"Эко констракшн" хотынхныг үерээс хамгаалдаг далан руу халдав уу

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

"Эко констракшн" хотынхныг үерээс хамгаалдаг далан руу халдав уу

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дунд голын /Сэлбэ/ үерийн далан дотор “Эко констракшн" компани зөвшөөрөлгүй барилга барьж буйд иргэд бухимдалтай байна. Үерийн далан дотор “Эко констракшн" компани өнгөрсөн жилээс барилга барихаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа талаар оршин суугчид мэдээллээ. Үерийн даланд барилга барих асуудал өнгөрсөн жилээс хойш иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байгаа аж.

-УСНЫ ГОЛДИРОЛЫГ ӨӨРЧИЛЖ, ҮЕРИЙН ДАЛАН ДУНДУУР ШОРООН ЗАМ ГАРГАЖЭЭ-

Энэ талаар “Саруул” хотхоны оршин суугчдын төлөөлөл болох Ц.Ихбаяр “2019 оны тавдугаар сарын 26-ны өдөр “Саруул” хотхоны хойд талын үерийн даланд “Эко констракшн" барилга барих зориулалтаар үерийн даланг шороогоор таглаж зам тавиад, усны голдиролыг багасгаж байна. Манай энэ хавьд Баянмонгол, Олимп, Кристал гээд олон хотхон байдаг. Үерийн даланг шороогоор дараад ус урсах боломжийг хязгаарласнаар олон оршин суугчийн амь нас, эд хөрөнгөд эрсдэл учирч болзошгүй байна. Энэ газарт 2018 оны зунаас эхэлж үерийн даланг багасгаж, хашаа босгож, бетон блок, цутгаж байсан. Үүнийг тухайн үед Геодези, Усны барилга, байгууламжийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зогсоосон. Гэтэл 2019 онд дахиад барилгын ажлыг эхлүүлчихлээ. Одоогоор тус газарт усны голдиролыг өөрчилж, хоёр талаас нь шороогоор дараад, үерийн далан дундуур шороон зам гаргасан байдалтай гурав хонож байна. Оршин суугчдын зүгээс НМХГ, Нийслэл хотын захирагчийн албанд мэдэгдэхэд өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авсан зүйл алга. Энэ үйл ажиллагаа нь Барилга байгууламжийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, зэрэг олон хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг юм” гэлээ.

“ЭКО КОНСТРАКШН" СЭЛБЭ ГОЛЫН ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАНД ХУУЛЬ БУСААР БАРИЛГА БАРЬЖ БАЙСНЫГ ЗОГСООЛОО

Бид дээрх мэдээллийн дагуу үерийн далан дээр тавдугаар сарын 27-ны өдрийн 15.00 цагийн үед очлоо. Шороо манарч, үерийн ус тунасан далангийн хэсэгт барилгын ажил түр зогссон бололтой. Далан доторх барилгын ажлыг Геодези, Усны барилга, байгууламжийн газраас /ГУББГ/ өчигдөр /2019.05.27/ зогсоосон байв.

Уг барилгын ажил хэрхэн эхэлсэн талаар өгүүлье. 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр иргэн С.Нямдаваа буюу “Эко констракшн" компанийн захирал ГУББГ-т үерийн даланг өөрийн хөрөнгөөр ногоон байгууламжаар тохижуулж өгье хэмээн хамтарч ажиллах хүсэлт гаргажээ. Ажлын зургийг нь үзэхэд уг даланг дотогш нь нарийсгаж барихаар байсан учраас тус газраас зөвшөөрөөгүй аж.

2018 оны наймдугаар сард дахин барилгын ажлаа эхлүүлсэн байна. Тухайн үед ГУББГ-аас С.Нямдаваад гурван удаагийн албан шаардлага өгч ажлаа зогсоохыг шаардсан боловч ажлаа зогсоолгүй үргэлжлүүлсээр байжээ.

ГУББГ нь үерийн хамгаалалтын барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангаж хамгаалдаг, Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүрэгтэй мэргэжлийн байгууллага юм. Ийнхүү хууль журам зөрчөөд барилга бариад буй Дунд голын /Сэлбэ/ далан бол Улаанбаатар хотыг зүүн хойд хэсгийн үерийн уснаас хамгаалах зорилготой баригдаж, 2014 онд засвар шинэчлэлтийн ажил бүрэн хийгдсэн далан юм. Олон жилийн ус зүйн тооцоо судалгаа, инженерийн хийц зохиомжоор  нэг хувийн хангамшилтай буюу 100 жилд нэг тохиох үерийн гамшгаас хамгаалахаар хийгдсэн байгууламж нь энэ.

Уг далан 60 метр өргөнтэй бөгөөд С.Нямдаваа үерийн далангийн 40 метрийг нь барилга барих гэж буй газартаа оруулсан байна. Тэгэхээр давтамж нь ойртсоор байгаа 100 жилд нэг тохиох үерийн гамшгаас хамгаалах ямар ч чадваргүй болгож буй. Өөрөөр хэлбэл, даланд барилга баригдсанаар ихээхэн хүчтэй үер болоход хохирлын хэмжээг үнэлэхийн аргагүй байдалд хүргэнэ. Шуудхан хэлэхэд, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Баянмонгол хороолол, Саруул хорооллын оршин суугчид үерийн гамшигт амь нас, эд хөрөнгөөрөө шууд хохирох эрсдэлтэй юм.

-ХУУЛЬ БУСААР БАРИЛГА БАРЬСАН АСУУДАЛ БАЙХГҮЙ-

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс тус барилгын ажлыг хариуцсан мэргэжилтнээс тодруулсан юм.


-Энд үүсээд байгаа асуудлын талаар тодруулахгүй юу? Хэзээнээс барилгын ажил нь эхэлсэн бэ? Зөвшөөрөлтэй юү?

-Нийслэлийн Захирагчийн албатай бид гэрээтэй. Уг далангийн дотоод ажлыг иргэний хувийн хөрөнгөөр тохижуулж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх амралтын цогцолбор, ногоон байгууламж бий болгох зорилгоор бид Сэлбэ голын эргийг тохижуулж байна. Бүх зөвшөөрөл, зургийг Нийслэлийн захирагчийн албанаас гаргасан.

-Энд ногоон байгууламж баригдана гэсэн үг үү? Үүнийг барих зөвшөөрөл хаанаас, хэзээ батлагдав?

-Гэрээ нь энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан. Манай компанийг ирэх есдүгээр сарын 15-ны дотор ажлаа дуусгаж өгөөрэй гэсэн гэрээтэй байгаа юм. Уг нь 2020 он хүртэл тохижилтын ажлыг хийе гэсэн боловч энэ жилдээ багтааж дуусга гэсэн үүргийг нийслэлийн захиргаанаас өгсөн, бид түүний дагуу хийж байна. Иргэдийн ярьсанчлан хууль бусаар барилга барьсан зүйл байхгүй.

-Нийт хэчнээн талбайг хамарч тохижуулалт хийх вэ?

-Манайх хувь хүний хөрөнгөөр тохижуулж байгаа. Мянга гаруй метр квадрат талбай бий. Бид энд зөвхөн голын эрэг дагуу амралт зугаалгын орчныг бүрдүүлнэ. Иргэдийн дунд үерийн далан дотор барилга барьж баригдаж байгаа гэсэн асуудлыг ярьдаг. Гэтэл энэ чинь бүх гэрээ, зураг нь нийслэлээс баталчихсан албан ёсны зөвшөөрөлтэй. Тэр бүхнийг та бүхэнд харуулж болно.

-Хэчнээн сая төгрөгөөр даланг тохижуулах юм бол?

-Таван зуун сая төгрөгөөр босгож буй. Бид Нийслэлийн захирагчийн алба, Нийслэлийн хөрөнгө оруулалтын хяналтын газартай гэрээтэй. Үүнд хотын дарга үүрэг өгсөн. Энд янз бүрийн барилгын ажил явагдаагүй. Үндсэндээ явган хүний, дугуйн зам гээд бүтээн байгуулалт хийгдэнэ. Уг ногоон байгууламжийн гүйцэтгэгчээр “АСАБ” компани ажиллаж байна.

“Эко констракшн” ХХК нь барилгын салбарын хамгийн муу компани гэдгийг дээр доргүй мэддэг ч хэн ч хариуцлага тооцдоггүй нь сонирхолтой. Барилгын салбар бол иргэдийн тав тух, аюулгүй байдал, амь насыг хариуцах учиртай чухал салбарт тооцогдоно. Хэдэн жилийн өмнө тэд "Тэнгис" кинотеатрын урд талын усан оргилуур байсан талбайд усан оргилуурыг шинэчлэн байгуулна гэсэн боловч өнөөдөр том оффисын барилга барьж, түрээслэгчдийг оруулж байна. Уг барилга баригдах явцдаа нэг хүний амь насанд хүрсэн гашуун түүхтэй билээ. Гэтэл тэд дахиад л нийтийн эзэмшлийн, Улаанбаатар хотын үеэр усны аюулыг хамгаалж байгаа газарт барилга барихаар улайрч эхэлсэн бололтой. Бид энэ асуудлаар эргэн мэдээлэх болно.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж