Бүртгэлгүй дугаарын ард: Залилан, луйвар, биеэ үнэлэлт

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

Бүртгэлгүй дугаарын ард: Залилан, луйвар, биеэ үнэлэлт

Бүртгэлгүй дугаарын ард: Залилан, луйвар, биеэ үнэлэлт
A group of people talking on the phone

“Дарга нарт сейфний утас байдаг шүү дээ, чи мэддэггүй юм уу” гэж Tedy төвд гар утас борлуулдаг хөрслөг бор залуу чанга инээж хэлэв. Үнэтэй утасны тухай яриад байгаа юм болов уу гэж бодохтой зэрэгцээд “Хужаа утас аваад, ямар ч хамаагүй дугаар хийхэд л хангалттай” гэж нэмж тайлбарлав. Нууцлалаа сайтар хангасан ийм утсаар ямар ч төрлийн “ажил” амжуулж болдог гэнэ. Хахууль, луйвар, залилан. Цаашлаад биеэ үнэлэлт, хүний наймаа гэх мэтээр аймшигт хэргүүдийн мөрийг баллах гол зэвсэг нь бүртгэлгүй дугаар ашигласан Хятад утас байдаг аж. Гар утасны дугаараа ил цагаан тавьж биеэ үнэлж, луйвар залилан хийж байхад цагдаа нар яагаад гэмт этгээдүүдийг хялбар барьчихаж болдоггүй юм бол гэж уншигч та ч гайхаж байсан нь гарцаагүй байх. Тэгтэл бодит амьдрал дээр гэмт этгээдүүдийн ашигладаг, зам мөрөө балладаг дугаар нь бүртгэлгүй байдаг гэнэ. Tedy, Montel худалдааны төвөөс эхлээд Нарантуул захад хүртэл үүрэн холбооны операторуудын бүртгэлгүй дугаар зарагдаж байна. Олон нийтийн сүлжээний зарын группээр ч янз бүрийн дугаар зарагддаг нь гэмт этгээдүүдэд сайхан далим болдог аж. Тэр бүү хэл бүртгэлгүй дугаар авна гэх зар ч фэйсбүүкт байх аж.

ХЭРЭГ БҮДГЭРДГИЙН ШАЛТГААН

Их хотын өнцөг булан бүрт гулгаа массажийн зар наалттай байсан нь харьцангуй цөөрчээ. Гэхдээ энэ нь биеэ үнэлэлт буурсан гэсэн үг биш юм. Биеэ үнэлэлт зөвхөн Улаанбаатар хотод төвлөрөхөө больж, уурхайн бүсүүд рүү шилжиж байгаа гэнэ. Жишээ нь, Таван толгойгоос урд хөрш рүү нүүрс тээвэрлэдэг жолоочдод үйлчилдэг тусгай групп хүртэл бий болжээ. Таван толгойгоос нүүрс тээвэрлэдэг Энхтайван гэх жолооч  “Хилийн ойролцоо биеэ үнэлэх зар бүхий утасны дугаарын самбар байршдаг” тухай хэлсэн байна. Энд харин мөнөөх бүртгэлгүй дугаарууд ярайна.  Дахин нэг жишээ: Баянмонгол хорооллын хойно байршдаг нүхэн гарцны ойролцоох шонгуудад гулгаа массажны тухай зар нэлээн бий.

 Эндээс 8854… гэх дугаар руу залгаж гулгаа массажийн газрын хаягийг авахаар оролдов. Дунд эргэм насны болов уу гэмээр хоолойтой эмэгтэй “Манайх ойрд ажиллахгүй байгаа. Гэхдээ хоёроос гурван хүн хүлээн авч болно. Богд Арын автобусны буудал дээр ирээд залгаарай” гэж хэлэв. Хаягаа нарийн тодорхой хэлэхгүй боловч ямартай ч үйлчилгээ үзүүлж байгаа нь тодорхой сонсогдож байв.

 Хөдөө орон нутагт ч тэр, хотод ч бас утасны дугаараа ил тод зарлаж байхад цагдаа нар биеэ үнэлэлт, залилан, луйвар тэр бүү хэл бусдыг гутаан доромжлох хэргийг яагаад хялбар илрүүлж чадахгүй байгаагийн шалтгаан нь бүртгэлгүй утасны дугаар гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлсэн юм. “Бүртгэлгүй утасны дугаар бол үүрэн холбооны операторуудын том амбийц” гэж нэмж тайлбарлав.

ҮҮРЭН ХОЛБООНЫ ОПЕРАТОРУУДЫН ТОМ АМБИЙЦ БА ГЭМТ ХЭРЭГ

Бүртгэлгүй дугаарын тухай тодорхой статистикийг Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтэд ил тод зарладаггүй. Google-ээс “Бүртгэлгүй дугаар” гэх үгээр хайлт хийвэл 2016 онд 650 мянган бүртгэлгүй дугаар зах зээлд ашиглагдаж байсан тухай мэдээлэл цацагдсаныг уншигч та олж уншина. Гэхдээ энэ мэдээллийг сайндаа ч олон нийтэд дэлгэсэнгүй. Тухайн үед АСЕМ болохтой холбоотойгоор бүртгэлгүй дугаарын хэрэглээг хязгаарлах шийдвэр гарсан аж.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос бүртгэлгүй утасны дугаарын талаар лавлахад энэ оны гуравдугаар сарын сүүлийн байдлаар 43103 бүртгэлгүй дугаар зах зээлд байгаа тухай хариулт өгөв. Гэхдээ үүнээс өмнөх статистикууд худлаа байж магадгүй болж хувирсан хариулт өгөв. Учир нь 2017 онд үүрэн холбооны операторуудын сүлжээнд байгаа бүртгэлгүй дугаарын жагсаалтыг авахаар холбогдоход зарим үүрэн телефоны операторууд статистикаа өгөөгүй байна. Харин Мобиком, Скайтел хоёр тоогоо өгчээ.

Тэгвэл энэ тухай нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалж “Харилцаа холбооны зохицуулах хороонд байгаа бүртгэлгүй утасны дугаарын статистик худлаа байх магадлалтай. Учир нь шалгалт хийгээд мэдэх ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй” гэв.

Дээр дурдсан бүртгэлгүй хэрэглэгчийн статистикийг задалж харвал зарим нэг үүрэн телефоны компаниудын бүртгэлгүй дугаарын тоо харьцангуй өндөр байна. Тиймээс ч өмнөх жилүүдэд Харилцаа холбооны зохицуулах хороонд статистикээ өгөөгүй байж мэднэ.

Статистикийн мэдээлэл ч тэр, эх сурвалжуудын яриа ч тэр зах зээлд яагаад бүртгэлгүй дугаар тархах болсны хандлагыг хэлж өгдөг. Үүрэн холбооны операторууд  хэрэглэгчийн тоогоороо өрсөлдөх болсон том амбийц нь гэмт этгээдүүдэд таатай боломж олгожээ.

Зах зээлд анх нэвтэрсний хувьд Мобиком хэрэглэгчийн тоогоо хиймлээр өсгөх шаардлага бага байсан бололтой. Харин монополь зах зээлийг эвдэх оролдлого хийж буй зарим  компани нь хэрэглэгчийн тоогоо өсгөхийн тулд ямар ч бүртгэлгүйгээр дугаар тараасан байна. Ялангуяа Цагаан сар, Шинэ жил гэх мэт баярын үеэр энэ нь бүр ч эрчимжиж байсныг уншигч та ч санадаг байх.

Тэгвэл энэ амбийц нь гэмт хэрэг илрүүлэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулдаг гэнэ. Б.Баатархүү “Бид мэдээж тодорхой шаардлагыг үүрэн холбооны операторуудад өгдөг” гэж хэлэв. Харин Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Ирэх зургадугаар сарын 1 гэхэд бүртгэлгүй дугааргүй болох зорилт тавьж ажиллаж байна” гэсэн юм.

 

У.ТУНГАЛАГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж