Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн Токио хотод 15 хоногийн турш болж, сүүлийн өдрийн барилдааныг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үзэж сонирхсон билээ. Токио хотын сүмогийн ордонд зочилсон Д.Трампыг орж ирэх үед барилдааныг 10 минут хойшлуулж, үзэгчид шуугиж эхэлсэн юм.
Өнөө цагийн шилдэг бөхчүүдийн барилдааныг үзэж, түрүү бөх Асаноямад цом гардуулсан Трамп сүмог дэлхий дахинд сурталчлаад авлаа. Түүнийг сүмогийн ордонд байх үеэр телевизийн үзэгчийн тоо нэмэгдсэнээс гадна твиттер хуудастаа оруулсан бичлэгийг нь хэдэн сая хүн үзжээ.
Япон улсад хийж байгаа айлчлалаа гольф тоглож, сүмо үзэж эхлүүлсэн Д.Трамп болон түүний үзэсгэлэнт гэргий Меланья нарын айлчлал дэлхийн анхаарлын төвд байв.
Рэйва он тооллын анхны башёгийн гол үзэгч болсон Д.Трамп шинэ Эзэн хаан Нарухитотой уулзсан анхны гадаад Төрийн тэргүүн болсон. Мөн Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой Ням гаригт оройн зоог барихдаа япон энгийн хоолны газар сонгож хооллосон нь анхаарал татав. Токиогийн Роппонгид байрлах уг хоолны газар хүндэт зочдыг ирэхэд жирийн үйлчлүүлэгчээ авч байсан бөгөөд ямар нэгэн тусгай арга хэмжээ явуулаагүй байна. Мөн тэд өөртөө үйлчилцгээж, цаг орчим тус энгийн хоолны газар саатжээ.
Албан айлчлал гэхээсээ илүүтэй амралт маягаар Японд саатсан Д.Трамп сүмог санамсаргүйгээр дэлхий дахинд сурталчлаад авлаа.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ