Лондоны саятны охин, 21 настай Изабелла Жеймс "бизнесийн сэтгэл судлал" мэргэжлээр магистрантурт суралцахын зэрэгцээ өөрийн биеэр бодит амьдралтай танилцжээ. Тэрбээр амьжиргааны эх үүсвэргүй ч амьдарч болдог гэдгийг мэдэж авчээ. Хэдийгээр баян хүний охин ч гэсэн тэрбээр өөрийгөө муу хүн гэж үздэггүй байна. Изабелла хүмүүс мөнгөгүй, гудамжинд амьдарч буй нь зөвхөн ажиллаж хөдөлмөрлөх чин хүсэлгүй, залхуу байдагтай нь холбоотой гэдэгт итгэлтэй байгаа аж.
Тиймээс саятны охин тэрбээр "Баячуудын хүүхдүүд гуйлгачин болов" шоунд оролцож, хэнд ч найдалгүй өөрөө өөрийгөө тэжээж болохыг харуулахаар шийджээ.
Шоуны эхний өдөр Изабеллагаас баримт бичиг, мөнгө, хувийн ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийг нь хураан авч, Лондоны хамгийн ядуу зүдүү хүмүүс амьдардаг гудамж руу илгээжээ.
Эхлээд бүсгүй лонх, шил цуглуулж, дэлгүүрт тушаахыг оролдсон байна. Энэ ажилд маш олон цаг, хүч зарцуулсны эцэст цөөн тооны пенни олох боломжтой байжээ. Изабелла бичиг баримтгүйн улмаас үйлчилгээний төвд угаагчаар ажилд орж чадаагүй аж. Эхний шөнөө тэрбээр картон цаасаар хийсэн “хөнжил”-д унтжээ.
Маргааш нь тэрбээр өөрийн эрхгүй цөхөрсөн байна. Урьд өмнө нь хэн нэгнээс юм гуйна гэдэг ичгүүртэй зүйл гэж үздэг байсан ч тэрбээр гуйлга гуйж, бага зэргийн мөнгөтэй болжээ. Улмаар гуйлгачин охинтой танилцаж, сайхь охин түүнд гудамжинд хэрхэн амьд үлдэх тухай ярьж өгсөн байна.
Гурав дахь өдрөө Изабелла бүсгүй орон гэргүй, ядуу тарчиг амьдралтай хүмүүсийн тухай бодлоо өөрчилжээ. Тэрбээр гуйлга гуйна гэж юу болох тухай, сүмд үнэ төлбөргүй хоол байдаг тухай, картон цаасан дээр унтдаг тухай мэдэж авсан байна.
Шоуны дараа Изабелла бүсгүй гэр оронгүй, ядуу хүмүүст туслах аргыг эрэлхийлж эхэлжээ. Тэрбээр засгийн газартаа хандан ядуу хүмүүст зориулан хууль тогтоомжоо зөөлрүүлэх хүсэлт гаргасан байна.
Изабелла бичиг баримтгүйгээр ямар ч ажилд орох боломжгүй тул ядууст бичиг баримт олгох шаардлагатайг онцолжээ.
Эх сурвалж: Anews
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ