Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхдээ ашиглаж буй туршлагаасаа хуваалцлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхдээ ашиглаж буй туршлагаасаа хуваалцлаа

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхдээ ашиглаж буй туршлагаасаа хуваалцлаа

Төрийн ордонд өнөөдөр (2019.05.27)  эхэлсэн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы нэгдүгээр хуралдаан боллоо.

Нэгдүгээр хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбооны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Оюундарь даргалж,  Олон улсын парламентын холбооны Олон улсын хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Александра Благожевич, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Фижи дэх Номхон далайн газрын Үр дүнтэй засаглалын багийн ахлагч бөгөөд Парламентын хөгжлийн мэргэжилтэн Дифан Жонес,  Вануату Улсын парламентын гишүүн Жимми Нипо нар илтгэл тавилаа.

Александра Благожевич илтгэлдээ, “Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд одоогоор аль ч улс орон бүрэн дүүрэн амжилт гаргаагүй. Улс орнуудад нөхцөл байдлаас шалтгаалж харилцан адилгүй хэрэгжиж байна. Тодорхой ахиц дэвшил гаргахын тулд хэрэгжилтэд илүү нарийвчилсан үнэлгээг цаашид хийх шаардлагатай. Тиймээс Олон улсын парламентын холбооны зүгээс хэрэгжилтэд хяналт тавих өөрийн үнэлгээний арга зүйг боловсруулсан. Улс орон бүр энэхүү арга зүйг ашиглаж, манай улс Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд бусад орнуудаас хаахна явна вэ гэдгээ мэдэж, цаашид оновчтой хийх ажлаа тодорхойлох боломжтой”  хэмээн ярилаа.

Тэрбээр мөн парламентын гишүүдийн дунд явуулсан парламентын гишүүд Тогтвортой хөгжлийн зорилгын талаар хэр сайн мэдээлэлтэй байдаг талаарх судалгааны дүнг сонирхууллаа. Судалгаагаар улс орнуудын парламентын гишүүдийн зарим нь Тогтвортой хөгжлийн зорилгыг сайн мэдэж, хэрэгжүүлэхийг чухалчилж байхад тодорхой хэсэг нь мэдэхгүй, мэдээлэлгүй хэвээр байгаа нь харагдаж буйг дурьдлаа. Түүнчлэн, жирийн иргэдийн дунд ч Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхтэй холбоотой ойлголт сул байгааг тэмдэглэв.

Улс орнуудын парламент Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэйг хатагтай Александра Благожевич тэмдэглээд, парламентынхаа бүтэцд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх нэгж бий болгон, үр дүнтэй үйл ажиллагаа явуулах нь чухал гэдгийг онцлов. Тэрбээр Монгол Улсын парламент Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулан ажиллаж байгаа талаар болон Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг үнэлэх сайн дурын тайлангаа НҮБ-д танилцуулах гэж буй талаар танилцуулав.

Дараа нь Вануату Улсын парламентын гишүүн Жимми Нипо илтгэл тавьж, Вануату Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд юу хийж байгааг танилцууллаа. Вануату нь Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн орны онцлогт тохируулсан Ард түмний төлөвлөгөөг хэрэгжүүлдэг байна. Уг төлөвлөгөөндөө Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 15-ыг нь нэгбүрчлэн тусгасан бөгөөд парламентын үүргийг нэмэгдүүлэх үүднээс парламентдаа энэ асуудлыг хариуцсан байнгын хороо байгуулсан байна. Мөн өөрийн үнэлгээний арга зүйг  ашиглан Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд бүсийн улс орнуудаас Вануату хаахна явна гэдгийг нягталж, цаашид тохиолдож болох хүндрэл, сорилтыг тодорхойлон, хэрхэн даван туулахаар ажиллаж байгаа туршлагаа хуваалцав.

Нэгдүгээр хуралдааны гурав дахь илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Фижи дэх Номхон далайн газрын Үр дүнтэй засаглалын багийн ахлагч бөгөөд Парламентын хөгжлийн мэргэжилтэн Дифан Жонес тавьсан.

Илтгэлдээ, Тогтвортой хөгжлийн зорилгыг хурдацтай хэрэгжүүлэн ахиц дэвшил гаргахад улс орнууд өөрийн үнэлгээний арга зүйг ашиглахын чухлыг Фижи улсын жишээн дээр хөндөв. Фижи улс нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиглэлээр парламентдаа дэд хороо байгуулжээ.

Тэрбээр мөн өөрийн үнэлгээний арга зүйг ашигласнаар цаашид юунд анхаарах вэ гэдгээ тодорхой болгох, ингэснээр алдаж байгаа зүйлээ залруулах боломжтойг тэмдэглэхийн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд парламентад бүтэц бий болгох, парламентын Тамгын газрын ажилтнуудын чадавхийг сайжруулах, парламентын улстөрийн манлайллыг бий болгохын чухлыг хөндөж, эдгээрийг харилцан уялдаатай хөгжүүлэхийг захив.

Нэгдүгээр хуралдаанаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр парламентын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ийнхүү хэлэлцсэн.

Хэлэлцэж байгаа асуудлаар үргэлжлүүлэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Исламын бүгд найрамдах улс, Камбожийн хаант улсын төлөөлөгчид үг хэллээ.

Төлөөлөгчид хэлсэн үгэндээ парламентууд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг дэмжиж, хяналт тавьж, гүйцэтгэх засаглалтайгаа хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар болон Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд бэлтгэлтэй байна уу гэдгийг үнэлж, дүгнэхийн тулд Олон улсын парламентын холбооны өөрийгөө үнэлэх аргыг ашигласан тухай туршлагаасаа хуваалцсан.

Үүний зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг амжилттай зохион байгуулж буй Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоонд болон  найрсгаар зочлон, хүлээж авсан Монгол Улсын Засгийн газарт талархлаа илэрхийллээ.

 

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх дэд хорооны дарга А.Ундраа Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагаас хуваалцан үг хэлснийг  зарим орнуудын төлөөлөгчид сайшаан хүлээн авч, туршлагаас нь суралцах болно гэдгээ тэмдэглэж байв.

Нэгдүгээр хуралдааны төгсгөлд хурал даргалагч Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбооны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Оюундарь хуралдааныг дүгнэж байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ илтгэл тавьсан, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон төлөөлөгчдөд талархлаа илэрхийлэв.

Чуулганы хоёрдугаар хуралдаан үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж