Төв аймгийн Заамар суманд ажиллаж байсан алтны уурхайд хоёр сарын өмнө осол гарч, хүний алтан амь эрсэдсэн. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь уурхайд мөн ноцтой осол гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 23-ны өдөр 23.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг “Шарын гол майнинг" алтны уурхайд осол гарсан байна. Тус компанийн Хово автомашины оператор 29 настай Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолджээ.
Ослын газарт Дархан-Уул аймгийг Онцгой байдлын газраас 10 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас долоон алба хаагч ажиллаж байна. Өчигдрийн /2019.05.26/ байдлаар алба хаагчид 10-11 метрийн гүнд 30 удаагийн шумбалт хийж, мөн өдрийн 15.17 цагт осолдсон автомашины байршлыг тогтоожээ. Мөн осолдсон тухайн газар руу 2200 м3 шороо зөөвөрлөж, 28.5 метрийн урттай, 16 метрийн өргөнтэй, 3 метрийн өндөртэй хамгаалалтын шороон далан байгуулсан байна. Одоогоор осолдсон ажилтны цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй бөгөөд хөрсний чулуулаг хуулж байсан газарт том хэмжээний хагарал үүссэн байхад ажиллаж байсан нь тогтоогдсон байна.
Э.БУРАМ