Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх түр замын ажлыг эхлүүллээ. Энэ чиглэлд “Ар Си Эс Си” ХХК-ийн инженерүүд болон Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Баянчандмань АЗЗА компаниуд 40-50 километрээр хуваан гүйцэтгэх юм. Түр замын ажлыг 10 хоногт багтаан дуусгах үүргийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өгсөн. Түр замыг бүрэн хийж дууссаны дараа гол замын хөдөлгөөнийг хааж, гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр хоёр эгнээ авто замын засвар арчлалтын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээрээр шийдвэрлэхээр болсон юм. Энэ чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сар зэрэг томоохон баяраар зорчигчдын урсгал нэмэгддэг. Оргил ачааллын үедээ өдөрт 12300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг байна. Энэ зам бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1,4-2,7 дахин их бөгөөд энэ ачаалал нь тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих нөхцөл алдагдаж, эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг холбогдох албаны хүмүүс хэлж байв.
Б.ЦЭЦЭГ