Бямба гараг &#34Автомашингүй өдөр&#34

Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

Бямба гараг &#34Автомашингүй өдөр&#34

Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн олон улсын гүйлт зургаадугаар сарын зургааны /06.06/өдөр болох бөгөөд тухайн өдөр нийслэлийн зарим замын хөдөлгөөнийг хэсэгчилэн түр хааж, иргэдийг спортоор хичээллэх боломжийг олгох юм.

Автомашингүй өдрөөр зам хэсэгчлэн хаана

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газраас гаргасан маршрутын дагуу “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд дараах замуудын хөдөлгөөнийг 07:00- 19:00 цагийн хооронд  түр хязгаарлана.

-Зүүн дөрвөн замын уулзвараас баруун тийшээ Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж-Сансарын тунел,

-Токиогийн гудамж /Сансарын Петровисын колонкоос урагш хэсэг/ Чингис зочид буудлын зүүн хойд уулзвар хүртэлх,

-11 дүгээр хорооллын Залуучуудын өргөн чөлөө, Бага тойруугийн зам Ж.Самбуугийн гудамж

-Гэсэр сүмийн уулзвараас зүүн тийш замууд

-Энхтайваны өргөн чөлөө-Баруун 4 зам хүртэлх

-Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүрний хойд талын хэсэг,

-Олимпийн гудамж, Буян ХХК-ийн зүүн зам дотогш замууд хамаарагдана.

Эдгээр замууд хаагдахтай холбогдуулан Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 51 чиглэлд өөрчлөлт оруулж, 676 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар Нийслэлийэн Тээврийн газраас төлөвлөлт хийгдээд байна.

Гол гудамж замууд хаагдах үед Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун 4 зам, нарны гүүрээр үйлчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах тул тухайн өдөр цахилгаан тээврийн хэрэгсэл буюу троллейбусны Т:2 "ХМК – Офицеруудийн ордон", Т:3 "3.4-р хороолол  – БММЗ", Т:4 "Вокзал – Ботаникийн цэцэрлэг", Т:5 "Офицеруудын ордон – 3,4 хороолол" чиглэлийн үйлчилгээ зогсоно.

Дэлхийд өдөрт 500 гаруй хүүхэд зам тээврийн ослоор нас барж байна

Мөн энэ өдөр  “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнтэй хамтруулан Чингисийн талбайд “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриан дор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын дэмжлэгтэйгээр Эрүүл Мэнд, Спортын Яам Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд , Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар, МУЗН МЗХ,  НЗДТГ болон бусад холбогдох байгууллагууд хүүхдийн арга хэмжээг хамтран зохион байгуулах гэж байна.

Дэлхийд нэг жилд зам тээврийн ослоор 186 мянга 300 хүүхэд, өдөрт 500 гаруй хүүхэд нас барж байгаа тухай ДЭМБ-аас мэдээлж байна.  Зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүдийн 78 хувь нь явганаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа буюу зам хөндлөн гарч, замын ойролцоо тоглож байхдаа осолд орсон байна.  Тиймээс жолооч нарын анхаарлыг нэмэгдүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байхыг ДЭМБ-аас байнга зөвлөдөг байгаа юм.

Харин Монгол улсад 2010-2014 онд зам тээврийн осолд 14 мянга 151 хүүхэд өртжээ. Гэхдээ эдгээр  хүүхдүүдийн 4 мянга гаруй нь тохиолдол буюу 29.3 хувь нь 0-6 нас, 7216 тохиолдол буюу 51 хувь нь 7-14 нас, 2788 тохиолдол буюу 19.7 хувь нь 15-17 насныхан байжээ. Ослын шалтгаан нь  хүүхдээ зориулалтын суудалд суулгахгүй, хамгаалах бүс зүүлгэхгүй автомашинд авч явж байгаа нь хүүхэд гэмтэж бэртэх, цаашлаад амиа алдахад нөлөөлдөг гэлээ.


Чингисийн талбайд зургаадугаар сарын 6-н өдөр зохион байгуулах ажлууд:

  • Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх талаар олон нийтийг мэдээллээр хангах тусгай тоноглогдсон автобус 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж иргэдэд мэдээлэл түгээнэ.

  • Анхны тусламж үзүүлэх талаар өсвөр үеийнхэнд болон иргэдэд 09:00-17:00 цагийн хооронд сургалт явуулах

  • Автомашины хүүхдийн зориулалтын суудлыг хэрхэн хэрэглэх, ач холбогдлын талаар иргэдэд сурталчлах, зааварчилгаа

  • Дугуйн парад 15:00 цагаас явагдана.

  • Хийн дасгалын үзүүлбэр

  • Цэцэрлэгийн насны хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн талаар үзүүлбэр

  • Бүх нийтийг хамарсан “Алхалт, Алхалт, Алхалт” гимнастикийн үзүүлбэр 12:00 цагаас гарна 

  • “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт жүжиглэсэн тоглолт

  • Дугуйн Экстрим спорт үзүүлбэр 

  • Дүдү хүүхдийн угсардаг машины танилцуулга хийгдэж, хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан 

  • Байгууллага, олон нийтийн парад

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж