Ерөнхийлөгчийн шаардлага ба оролдлого

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн шаардлага ба оролдлого

Ерөнхийлөгчийн шаардлага ба оролдлого

Өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гаригийн /2019.05.23/ чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, “УИХ-ыг тараах шаардлага” хүргүүлж байгаагаа мэдэгдэхдээ “УИХ-ын ёс зүй, чадвар дээшилсэнгүй, улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрмөсөн алдахад хүрээд байна. Тиймээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон УИХ-ыг хугацаанаасаа өмнө өөрөө тарахыг уриалж байна” гэв.

Ерөнхийлөгчийн зүгээс Монголын парламентын эрхэнд “халдах” хоёр дахь шаардлага, хүссэн суудалдаа хүрсэн тэрбээр хүссэн эрх мэдлээ авах гэсэн хоёр дахь оролдлого нь энэ агаад өнгөрсөн онд М.Энхболдод ийм шаардлага тавьсныг УИХ “гөлөөг” ч гэж хүлээж аваагүй билээ.

М.Энхболдыг огцруулснаар том зургаар нь харвал Монголын улс төр, эдийн засаг нийгэмд ямар ч өөрчлөлт гараагүй, төрийн тэргүүний хэлснээр “УИХ-ын ёс зүй, чадвар дээшлээгүй, иргэд сонгогчдын итгэлийн бүр мөсөн алдахад хүрсэн” гэдэг үнэний ортой. Өөрийнх нь явуулж буй улс төрийн өрөг нь УИХ-ын үйл ажиллагааг гацаах, харлуулахад чиглэгдэж ирсэн ч бас худлаа биш. Хувь хүний жижиг эрх ашиг талаас нь дүгнэвэл Ерөнхийлөгч ямартай ч хууль, шүүхийн удирдлагуудыг өөрийн хүнээр сольж чадсан, “Улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд Та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж байгааг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун” гэх үгийг нь тайлж унших аваас Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олж авах Ерөнхийлөгчийн засаглал, авторитзризмын тухай юм. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө хэлэлцэхээр төлөвлөгдсөн болохыг МАН-ын бүлгийн дарга С.Тогтохсүрэнгийн “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх зургадугаар сарын эхээр өргөн барих болов уу” гэсэн хэвлэлийнхэнд өгсөн байр сууриас  харж болохоор.

Ерөнхийдөө үг хэлэх болгондоо, шинэ жил, цагаан сарын мэндчилгээндээ байнга дурдаж буй Ерөнхийлөгчийн “эрс шинэчлэл” нь үнэндээ Ерөнхийлөгчийн засаглалтай болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлж буй нь хэн бүхэнд ойлгомжтой болсон.

Гэтэл УИХ-аар хэлэлцэхээр, Д.Лүндээжанцан гишүүний ахалж боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих тухай үг, өгүүлбэр одоогоор байхгүй ч Ерөнхий сайдын эрх мэдэл өнөөдрийнхөөсөө нэмэгдэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт УИХ-аар хэлэлцэгдэх үед Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах асуудлыг ч хөндөж болзошгүй. Х.Баттулга Монголын “сүүлчийн Ерөнхийлөгч” болохгүйн тулд тэр УИХ-ыг тараах эхний нүүдлээ хийлээ. Энэ нь С.Эрдэнэтэй Ерөнхийлөгч наанаа гар барьсан мэт харагдавч, цаана нь АН-ыг алсын зорилгодоо ашиглах гэсэн амин хувийн эрх ашиг нь нуугдаж буй.

Ардчилсан намыг Х.Баттулга хүссэн үедээ ашигладаг, хүсээгүй үедээ ад болгож ирсэн нь ч худлаа биш. Тиймээс Ерөнхийлөгчид хүссэн эрх мэдлийг нь өгөх нь Ардчилсан намын хувьд “жоомоо алахын тулд байшингаа шатааж болохгүй”-тэй адилхан. Ардчиллыг тугаа болгож ирсний хувьд шүү дээ.

Монголын парламент бол угаасаа нэр хүндгүй байгууллага болоод удаж буй. Тэр тусмаа жижиг дундын “зээлтнүүд”, шар хадны галзуучууд, попын хаад, “боов”, “бандааш”-ны “хэрэгт”-нүүдээсээ болоод МАН-ын үнэмлэхүй олонхоос бүрдсэн Г.Занданшатарын парламентын нэр хүнд захын хар овоохойноос дор болчихсон. Ёс зүй, ухамсарын доройтол, муу муухай бүхний үндэс болсон УИХ-ыг тарааж болох ч, хүний эрх, эрх чөлөөт нийгэмтэйгээ үлдье гэвэл муу сайн ч гэсэн Монгол Улс парламентын тогтолцоотой байсан нь дээр.  Ерөнхийлөгчийн давхар, давхар нүүдлийн цаадах давж харах асуудал нь ардчилал уу, авторитори тогтолцоо юу? гэдэг юм.

Төрийн тэргүүний УИХ-ыг тараах эхний оролдлогыг М.Энхболд хүлээж аваагүй бол хоёр дахид нь Г.Занданшатар ямар тайлбар өгөх нь сонирхолтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж