"Халх голын дайныг гэрчлэх 10 орчим хүн эдүгээ амьд сэрүүн байна"

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

"Халх голын дайныг гэрчлэх 10 орчим хүн эдүгээ амьд сэрүүн байна"

"Халх голын дайныг гэрчлэх 10 орчим хүн эдүгээ амьд сэрүүн байна"

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг нь Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохионо. Ойг угтан дайчдын алдар гавьяаг дурсах, ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлэх “Дурсамж уулзалт” өнөөдөр /2019.05.27/ боллоо. ШУА-ын Түүх, Археологийн хүрээлэнд зохион байгуулсан эл арга хэмжээний үеэр эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь бие хайрлалгүй тулалдаж явсан дайчдын үр хүүхэд нь хүрэлцэн ирснээс гадна түүхийн гэрч болсон азай буурай нар ч байв.

Дэлхийн II дайны эхлэл болсон гэх 1939 оны Халх голын дайн бол зөвхөн дайн тулаан биш нийт монголчуудын хайртай бүхнээ хамгаалахаар тэмцсэн дайн байсныг энэ үеэр онцоллоо. Үндэсний үзэл, эрх  чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө Халхын голын дайнд залуу нас, халуун амь, зүрх сэтгэлээ зориулсан хүмүүсээс эдүгээ 10 орчим нь амьд сэрүүн, 100 насыг шүргэж яваа азай буурай нар байгаа юм. Гэвч “Халх голын дайнд оролцож явсан дайчдын нэрс өнөөдрийг хүртэл тодроогүй, бүртгэлгүй байгаа тул “Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” аяныг санаачлан, энэ хүрээнд дайнд оролцсон бүх хүний нэрийг тодруулах ажлыг зохион байгуулж байгааг холбогдох хүмүүс хэлэв.

ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНД ОРОЛЦСОН 15 МЯНГАН ДАЙЧДААС 100 ОРЧИМ НЬ БҮРТГЭГДСЭН

“Ялалт” музейн захирал Л.МЯГМАРСҮРЭН: 

-Халх голын дайнд оролцсон дайчдын төрөл төрөгсөдтэй уулзах дурсамж уулзалт бол одоогоос 80 жилийн өмнө эх орныхоо төлөө залуу нас, халуун амь, бүлээн цусаа зориулсан дайчдын алдар гавьяаг мөнхрүүлэх зорилготой. Ахмад дайчдын нэрийг нь тодруулж буй нь тэднийг үеийн үед алдар гавьяаг нь дурсаж музейд мөнхлөх юм. Өнөөдрийн байдлаар манай музейд 100 орчим дайчны нэр цугларсан байна. Дорнод аймагт гэхэд Халх голын дайнд оролцсон 400-500 хүн байх магадлалтай. Чөлөөлөх дайнд 4000-5000 орчим хүн байх ёстой. Ер нь Халх голын дайнд МАХН-ын цэргийн 15 мянга орчим дайчин оролцсон түүхтэй. Тэднээс 100 орчим хүний л нэрс байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийн нэрсийг цуглуулж байгаа нь тэдгээр хүмүүсийн алдар гавьяаг үр хойчид нь танин мэдүүлэх чухал ач холбогдолтой. Тагнуулын ерөнхий газраас бидэнд олон нийтэд зарлаж болох 40 орчим хүний л нэрсийг өгсөн. Бусад нь олон нийтэд зарлаж болдоггүй улсын “нууц” бас байгаа байхаа.

Энэ үеэр Халхын голын дайнд оролцож явсан дайчдын ар гэрийнхний сэтгэгдлийг сонслоо.

           ЭЦЭГ, ЭХ МААНЬ ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ГОЛОМТОД БАЙСАН ХҮМҮҮС

Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн Д.ЭНХЦЭЦЭГ: 

-Халх голын дайны түүхт 80 жилийн ой энэ жил тохиож байна. Өнөөдрийн уулзалтад эцэг эхийнхээ алдар нэр, гавьяаг нь хүндэтгэж ирсэндээ их баяртай байна. Миний эцэг, эх 1939 оны Халх голын дайны голомтод ажиллаж байсан хүмүүс. Ээж минь цэргийн алба хаах гэж буй ахыгаа дагаж Байшинтад ирснээр аавтай танилцаж гэр бүл болсон түүхтэй. Дайны үед манай аав Б.Далхаа долдугаар морьт дивизийн их бууны ангид хорооны бага даргаар ажиллаж байсан бол 1945 оны чөлөөлөх дайнд Морьт дивизийн их бууны ангид байсан. Манай ээж бас энэхүү дайны халуун голомтод цэргийн хувцас, орон байр хариуцсан хүн буюу одоогоор няраваар ажиллаж байсан. Дайны голомтод гэнэтийн дайралт, дэлбэрэлт болоход нуувчинд өөрсдийгөө халхалдаг нь жирийн үзэгдэл байсан гэх. Манай аав 1937 онд цэрэгт татагдаж, 14 жил цэргийн алба хаан, 1951 онд бэлтгэл офицероор ахлах дэслэгч цолтой халагдаж байсан түүхтэй. Хожим нь эцэг эхийн маань алдар гавъяаг үнэлж шагнал олгосон. Миний эцэг эх амьд сэрүүн байсан бол өнөөдөр хоёул 100 нас хүрсэн буурай байх байлаа. Тэд маань энх цагт бурхны орныг зорьсон.

ААВ МААНЬ ДАЙНЫ ҮЕЭР ЗОВХИНДОО БУУДУУЛСАН Ч ХОЁР ТАНК УСТГАЖ БАЙВ

Иргэн Б.БАДАРЧ: 

Манай аав Т.Бямбаа 1933 онд 20 настайдаа цэрэгт татагдсан. Ингээд 1936 он хүртэл Дорнод аймгийн Тамсаг булагийн Хулан дэрс гэх газарт дайнд оролцож байхдаа хоёр танк устгаж, хоёр амьд хүн баривчлах даалгавраа амжилттай биелүүлсэн. Үүргээ гүйцэтгэж байхдаа хөмсөг, зовхио сэт буудуулан цэргийн эмнэлэгт эмчлүүлж байсан түүхтэй. Эцгийн минь алдар гавьяаг үнэлж Байлдааны гавьяаны нэгдүгээр зэргийн улаан тугийн одонгоор шагнуулсан. Дайнаас халагдаж эмчээр суралцаж ажилласан хүн байгаа. Манай эцэг дайны тухай ярихдаа дайны цаг үе маш хүнд, үргэлж гэнэтийн довтолгоотой байдаг тул бэлэн байдалд ажилладаг байснаа ярьдаг. Нутгаас нь гурван цэрэг Халхын голын дайнд явсны нэг нь манай аав. Тэр гурваас хоёр нь амь үрэгдэж, ганцаархнаа амьд үлдэн нутагтаа /Хөвсгөл аймгийн Их уул сум/ ирсэн хүн дээ. Миний хувьд ааваараа их бахардаг.

МИНИЙ ЭЭЖ БОЛ ТҮҮХ 

Дорнод аймгийн иргэн:

Миний ээж бол түүх юм. Одоо 98 насыг зооглосон буурай байна. Ээж маань 1934 онд 12 настайдаа аав нь Лхүмбийн хэрэгт баривчлагдаж, Орос руу цөлөгдсөн. Нагац маань тухайн үед бас их чинээлэг ажилсаг хүн байсан. Тухайн үед чинээлэг гэсэн хүмүүсийг өртөөнд ажиллуулж байсан юм. Манай ээж 16 настайдаа энэ өртөөнд байсан. Харин манай аав Халхын голын дайнд баруун хязгаарт байлдаж явсан юм. Газар дор землянкад амьдарч байсан. Дайны үед нуувчин дотроо гэрээ барьж амьдарч байсан гээд түүх их бий. Ээж маань 1940 оны цэргийн хувцас хийдэг. Тухайн үед цаг наргүй, тариа хийхэд зүү орох газаргүй болтлоо л ажиллаж байсан хүн. Хөдөлмөрийг үнэлж “Бид ялав” медалиар шагнаж байсан. ОХУ Монгол орны хоорондох харилцааны бүх үйл явдлыг нүдээрээ үзэж биеэрээ туулсны хувьд өөрөө маш сайн ярьж өгөх байхаа гэлээ.

Дотоод яамны цэргийн ангид оёдол хийж байсан буурай оёдол хийж байсны товчхон ярьсан тул түүний охинтой цөөн хором ярилцсан нь энэ юм.

“Дурсамж уулзалт”-ын үеэр Халхын голын дайнд оролцож явсан ахмад дайчдын ар гэрийнхэн энэ мэтчилэн дайны үед болж өрнөсөн түүхэн баримт бичигт тэмдэглэгдээгүй ховор сонин түүхээсээ хуваалцсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж