Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөв
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2015.06.03/ үдээс хойш хуралдаж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ асуудлыг тус байнгын хорооны өмнөх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан ч салбарын сайд болон ажлын хэсгийн зарим гишүүд хуралдаанд ирээгүйгээс уг асуудлыг хойшлуулсан юм.
Ингээд Засгийн газраас энэ сарын 22-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат хийлээ.
Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иенийн зээлийн гэрээг 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, мөн оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Төслийн зөвлөх компанийг сонгон шалгаруулах тендерт Японы Азуса Сэккэй, Ориентал консалтантс компаниудын хамтарсан түншлэл шалгарч нисэх онгоцны шинэ буудлын зураг төслийг боловсруулах ажлыг 2011 онд дуусгажээ. Харин төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы Мицүбиши-Чиёода хамтарсан түншлэл шалгарсан байна.
Хоёр тал бүтээн байгуулалтын ажлын гэрээг 49.5 тэрбум иенээр байгуулах тохиролцоонд хүрсэн боловч төсөвт өртгөөс хэтэрсэн тул гэрээ байгуулах нөхцөл бүрдээгүй аж. Иймд нэмэлт зээл авах асуудлыг Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх шийдвэр гаргажээ.
Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар нэмэлт зээлийн асуудлыг хэлэлцэн дэмжиж Засгийн газарт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг зөвшөөрсөн тул Иргэний нисэхийн ерөнхий газар болон Мицүбиши, Чиёода түншлэлийн хооронд бүтээн байгуулалтын ажлын гэрээг нийт 49.5 тэрбум иенээр гүйцэтгэхээр байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн аж. Харин Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ажлын хэсэг нэмэлт зээлийн хэмжээг нийт 36.8 тэрбум иен байхаар тооцсон байна.
Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр энэ зээл нь эдийн засгийн өгөөжтэй эсэхийг тодруулахад уг төслийн захирал Ч.Энхбат “Энэ нь зээлийн нөхцөл сайтай төсөл, мөнгөн дүнгийн хувьд ашигтай гэж үзсэн байгаа. Одоогийн Чингис хаан нисэх буудал ашиглалт муутай байгаа нь нисэх зурвастай холбоотой. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор онгоц хөөрч, буух зурвас нэмэгдэж 98 хувийн ашиглалттай байх тооцоо гарсан. Мөн нислэгийн цуцлалт багасах сайн талтай” гэсэн хариулт өгөв. Ингээд төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжив.
Байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Боловсролын чанарын шинэчлэл", "Цахим эрүүл мэнд", “Ухаалаг засаг" төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхөөр төлөвлөсөн байсан ч санхүүжилтийн хэлэлцээрийн нийт хэмжээ нь өрийн хязгаарт нийцэж байгаа эсэх асуудлыг холбогдох байнгын хороодын хуралдаанаар нягталсны дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр эдгээр асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулаад байсан юм.
Харин байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх санхүүжилтийн эдгээр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Эхлээд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийг зөвшилцөж, санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газар олгохоор болов. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөхийг санал нэгтэй дэмжсэн юм.
Энэхүү төсөл нь сурагчдын эх хэлний болон математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшин дэх төлөвлөлтийг бэхжүүлэх замаар Монгол Улсын бага боловсролын чанарыг сайжруулахад чиглэж байгаа аж. Нийтдээ 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих энэ төслийн хүрээнд бага боловсролын сургалтын үр нөлөөг сайжруулахад 14.9 сая, багш бэлтгэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх хөтөлбөрт 3.3 сая, сургуулийн санхүүжилтийн хөтөлбөрт 6.6 сая, системийн удирдлага, мониторинг үнэлгээнд 5.7 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Энэ асуудлыг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан нар танилцуулсан юм. Эдгээр байнгын хороод санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжсэн байна.
Дараа нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төслүүдийг зөвшилцөж, санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн талаарх Сангийн сайдын танилцуулгыг сонсов. Мөн Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор, Ц.Баярсайхан нар танилцуулсан юм.
“Цахим эрүүл мэнд” төсөл нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд иргэн төвтэй, өндөр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхэд эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системүүд болон цахим-эрүүл мэндийн шийдлүүдийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой аж. Уг төсөл нь нийт 19,5 сая ам.долларын өртөгтэй үндсэн 4 үндсэн хэсгээс бүрдэх юм байна. Уг санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ.
Харин Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Ухаалаг засаг” төсөл нь Монгол Улсын "Ухаалаг засаг" санаачлагыг дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал болон үр ашгийг сайжруулахад чиглэжээ. Уг төсөл нь иргэдийн оролцоог дэмжих механизмыг бүрдүүлэх; ухаалаг засгийн суурийг бэхжүүлэх; нээлттэй дата бий болгох; төслийн удирдлага, зохион байгуулалт 4 үндсэн бүрдэл хэсэгтэй юм. Энэхүү төсөл нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 19.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжих юм байна. Харин Монгол Улсын Засгийн газар нь түрээс, ажилчдын зардлыг санхүүжүүлэх зориулалтаар 0.6 сая ам.долларыг хариуцаж, төслийн хэрэгжилтийн явцад дэмжлэг үзүүлж ажиллах аж.
Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Н.Энхболд, З.Энхболд нар асуулт асууж тодруулав. Засгийн газрын гишүүн С.Баярцогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ төсөл нь төрийн мэдээллийн нэгдмэл, шуурхай, ил тод байдлыг хангах, Үндэсний дата төвийг дэмжиж мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг сайжруулах, системийн шинэчлэл хийх, эд хөрөнгийн цахим бүртгэлийг хэрэгжүүлж дуусгах, Үндэсний статистикийн хорооны мэдээллийг эргэлтэд оруулах зэрэг чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байв. Харин энэ асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд урьд нь төрийн байгууллагууд зөвхөн өөрийн салбар, байгууллагынхаа явцуу эрх ашгийг урьтал болгон хоорондоо ямарч уялдаа холбоогүй явж ирсэн. Иймээс энэ төслийн хүрээнд төрийн бүх байгууллагууд мэдээллийн нэгдсэн сантай болж, түүнийгээ хоорондоо солилцдог, нэг хэлээр ярьдаг болох ёстой. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны дахин инженерчлэлийн ажил үүнтэй хамт явагдах ёстой гэдгийг хэллээ. Мөн энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Д.Дэмбэрэл, Ц.Баярсайхан, Ж.Энхбаяр нар саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Байнгын хорооны хуралдаанаар эдгээр санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцсөн тул энэ тухай байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.
Дараа нь Газрын тосны асуудлаар мэдээлэл сонсов. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, тус яам болон Газрын тосны газрын удирдах ажилтнууд оролцож, Газрын тосны газрын Хайгуул, судалгааны хэлтсийн дарга О.Энхбаяр, мөн газрын Бүтээгдэхүүн, хангамжийн хэлтсийн дарга Х.Наранхүү, Монголын занарын ассоциацийн гишүүн Т.Мөнхтөр нар газрын тосны хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ, үнэ ханш, дотоод зах зээлд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийсэн юм.
Мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, З.Энхболд, С.Оюун, Сү.Батболд, Ж.Энхбаяр нарын асуултад Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нар хариулт өгснөөр байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.