн, нийтдээ 12 удаа шөвгөрсөн домогт аваргын нэг байжээ.

Монголын үндэсний бөхийн холбооноос “Буур” Н.Жамъяангийн нэрэмжит аварга цолны хүндэтгэлийн барилдааныг тогтмол зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү барилдааны үеэр Монгол Улсын аварга цолтой бүх бөхөд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Нацагийн Жамъян нь 1899 онд Архангай аймгийн Цахир сум /хуучнаар Сайн Ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу/-нд төржээ. Тэрээр 20 орчим насандаа тэмээгээр Алшаа руу жин тээж байх үед нь гүүрний мод цөмөрч, жингийн сүүлд явсан бууран тайлаг доош унах шахсан аж. Энэ үед Н.Жамъян аварга уг буурны бөгсөн талаас өргөн гаргаснаас хойш түүнийг “Буур” хэмээн нэрийддэг болсон түүхтэй.

Н.Жамъян агсны зээ хүү өдгөө “Алдар” спорт хорооны даргаар ажиллаж буй Гавьяат тамирчин, Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр билээ. Мөн Г.Өсөхбаярын дүү Г.Батбаяр нь улсын харцага цолтой бол түүний хүү мэргэжлийн сүмо бөхөд амжилттай барилдаж байна.

“Буур” Н.Жамъян аваргын амжилтууд:

1925 онд 9 давж үзүүрлэн, улсын арслан цол хүртэв.

1926 онд 10 давж түрүүлэн улсын аварга цолтой болов.

1927 онд мөн 10 давж түрүүлэхэд нь Даян аварга цол хүртээжээ.

1928 онд 7 давсан

1934 онд 7 давсан

1937 онд 6 давсан

1939 онд 5 давсан

1940 онд 7 давсан

1941 онд 7 давсан

1942 онд 7 давсан

1946 онд 5 давж шөвгөрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж