Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2019.05.27/ болж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ.
Дунд суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа. Тэрбээр "Сонгуулийн тухай хуулийн УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзсэн байна. Харин УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох УИХ-ын 22-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.
Мөн Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр “Сонгуулийн хуулийг сайжруулах, цаашид маргаан үүсэхгүй байх нөхцөлийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа учраас нөхөн сонгуулийг явуулахын тулд сонгуулийн зардлыг улсын төсөвт суулгах шаардлагатай гэж үзэж, шийдвэрээ гаргалаа" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан дээрх хоёр асуудлаар гаргасан УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж, түүнийгээ УИХ-д хүргүүлснээс хойш ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, нөхөн сонгууль товлох УИХ-ын 22-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн учраас УИХ энэ шийдвэрийг 15 хоногийн дотор хэлэлцэх юм.
Сануулахад, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг дөрвөн иргэн гаргасан юм.
Ш.ЧИМЭГ