УИХ дахь АН-ын зөвлөл даваа гаригийн ээлжит хуралдаанаар үндсэн хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд “2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх Үндсэн хууль болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хуульт ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, хэмжээ хязгаарыг давахад хүргэлээ. Үүнд:
- 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан гэмт хэрэг үйлдэх, авлигын хэрэгт холбогдох, сахилга ёс зүйн алдаа гаргах, буй зэрэг олон хууль бус үйлдлүүд гарсаар байтал хариуцлага огт яригдахгүй хуульгүй мэт асуудалд хандсаар байгаа нь Ардчилсан Үндсэн хуулийн “хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” зөрчигдсөн.
- Судалгааны байгууллагууд Улсын Их Хурал тарах эсэх талаарх асуумжаар судалгаа хийхэд иргэдийн 76 хувь УИХ тарах нь зөв гэсэн хариултыг өгсөн байна. Улсын Их Хурлын үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлгээг 1-10 оноогоор үнэлэхэд, 2016 оны наймдугаар сард 4.6 оноог иргэд өгч байсан бол 2018 арваннэгдүгээр сард 1.8 болтлоо буурсан байна. Монгол Улсын Үндсэн хуулиар засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг тунхаглан баталгаажуулсан. Иргэдийн сонголтын үр дүнд байгуулагддаг төрийн эрх барих дээд байгууллага ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг илт алдсан ийм бодитой тохиолдолд бүрэн эрхээ цааш хэрэгжүүлж ажиллах боломжгүй юм.
- Өнөөгийн Улсын Их Хуралд хэт олонхыг бүрдүүлж буй эрх баригчдын байгуулсан Засгийн газрын тэргүүн нь Ерөнхий сайд болохдоо ард түмэнд хандаж хэлсэн “Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэх алдарт эшлэл хөрсөн дээр эсрэгээрээ хэрэгжиж махны үнийн өсөлт, шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт зэргээр иргэдийнхээ халаасыг хоосолж байна. Хулгайтай, аллагатай, авлигатай, хариуцлага алдсан ослуудтой, төрийн чанга хамгаалалт дор ч иргэд нь амиа алдсан, халдварт өвчинтэй өнөөгийн Засгийн газар, эрх баригчдын 2016 онд ард түмэндээ амлаж байсан мөрийн хөтөлбөрөөс нэг ч зорилт бүтэн биелсэнгүй, бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Мөн 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гарч ирсэн нь хариуцлагагүй Засгийн газар огцрох хангалттай үндэслэл.
- Эрх баригчдын их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийн асуудал, Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэл, Улсын Их Хурлын 49 гишүүн өргөсөн тангаргаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрсдөдөө олгуулсан, Төрийн ордны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн зөрчлүүд даамжирсан зэргээр өнөөгийн Улсын Их Хурал нь зүй бус хандлагын үлгэр жишээ болсноороо, ард олны итгэл үнэмшил, тэднийг манлайлан дагуулах чадваргүй болжээ.
Иймд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл үндэсний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж, Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргах ёстой гэсэн өөрсдийн байр сууриа дахин нотолж байна” гэжээ.
АН зөвлөлийн хурлаараа АН-ын дэд дарга Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд амь насаа алдсан асуудлыг авч хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-амгаланд хүсэлт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт, хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтууд, хэрэгт хамаарал бүхий хүмүүсийн олон нийтэд хандсан мэдэгдлүүдээс үзэхэд өнөөдрийн байдлаар Г.Батхүү агсан гаднын нөлөөгөөр өндрөөс унасан гэмтлүүдийн улмаас амь насаа алдсан нь улам бүр тодорхой болж байна.
Парламентад суудалтай, улс төрийн сөрөг хүчний намын дэд дарга Төрийн өндөржүүлсэн тусгай хамгаалалт бүхий Засгийн газрын ордонд амь насаа алдаад даруй 10 гаруй хоног өнгөрөөд байхад өнөөдөр Хууль хяналтын байгууллагын зүгээс тухайн хэргийг мөрдөн шалгаж байна гэдгээс өөр мэдээлэл албан ёсоор огт хийгдээгүй байна. Төр нийгэм, улс төрийн зүтгэлтэн ийнхүү амь насаа алдсан нь анхны тохиолдол биш бөгөөд С.Зориг агсны хэрэг өнөөдөр хүртэл улс төр, хууль эрх зүйн маргааныг дагуулсан хэвээр байна. Бидэнд өмнөх алдаа сургамжаа үнэлэн цэгнэж дахин давтагдахаас сэргийлэх зүй ёсны шаардлага тулгарч байна.
Тухайн хэргийг эхнээс нь улс төрийн болон бусад аливаа нөлөөллөөс ангид байлгах, энэ чиглэлээр арвин туршлагатай̆ олон улсын байгууллагын арга зүй, техник технологийн илүү өргөн боломжийг манай хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглах, хөндлөнгийн хяналт тавиулах үүднээс энэ ээдрээтэй хэргийг илрүүлэхэд Олон Улсын Парламентын Холбоогоор дамжуулан олон улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудын туслалцаа дэмжлэгийг зохих журмын дагуу авах, хамтран ажиллах ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл үзэж байна” гэлээ.
Түүнчлэн энэ долоо хоногт буюу Улаанбаатар хотноо Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган зохион байгуулагдаж байгаа тул дээрх асуудлыг Олон Улсын Парламентын холбоонд албан ёсоор тавих, нааштайгаар шийдвэрлүүлэх, цаг хугацааны хувьд болон агуулга, хэлбэрийн хувьд хамгийн тохиромжтой нөхцөл бүрдсэн байна гэж үзэж байгаагаа тодотгосон юм.