Хуралдаан “Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” сэдвээр үргэлжиллээ | News.MN

Хуралдаан “Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” сэдвээр үргэлжиллээ

Хуралдаан “Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” сэдвээр үргэлжиллээ

Хуралдаан “Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” сэдвээр үргэлжиллээ

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хуралдаан “Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” сэдвээр үргэлжиллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Учрал даргалан явуулав.

Хуралдааны эхэнд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Бээжин дэх Суурин төлөөлөгч  Мариелза Оливэйра илтгэл тавьсан.

Тэрбээр боловсрол бүх хүмүүсийн амьдралд нөлөөлдөгийг онцлоод ядуурлыг бууруулах зорилгыг хэрэгжүүлэх гол алхам нь тэгш, чанартай боловсролыг хүн бүрт олгох, насан туршдаа боловсрох боломжийг бий болгох юм хэмээсэн. Боловсрол эзэмшсэн хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломж нээгдэн, улмаар орлого нь нэмэгдэж, цаашлаад улс орны эдийн засаг өсөн дэвжихэд хувь нэмрээ оруулдаг болохыг дурдаад дэлхий дээр олон сая хүүхэд сурч боловсрох боломжгүй байгаа энэ үед Монгол Улсын бүх нийтийн боловсролын асуудлаарх тайланд ахиц гарсан, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг малчин өрхийн аж амьдралд тохирсон боловсролын үйлчилгээний шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж буйд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Хатагтай Мариелза Оливэйра, цаашид мэргэжлийн боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, боловсролын салбарын төлөвлөлтийн чадавхийг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн чанарыг сайжруулах талаар анхаарах зүйлс бий хэмээгээд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх нь хамгийн оновчтой арга болохыг онцолсон. Боловсролд хөрөнгө оруулалт хийн бүх талын ойлголт мэдээллийг өгснөөр байгаль дэлхийгээ хамгаалж чадна гэж тэрбээр хэлсэн. Түүнчлэн эрүүл мэндийн талаар хангалттай мэдээлэл, мэдлэг олж авсан хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, тэр хэрээр эрүүл мэндийн салбарын зардал буурах боломжтой, хүчирхийлэлтэй тэмцэх, аюулгүй байдлыг бэхжүүлэх, гэмт хэргийг бууруулахад боловсролын үүрэг чухал гээд хүн бүрт чанартай боловсрол олгох нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд төдийгүй ядуурлыг устгах гол арга зам онцолсон.

Мөн хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьсан.

Тэрбээр, Монгол Улсын 2030 он хүртэлх хөгжлийн зорилтын нэг нь “Мэдлэгт суурилсан нийгэм ба ур чадвар бүхий Монгол хүн” хэмээх боловсролын зорилго юм. Энэхүү зорилгыг хангах хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах, ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, чанарыг баталгаажуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, төгсөгчдөд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэх, дээд боловсролын тогтолцоог хөгжүүлж, насан туршийн боловсролын тогтолцоог боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн гэлээ.

2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар хамран сургалт сургуулийн өмнөх боловсролд 81.9 хувь, бага боловсролд 96.4 хувь, суурь боловсролд 95.5 хувьд хүрээд байгааг дурдаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Суралцахад бэлэн дэлхий: сургуулийн өмнөх боловсролын талаарх дэлхийн тайлан-2019”-д Монгол Улс алслагдсан хөдөө орон нутагт боловсролын үйлчилгээг хүргэхэд ихээхэн анхаарч, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн нь олон улсад тэргүүлэх амжилт, сайн жишээ болгон тэмдэглэсэнийг онцолсон.

Гэвч хүн амын өсөлт, алслагдсан хөдөөгийн малчин гэр бүлийн хүүхэд, хотын захын дүүргүүд, шинээр байгуулагдсан орон сууцны хорооллын бүсэд шилжин ирсэн гэр бүлийн хүүхдүүд цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдаж чадахгүй байх бодит нөхцөл байсаар байгааг мөн дуулгасан.

Сайд Ё.Баатарбилэг, Тэгш боломжийг хангасан чанартай боловсролын талаар, багш бэлтгэх, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн ур чадвар, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх, насан туршийн боловсролын тогтолцооны талаар хуралдаанд оролцогчдод мэдээлэл хийсэн.

Эцэст нь тэрбээр Тогтвортой хөгжлийн  зорилт, үзэл санаанд нийцүүлэн боловсролын тогтолцоог оновчтой болгох, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих, боловсролын салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бүх талын идэвхитэй оролцоог хангах, хариуцлагыг сайжруулах зохицуулалттай болгохоор Боловсролын тухай багц хуулийг шинэчлэн боловсруулж байгааг дуулгаад ингэснээр чанартай, үр дүнтэй боловсролын үйлчилгээг зохион байгуулах нөхцөлийг хангасан, боловсролын харилцааг ухаалгаар зохицуулж, хөгжилд хөтлөх чадамжтай эрх зүйн орчин бий болно хэмээлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл хийсэн юм. Сайд С.Чинзориг, 2018 онд эдийн засгийн өсөлт 9 хувьд хүрч, ажилгүйдлийн түвшин 7.1 хувь болж буурсан ч энэ хангалттай үзүүлэлт биш гэлээ. Ажилгүйдлийн түвшин дорвитой буурахгүй байгаа нь 1990-ээд онд хийсэн өөрчлөн байгуулалт, өмч хувьчлалын алдаатай бодлогоос үүдэлтэйг дурдаад, өдгөө уул уурхайн олборололт ихээр явагдаж байгаа ч боловсруулах салбар хөгжөөгүйтэй холбоотойг онцолсон. Олборлох салбар ажиллах хүчний дөнгөж таван хувийг шингээж байгаа бөгөөд цаашид боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлбэл ажилгүйдлийг бууруулахад нөлөөгөө үзүүлнэ гэлээ.

Түүнчлэн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг хөгжүүлэх, жижиг, дунд, гарааны бизнесийг дэмжих бодлого баримталж буйг дурдаад өрхийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, хөдөөд ажлын байр олноор бий болгох зэрэг олон зарилтыг тавин ажиллаж буйг дуулгасан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцогчид өөрийн орны боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, боловсролоор дамжуулан ядууралтай хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-05-27 68.174.3.175

Bolovsroliin yamniikhan gadaadad surakh oyutnnii tetgelegiig khakhuulaar olgodog. Tetgelegiin songon shalgaruulaltiig shudarga busaar zokhion baiguulaj khakhuul avdag.Uuniigee bolimoor yum.

Avatar

Зочин 2019-05-27 193.242.192.9

хаана болж байгаа хурал вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж