Хотын төвийн авто замд төлбөр тогтооё

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

Хотын төвийн авто замд төлбөр тогтооё

Хотын төвийн авто замд төлбөр тогтооё

Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулахын тулд дарга нар юм, юм л сэдэх.  Даанч бүтэл алга.

Эхлээд автомашинд дугаарын хязгаарлалт хийсэн, дараа нь нэгдүгээр эгнээгээр тээврийн хэрэгсэл болгон зорчихыг хориглосон. Зөвшөөрөлгүй газар автомашинаа зогсоовол ачих, дугуйг нь түгжих. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болгох, 48 уулзвараар гэрлэн дохио үл хамаарч, баруун эргэх. Нийслэлийн төр захиргааны байгууллагад ажиллагсдыг автобусаар зорчих уриалга гаргаж, төв замаараа экспресс автобус ч явуулж үзэж байна.

Ирэх зургадугаар сарын 1-нээс нийслэлийн төр захиргааны байгууллагынхны ажлыг 08.00 цагаас эхлүүлнэ. Өмнө нь цагийн ийм зохицуулалт хийхэд үр дүнд хүрээгүй тул түгжрэлийг сааруулах найдвар төрүүлэхгүй л байгаа. Уг нь оролдлого ихт оройд нь гардаг гэдэг үгтэй ч нийслэлчүүд автомашиныхаа хөдөлгөөнд түгжирсээр…

Улсын хэмжээнд 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 530 мянга орчим нь Улаанбаатар хотод байна. Орон нутгаас өдөр тутамд нийслэлд ирж хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгслийн тоог оруулахгүйгээр тооцоход л авто замынхаа даацаас хэтэрсэн машины урсгалыг зохицуулах гэж тээврийн цагдаагаасаа эхлээд аргаа барж байна.

Улаанбаатар хотын зүгээс энэ том проблемыг шийдэхийн тулд Замын цагдаагийн орчимд гүүрэн гарц барьж буй. Гэхдээ хотын төв хэсгээр өдөр тутамд түгжирдэг энэ их урсгалыг эл гүүрэн гарцаар шийдэх боломжгүй. Бүсчлэлээр төлбөр тогтоовол асуудлыг шийдэх гарц байна. Тодруулж хэлбэл, хотын төвийн хамгийн их ачаалал авдаг авто замуудад төлбөр тогтоочихвол машинтай болгон нь хотын төв рүү зүтгэхгүй болно гэсэн үг.

Ийм санаачилга гаргасан хэнийг ч иргэнээ баян, ядуугаар нь ялгаварлалаа гэхчлэн шүүмжилж мэдэх ч 1.3 сая иргэний эрх ашиг хамгаас чухал болоод байна.

Гаалийн ерөнхий газрын мэдээгээр өнгөрсөн онд 60 мянга гаруй тээврийн хэрэгсэл импортлогдсон нь өмнөх жилийнхээс 10 гаруй хувиар өсчээ. Одоогоос долоон жилийн өмнө буюу 2012 онд Монгол Улс 600 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй байсан бол өнөөдөр 1 сая руу дөхөж явна.  Өөрөөр хэлбэл, жил ирэх тутам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, тэр хэрээр түгжрэлийг сааруулах арга зам олох шаардлага тулгарч байна.

Улс орнууд автомашины түгжрэлийг шийдэхийн тулд авто замынхаа бүсчлэлээр буюу ачаалалтай хэсэгт төлбөр тогтоохоос эхлээд хоёр дахь автомашинд илүү өндөр татвар ногдуулдаг эдийн засгийн арга ч хэрэглэжээ.

Тухайлбал, Английн Лондон хотод ажлын өдрүүдэд өглөө 07.00-18.00 цагийн хооронд хотын төвийн бүсээр зорчвол 11,50 фунт-стерлинг төлдөг. Ийм аргыг Шведийн Стокгольм хотод хэрэгжүүлдэг ба өглөө, оройны ачааллын үеэр 3,24 фунт-стерлингийн татвар авдаг байна.

Харин Индонезийн Жакарта хотод нэгээс илүү автомашин эзэмшдэг иргэдэд нэмэлт татвар ногдуулах аргыг 2010 оноос хэрэгжүүлж эхэлжээ.

Нийслэлчүүдийн хувьд автомашингүй айл өрх ховор. Ам бүлийнхээ тоогоор автомашинтай байгаа нь ч бишгүй. Нэг иргэн хоёр автомашинтай ч байгаа. Гэхдээ тэр бүгдийг эдийн засгийн аргаар хязгаарлах нь юу юм. Ядаж л хотын төвөөр автомашинтайгаа зорчих бол төлбөр төлдөг байхаар зохицуулалт хийвэл өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн шийдлүүдтэй харьцуулахад хатуу ч тодорхой үр дүн дагуулж мэднэ.

Автомашины энэ их түгжрэлээс болж бензин, шатахуун үргүй зарцуулагдаж байгаагаас гадна иргэд цагаа, ажлаа алдаж байна.

Улаанбаатар хотоос Сөүлийг зорьсон иргэн 3 цаг орчмын дараа Инчёоны нисэх буудлаас “Сайн яваад ирлээ” гээд утсаар холбогдож байхад гаргаж өгсөн хүн нь гэртээ хариагүй, түгжрэлд гэр лүүгээ буцаж явах жишээний. Хэдэн жил ийм байдлаар түгжрэлд цагаа алдах вэ. Асуудлыг дорвитойхон шийдэхэд эдийн засгийн арга л чухал болоод байна. Хатуу байж болох ч үүнээс өөр арга үлдсэнгүй.

Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа нийслэлийн автомашины түгжрэлийг сааруулъя гэвэл авто замын бүсчлэлээр төлбөр тогтоох хууль санаачлаач…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж