М.Энхболд: Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртээх нь чухал байна

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

М.Энхболд: Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртээх нь чухал байна

Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын УИХ-аас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр /2019.05.27/ Төрийн ордноо эхэллээ. Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 19 орон болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

“НҮБ-ын ТХЗ-уудыг хэрэгжүүлэх үүднээс УИХ-аас “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг 2016 онд баталсан. Мөн УИХ-ын бүтцэд Тогтворой хөгжлийн зорилгын дэд хороо байгуулж, Засгийн газартай хамтран ажиллаж буй.

Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх үүднээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилт тавин ажиллаж байгааг дурдсан. УИХ-аас Засгийн газрын бодлогыг дэмжиж Усны бохирдол, Хог хаягдлын менежментийн тухай зэрэг хууль, эрхзүйн орчныг сайжруулахад анхаарч байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцолсон юм.

Мөн Олон Улсын Парламентын Холбооны ерөнхийлөгч, хатагтай Габриэла Куэвас Баррон, “Бидний өмнө 2030 он хүртэл дэлхий ертөнцийг өөрчилж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 11 жил үлдээд байна. Бидний гол зорилго хэнийг ч ардаа орхихгүй байх нь чухал. Хүн төрөлхтний түүхэнд анх удаа нэг чухал зорилгын дор нэгдэн ажиллаж байна. Дэлхийн олон оронд тэгш бус байдал санаа зовоож байгаа бөгөөд энэ чиглэлээр бид оновчтой арга хэмжээ авч буй эсэхдээ дүн шинжилгээ хийх шаардлага бий.

Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхдээ төрийн бодлого нь иргэн бүрийг хамруулж, хэнийг ч ардаа орхихгүй байхад чиглэх учиртай. Тогтвортой хөгжлийн зорилгуудын агуулгыг авч үзвэл боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулах асуудлыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө улс орны нөхцөл байдлыг оновчтой үнэлж, хөгжлөөс хоцорч байгаа бүлэг, давхаргад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд парламент анхаарч ирсэн" гэв.

УИХ-ЫН ГИШҮҮН  М.ЭНХБОЛД: МОНГОЛ УЛС ОУПХ-НД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ НЭР ХҮНД НЬ ӨСЧ БАЙГАА

"2016 онд Бангледаш улсын Дака хотод ОУПХ-ны хурал болох үеэр миний бие Ази, Номхон далайн бүсийн улсуудыг хариуцсан бүсийн тэргүүнээр сонгогдон ажилласан. Хийсэн ажлынхаа тайланг Вьетнамын улсын Хо Ши Ми хотод тавьж энэ үеэр Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хэлэлцэх дараагийн хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах боломжтой гэдгийг  хэлж байсан. Энэ дагуу ОУПХ судалж үзэн 2018 онд Женев хотод хуралдсан ОУПХ-ны хурлаар манай улсад Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаар хуралдах энэхүү шийдвэрийг гаргаж байсан нь өнөөдөр биеллээ олж тус хурал манай улсад зохион байгуулагдаж байна.

Монголын парламент ОУПХ-той сүүлийн жилүүдэд идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Ялангуяа 2016 онд байгуулагдсан УИХ ОУПХ-той үйл ажиллагаагаа нэлээд уялдуулан ажиллаж байна. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монголын Парламентын бүлгэмийн гүйцэтгэх зөвлөлийн даргын хувьд ОУПХ-той янз бүрийн асуудлаар нийтдээ 20 гаруй удаагийн албан бичиг солилцох, харилцан ярилцах зэрэг хамтын ажиллагааны арга хэмжээг сүүлийн гурван жилийн хугацаанд идэвхтэй зохион байгуулсан. Монгол Улс ОУПХ-нд идэвхтэй оролцож нэр хүнд нь өсч байгаа. Тухайлбал, Монголын парламентын гурван гишүүн ОУПХ-ны байнгын хорооны тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна. УИХ-ын гишүүн Н.Оюундарь ОУПХ-ны Энхтайван, аюулгүй байдлын байнгын хорооны УЗ-ийн гишүүнээр, УИХ-ын гишүүн, Н.Учрал ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны УЗ-ийн гишүүнээр, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны УЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

 

Монгол Улсын хувьд ОУПХ-ны  байнгын хороонд нь тэргүүлэгчээр ажиллаж байсан түүх байхгүй.

Өнөөдөр манай улсад болж буй ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганаар ТХЗ-ийн 2030 оны хүртэлх зорилтыг хэрэгжүүлэхэд  Ази, Номхон далайн бүсийн улс орнуудад ямар бэрхшээл байна вэ гэдгийг ярилцаж, хуралдааны төгсгөлд Улаанбаатарын тунхаг бичгийг гаргана. Ингэснээр тус тунхаг бичигт тусгагдсан зорилтуудыг хуралдаанд оролцсон 19 улсын парламентууд хэрэгжүүлэх нь хамгийн чухал юм. 10 жилийн дараа гэхэд Ази, Номхон далайн бүс улсууд нэг түвшинд ТХЗ-тоо хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд хэрхэн тусгах уу гэдэг нь ТХЗ-д тусгагдсан асуудлын нэг. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрч, цаашид 8.6 хувьд хүргэхээр төсөөлж байгаа. 2016 онд Монголын нийт хүн амын гуравны нэг нь буюу 29.6 хувь нь ядуу байна гэсэн дүн гарсан. Хоёр жил тутамд энэ судалгааг хийдэг. Одоо гарах судалгаагаар ядуурлын түвшин хэр буурсан бэ гэдгээр бидний ажлын үр дүн хэмжигдэх учиртай. Эдийн засаг өсөөд ядуурал буурахгүй байвал эдийн засгийн өсөлтийн үр дүн, өгөөж иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрэхээс аргагүй. Тийм учраас бид эдийн засгийн өсөлтөө аль болох тогтворжуулах, өсөлтийн үр дүнг иргэд хүртэж байх ийм боломж бололцоог бүрдүүлэх нь  чухал юм" гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН, УИХ-ЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН АСУУДЛААРХ ДЭД ХОРООНЫ ДАРГА  А.УНДРАА: УЛСЫН ТӨСВӨӨ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГОТОЙГОО УЯЛДУУЛАН ТӨЛӨВЛӨХ ХЭРЭГТЭЙ

"Парламентын бүтэцдээ Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх дэд хороотой 30 гаруй улсын нэг нь манайх. Монгол Улс 2016 онд Тогтвортой хөгжлийн зорилгыг хуульчлан баталсан. Энэ хугацаанаас хойших хэрэгжилтийнхээ талаар үндэсний сайн дурын илтгэлээ НҮБ-д тавих гэж байна. Тухайн илтгэлийг бэлдэх явцад бидний юу нь болж байна, мөн юу болохгүй байна вэ гэдэг нь тодорхой хэмжээнд харагдаж байгаа юм. Тогтвортой хөгжлийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд төсөв санхүүгийн асуудлаа шийдвэрлэх шаардлага тулгарна. Ингэхийн тулд улсын төсвөө Тогтвортой хөгжлийн зорилготойгоо уялдуулан төлөвлөх хэрэгтэй. УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх дэд хорооны хувьд 2019 оны төсвийг хэлэлцэх үеэр эрүүл мэндийн салбарыг сонгон авч ТХЗ-той уялдуулсан төсвийн төлөвлөлт хийхийг оролдсон. Оролдсон гэдгийг онцлон хэлбэл үүнийг хийхэд маш хүнд байсан. Төсвийг УИХ-аар батлах үед эрүүл мэндийн асуудлуудыг хэт нарийвчлан буюу дүүрэг, аймаг, сум, өрх гэх мэт задалчихдаг. Гэтэл бид ТХЗ-д эрүүл мэндийн салбарыг үндэсний хэмжээний зорилт гэж авч үзсэн. Тэгэхээр төсвөө олон хэсэг задлах гэхээсээ илүүтэй ТХЗ-тойгоо уялдуулж төлөвлөх шаардлага байгаа юм. Тухайлбал, өнөөдөр сүрьеэгийн өвчлөлийг бууруулах нь үндэсний хэмжээний зорилт гээд үүндээ шаардагдах хөрөнгийг төсөвтөө суулгах нь ямар чухал  вэ гэдэг нь харагдаж байна. ТХЗ-тыг хангахад Засгийн газрын ганц гишүүний биеэ даагаад хийж чадах ажил биш, Засгийн газар танхимаараа ажиллах нь чухал юм. ТХЗ-тын хэрэгжилтийг зөвхөн эрүүл мэндийн салбараар авч үзвэл гарц буй ахиц дэвшил бий. Тухайлбал, эхийн эндэгдлийг бууруулж чадсан, бага насны хүүхдүүдийн өвчлөлтийн холбоотой эндэгдлийг бууруулсан, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, ард иргэдийн дундах элэгний өвчлөлийг бууруулсан гээд сайн тал бий. Гэхдээ үүний зэрэгцээ саар тал ч байна. Өөрөөр хэлбэр боловсрол, нийгмийн салбар тус бүрээр нь ТХЗ-ын хэрэгжилтийг авч үзвэл харилцан адилгүй байна.

Мөн ТХЗ-д тусгагдсан чухал асуудал нь ядуурлыг бууруулах явдал. Өнөөдөр ядуурал 29 хувьтай байгаа нь гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. 2030 он гэхэд ядуурлыг нэг оронтой тоонд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Ингэхийн тулд эдийн засгийн өсөлтөө хүртээмжтэй буюу иргэддээ хүргэх нь чухал".

УИХ-ЫН ГИШҮҮН, БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ: МАНАЙ УЛС БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЭГҮҮР ОРДОГ

ТХЗ-ын дөрөвдүгээрт боловсролын асуудал тусгагдсан байдаг. Боловсрол нь ядууралтай тэмцэх хамгийн гол зэвсэг нь гэж НҮБ үздэг. Манай улс боловсролын хөгжлөөрөө хөгжиж байгаа орнуудад дээгүүр ордог. Энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд НҮБ-ын илтгэлд манай улсыг сүүлийн 25 жилийн туршид сургуулийн өмнөх боловсролдоо зарцуулж буй ДНБ-нд эзлэх төсвийнхөө хэмжээгээр хөгжиж байгаа орнуудаа тэргүүлж байна гэсэн сайн мэдээ байна. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан ч гэлээ улсын төсвийнхөө дийлэнх хувийг боловсролын салбарт зарцуулсаар ирсэн. 2019 оны тухайд ДНБ-ний 4.7 хувь, төсвийн 17 орчим хувийг боловсролын салбарт зарцуулж байна. Хүн амын өсөлтөө дагаад сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүйн асуудал хэвээр л байна.  ТХЗ-д тусгагдсан боловсролыг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх гэсэн зорилтод хүрэхэд тодорхой алхмууд хийгдэнэ. 2019 оны байдлаар боловсролын салбарын хөрөнгө оруулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн хэдий ч гурван ээлжийн сургуулиуд хэвээр мөн цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй, нэг ангид багшид ногдож буй хүүхдийн тоо өндөр хэвээр байна.  Боловсролыг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэхийн тулд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй.

УИХ-ЫН ГИШҮҮН, ОУПХ-НЫ НҮБ-ЫН АСУУДЛААРХ БАЙНГЫН ХОРООНЫ УЗ-ИЙН ГИШҮҮН  Н.УЧРАЛ: БОЛОВСРОЛ ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙХ ЗОРИЛТЫГ ТАВЬЖ БАЙНА

2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн агуулга боловсролд чиглэж байна. Боловсрол бол зөвхөн хүнд түгээгээд байхаас илүүтэй бусад салбарыг өөрчилдөг гэдгийг ОУПХ-ны өнгөрсөн оны чуулганд санал нэгдсэн. Энэ бол ядуурлыг бууруулахад том түлхэц болсон. Боловсролд хөрөнгө оруулалт хийснээр гэмт хэргийн тоо буурна. Боловсролтой нийгэмд татварын орлого өндөр байдаг гэдэг дээр санал нэгдсэн. Өнөөдөр Ази Номхон далайн бүсийн чуулган манай оронд болж байна. Ази, Номхон далайн орнууд боловсролын салбарт дорвитой  яриа хэлэлцээр өрнүүлнэ. Боловсрол тэгш, хүртээмжтэй байх зорилтыг тавьж байна. Манай улсын хувьд дээд, дунд боловсролын өндөр байдаг. Дээрээс нь тэтгэлгүүд их байдаг. Манайд боловсролыг дээдлэгч орон. Хүүхэд бүр тэгш боломжоор хангагдах ёстой. Европын орнууд хүүхдийн боловсролын рейтингийн дунджийг гаргаж байр эзлүүлдэг бол манайх олимпиадад оролцсон таван хүүхдийн амжилтаар тухайн сургуулийг тодорхойлдог. Бүрэн дунд боловсролыг эзэмшүүлэхдээ дүгнэхээ болих хэрэгтэй. Энэ нь ядуурлын түвшнийг нэмэгдүүлж байна. Хүүхдүүдийг тэгш боломжоор хангаж, боловсролыг хүртээмжийг дээшлүүлэх хэрэгтэй. Хүүхдийг сайн, муугаар нь ялгаварлахаа болих хэрэгтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж