“ICT Expo-2015”-ын хүрээнд өнгөрсөн пүрэв гарагт “ICT Awards” шагнал гардуулах ёслол боллоо. Энэ үеэр уг үзэсгэлэнд оролцсон шилдэг байгууллагуудыг тодруулсан юм. Тэгвэл “Хулан Контент” компанийн onair төсөл “ICT Awards”-ын “Шилдэг шийдэл” шагналыг хүртлээ.
Тус компанийн онлайн ертөнцөд нэвтрүүлээд буй www.onair.mn цахим хуудаснаас иргэд Монголын 40 гаруй телевизийн эфирийг үүлэн технологиор шууд болон 14 хоногийн хугацаатай ухрааж үзэх боломжтой. Хэрэглэгчид мэдээ мэдээлэл, контентыг хүссэн үедээ, хаанаас, хэдийд ч ашиглах сонирхолтой болсон энэ үед тэдний хэрэгцээг хангахын тулд "OnAir Cloud" нь контент бүтээгч бизнесийн болон төрийн байгууллага, хувь хүмүүст зориулж бий болсон платформ юм.
"OnAir Cloud"-ыг ашиглан хэрэглэгчид телевизийн шууд эфирийг онлайнаар дуу дүрсний өндөр нягтаршилтайгаар шууд хүлээн авах боломжтой. Мөн 40 гаруй телевизийн хөтөлбөрийг нэг дороос харуулах зэрэгцээ гарч дууссан хөтөлбөрийг шууд нөхөн үзэх боломжтойгоороо онцлог аж.
"ONAIR" үйлчилгээний Техник хариуцсан захирал М.Эрхэмбаатар: "Энэ удаагийн "ICT EXPO 2015" үзэсгэлэнд оролцож "Шилдэг шийдэл" шагналыг гардаж авлаа. ONAIR үйлчилгээ нь хэрэглэгчдэд Монголын телевизүүдийн 40 гаруй сувгийг байршлаас үл хамааран дэлхийн хаанаас ч үзэх боломжийг олгож байгаа. Өнгөрөгч жилийн хоёрдугаар сараас эхлэн бэлдэж эхэлсэн. Туршилтын ажлыг эхлүүлээд гурван сар гаруйн хугацаа өнгөрч байгаа хэдий ч хүмүүс мэддэг болсон. Удахгүй албан ёсоор нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа." гэв.
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын ололт амжилтыг харуулах зорилготой "ICT Expo-2015" үзэсгэлэнд 40 гаруй байгууллага, компани оролцсоны дотор OnAir үйлчилгээг хэрэглэгчид талархан хүлээж авсан билээ.
Л.ДЭЛГЭР