МАН сонгуулийн тойргоо илүү жижигрүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

МАН сонгуулийн тойргоо илүү жижигрүүлэх үү?

МАН сонгуулийн тойргоо илүү жижигрүүлэх үү?

УИХ, Ерөнхийлөгч болон аймаг, нийслэлийн сонгуулийн хуулиудыг нэгтгэж УИХ 2015 онд Сонгуулийн нэгдсэн хуулийг баталсан. Өөрөөр хэлбэл, гурван сонгуулийн хуулийг нэгтгэж, 2016 оны парламент, 2017 оны Ерөнхийлөгч, аймаг, нийслэлийн сонгууль нэгдсэн хуулиар зохицуулагдсан. Тэгвэл МАН эрх барьснаас хойш сонгуулийн хуулиудыг салгаж, тус тусад нь явуулах шаардлагатай гэж ажлын хэсэг байгуулж, гурван хууль бэлтгээд буй. Одоогоор сонгуулийн хуулиудыг боловсруулж дууссан бөгөөд цөөн хэдэн асуудал дээр улс төрийн шийдэлд хүрч чадахгүй байгаа аж.

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь эрх барьж буй намд илүү ашигтайгаар шийдвэрлэх магадлал өндөр байдаг. Гэвч Ардчилсан намынхан “алдсан”. Энэ удаад 65-ын бүлэг сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оруулахаас тэдний 2020 оны сонгуулийн хувь заяа тодорхой болох юм. Сонгуулийн хуульд оруулах хамгийн чухал өөрчлөлт бол тойрог. 76 тойргоо хэрхэн хуваах, сонгуулийн ямар системийг сонгохоос маш олон зүйл шалтгаална. Үүнээс дараагийн парламентыг аль нам, хэн бүрдүүлэх вэ гэдэг дүр зураг гарч ирнэ. Тиймдээ ч эрх баригчдын зүгээс сонгуулийн хууль дээр эцсийн шийдвэрээ гаргаагүй, бас сонголтоо хийгээгүй байгаа аж.

Сонгуулийн хуульд сонгуулийн санал авах өдрөөс зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болох хуулийн заалттай.

Эрх баригчдын дунд сонгуулийг ямар системээр явуулах вэ гэсэн хэд хэдэн санал явж байгаа юм. Тодруулбал, одоогийн сонгогдсон буюу олонх нь анх удаа сонгогдсон гишүүдийн хувьд одоогийн системээрээ явах сонирхолтой байна. Мөн нэг хэсэг нь тойргоо илүү жижигсгэж, нэг мандаттай тойргуудын мандатыг нэмэх саналтай, харин МАН-ын ахмадууд болон ЖДҮ-чид гээд сонгогчдоос “зугтаагсад” 24/48 гэсэн холимог системийг сонгох саналтай, мөнгөтэй хэсэг нь тойргоо томсгох сонирхолтой байгаа аж. Гэхдээ том тойрог МАН-д бүхэлд нь биш цөөн тооны хүмүүст л ашигтай. Эдгээр хувилбарын аль аль нь МАН-д ашигтай ч ирэх сонгуульд МАН хэдэн суудал авах вэ гэдгийг шийдэх учраас эцсийн сонголт хийхэд хүндрэлтэй байгаа ажээ.

ХУВИЛБАР-1 МАЖОРИТАР систем

Эдгээр хувилбараас МАН хамгийн ашигтай нь тойргуудаа жижигсгэж, нэг мандаттай тойргуудын мандатын тоог нэмэх дээр олон хүн санал нэгдэж байгаа гэнэ. Тухайлбал, Булган, Дундговь, Говьсүмбэр зэрэг нэг мандаттай тойргуудын мандатыг хоёр болгож, харин хамгийн олон сонгогчидтой Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд мандатын тоог нэмэх боломжтой гэж үзэж байгаа аж. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хувьд хүн амын тоогоороо тэргүүлэгч бөгөөд өнгөрөгч сонгуулиар  таван нэр дэвшигч өрсөлдсөн бол тойргийг илүү жижиг болгож, зургаан нэр дэвшигч өрсөлдүүлэх боломжтой. Илүү цөөн хүрээг хамрах бөгөөд хамгийн олон хүний санал авсан нэр дэвшигч сонгогдох боломжтой болох юм.

  • Мажоритар гэдэг нь олонх гэсэн үг. Энэ системээр сонгогчид намуудыг бус тодорхой нэр дэвшигчийг сонгодог. Ийм системээр энгийн олонх буюу ердийн олонх /нэг ч болов санал илүү авсан бол/ санал авсан нэр дэвшигч суудал авдаг.
  • Холимог систем гэдэг нь пропорционал-мажоритар систем зэрэг ашиглахыг хэлнэ. Энэ нь зарим нэр дэвшигч намын жагсаалтаар зарим нь мажоритар системээр сонгогдохыг хэлнэ.

ХУВИЛБАР-2 ХОЛИМОГ систем

МАН-д гэхээс илүү улс төрийн намуудад хамгийн ашигтай хувилбар бол холимог систем. Намууд жагсаалт гаргаж, жагсаалтад нэг хэсэг нь багтаж, нөгөө хэсэг нь тойргоос өрсөлдөнө гэсэн үг. 2012 онд энэ хувилбараар сонгууль явуулж байсан бөгөөд АН, МАН, МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл гээд хамгийн олон намын төлөөлөлтэй байсан. Гэхдээ энэ хувилбар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас нааш дахин ашиглагдах боломжгүй. Харин энэ хувилбар одоогийн МАН-д ашиггүй хувилбарын нэг болов уу.

Бид парламентын сонгууль зохион байгуулснаас хойш  сонгуулийн бүхий л системийг туршиж үзсэн. 1992 оноос хойш нийтдээ долоон удаа УИХ-ын  сонгууль болж. Үүний нэгээс бусдыг мажоритар системээр явуулсан байх юм. Тодруулбал, 1992, 2008, 2012 оны сонгуулийг томсгосон буюу олон мандаттай 26 тойргоор, харин 1996, 2000, 2004 оны сонгуулийг 76 мандат бүхий 76 тойргоор зохион байгуулжээ. Мажоритар нь улс төрийн хоёр том хүчинд л ашиг тусаа өгөх систем. Тиймээс жижиг намууд хийгээд бие даагчдын хувьд шулуухан хэлэхэд, горьдлогогүй гэсэн үг. Жижиг тойргоор сонгууль явбал улсын бодлого гэхээс илүү орон нутгийн бодлого түлхүү яригдана, одоогийнх шиг улсын төсөв 76 тийш чангаагдана.

Жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. МАН ирэх 2020 оны сонгуулийн хувь заяаг өөрсөддөө зориулж, хуульд өөрчлөлт оруулахдаа аль хувилбарыг сонгох вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарлын сэдэв. Тэд сонгуулийн хуулиудаа салгаж, төслөө бэлэн болгосон. Харин хэзээ өргөн барьж, улс төрийн хэлэлцүүлэгт оруулж ирэх вэ гэдэг цаг хугацааны асуудал болоод буй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж