Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сошиал сувгаар гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэн Монголын Улсын харьяат болж байна гэсэн мэдээлэл нэлээдгүй гарах болсон. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын харьяатын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Мэндсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
Гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэд Монгол Улсын харьяат болж байна гэсэн мэдээлэл олон нийтийн дунд тархаад байна. Гэмт хэрэгт холбогдсон хүн Монгол Улсын харьяат болж болдог уу?
Харьяат болох асуудал нь Монгол Улсын Харьяатын тухай хуулиар зохицуулагддаг. Тус хуулинд иргэний харьяалалтай холбоотой Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох гэсэн үндсэн 3 асуудал бий. Үүний нэг нь гадаадын иргэн Монгол Улсын харьяат болох асуудал юм. Энэ нь хуулиараа маш өндөр шалгуур, нөхцөлтэй байдаг учраас хүссэн хүн бүр Монгол Улсын харьяат болох боломжгүй. Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргаж буй гадаадын иргэний талаарх мэдээллийг тухайн улсын хууль хяналтын байгууллага болон манай улсын холбогдох хууль хяналтын байгууллагуудаас лавлагаа авч нарийн шалгадаг. Энэ дунд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон гадаадын иргэн байвал Монгол Улсын харьяат болох хүсэлтийг нь хүлээж авах боломжгүй юм.
Ер нь бол Харьяатын тухай хуулиар олон улсын эрх зүйн хэм хэмжээнд заасан хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан буюу явуулж байгаа, олон улсын алан хядах байгууллагын гишүүн гэж зарлагдсан, шүүхээр онц аюултай гэмт хэрэгтэн гэж тогтоогдсон, Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргагдсан, Монгол үндэсний ёс заншил, хуульд харш шашны урсгалыг сурталчилсан гадаадын иргэнийг Монгол Улсын харьяат болгохоос татгалздаг. Мөн Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчийн хүсэлтийг хүлээн авахаас түдгэлзүүлэх үндэслүүдэд хорих ял эдэлж байгаа, сэтгэл мэдрэлийн буюу гоц халдварт өвчтэй, мансууруулах бодис хэрэглэх донтой, архаг архичин гэдэг нь тогтоогдсон зэрэг ордог.
Сүүлийн үед хэвлэлээр төрөл бүрийн ташаа мэдээлэл гарч иргэдийг төөрөгдүүлж байна. Тиймээс үнэн зөв мэдээллийг холбогдох байгууллагуудаас авч, баттай, эх сурвалжтай мэдээллийг иргэдэд өгч байгаасай гэж хүсч байна.
Ер нь гадаадын иргэн Монгол Улсын харьяат болоход ямар шалгуур тавьдаг вэ?
Манай байгууллага бол иргэний харьяалалтай холбоотой иргэдийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, тухайн материалыг хянан шалгаж, зохих дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр уламжилдаг байгууллага. Монгол Улсын харьяат болоход олон төрлийн шалгуур бий. Тухайлбал, тухайн иргэний 3 үеийн намтар, эрүүл мэндийн тодорхойлолт, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаарх тодорхойлолт, хууль ёсны амьжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох баримт бичиг, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 5-аас доошгүй жил байнга оршин суусан байх зэрэг шалгуурыг нарийн судалж, хяналт шалгалт хийдэг. Түүнчлэн Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн байх ёстой. Энэ талаар комисс гарч тухайн гадаадын иргэнтэй ярилцлага хийдэг. Дээрх шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгийг нь хангаагүй тохиолдолд хүсэлтийг буцаана. Харин шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан иргэний материалыг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт шийдвэрлүүлэхээр уламжилдаг. Монгол Улсын харьяат болох эсэх талаарх эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргадаг гэсэн үг.
Гадаадын иргэний хүсэлт хэдий хэр хугацаанд шийдвэрлэгддэг вэ?
Иргэний харьяаллын асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч, хянан хэлэлцэж, шийдвэр гаргах хугацаа зургаан сараас хэтрэхгүй байна. Иргэний харьяаллын асуудлаар татгалзах шийдвэр гарсан бол хагас жилийн дотор уг асуудлаар дахин гаргасан өргөдлийг хүлээн авдаггүй.
Холбоотой мэдээ