-ФИФА-гийн ерөнхийлөгч Блаттер тав дахь бүрэн эрхээ эдэлж чадсангүй–
Йозеф Блаттер
Фото: imago sportfotodienst / Global Look
ЦЮРИХИЙН АЛМАЙРАЛ
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны ерөнхийлөгч Йозеф Блаттерийг сайн дураараа огцорно гэж хэн ч хүлээж байсангүй. FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа швейцари эр сонгуулийн үр дүнд тун сэтгэл хангалуун байсан бөгөөд хэн ч харсан түүнийг ийм хурдан удирдагчийн байр сууриа тавьж өгнө гэж бодоогүй нь мэдээж.
Хөлбөмбөгийн төлөө олон жил ажилласан, өндөр туршлагатай Блаттерийн хувьд уг нь FIFA-гийн ерөнхийлөгчийн тав дахь хугацаа нь дөнгөж эхэлж байлаа.
Зургадугаар сарын 2-ны орой буюу өчигдөр FIFA-гийн албан ёсны сайтад тусгай хэвлэлийн бага хурлын тухай мэдээлэл нийтлэгдэв. Хэвлэлийн бага хурал болохоос цаг хагасын өмнө сэтгүүлчдэд хэвлэлийн хурлын зар түгсэн нь онцгой зүйл болсныг илтгэж байв. Гэхдээ хэн ч Йозеф Блаттерийг огцрох мэдэгдэл хийнэ гэж таамаглаагүй. Тэдний ихэнх нь FIFA-г тойрсон авлигын шинэ дуулианы талаар мэдээлэл хийнэ гэж бодож байлаа.
Гэтэл Блаттер “Сонгууль дуусан ч гэлээ FIFA-г шинэчлэх уриалга, шаардлага үргэлжилсээр байна. Тийм ээ, FIFA-д бүтцийн шинэчлэл хэрэгтэй. FIFA-гийн конгрессийн төлөөлөгчид надад итгэл үзүүлсэн ч бүгд намайг сонгоогүй. Би нухацтай бодсоны үндсэн дээр намайг залгамжлах хүнийг сонгох ээлжит бус тусгай конгрессийг ойрын үед хуралдуулах хүсэлтийг гаргаж байна” гэсэн гэнэтийн мэдэгдэл хийсэн нь танхимд цугларсан олныг алмайруулав.
Ялалтынхаа дараа сайн дураараа огцрох шийдвэр гаргасан FIFA-гийн удирдагч өөр олон зүйл ярьсангүй. Сэтгүүлчдийн асуултад ч хариулсангүй.
Ийнхүү FIFA-г 1998 оноос удирдаж буй швейцари эр 2016 оны тавдугаар сард төлөвлөгдсөн ээлжит конгрессоо хүлээлгүйгээр замаа тавьж өглөө. Ээлжит бус тусгай конгресс 2015 оны арванхоёрдугаар сараас 2016 оны гуравдугаар сарын хооронд хуралдах бололтой. Тэр болтол Блаттер ерөнхийлөгчийнхөө үүргийг гүйцэтгэж байх юм.
ОРОС ТҮГШИЖ, КАТАР НОЙР АЛДАВ
Блаттер гэнэтхэн явахаар шийдсэн нь Оросын хөлбөмбөгийн түшмэдүүдэд гэнэтийн цохилт болов. Оросын Хөлбөмбөгийн холбооны Хүндэт ерөнхийлөгч Вячеслав Колосков түүнийг "Огцрох хүсэлгүй байсан" гэж ярьжээ.
“Блаттер явах тухай яриагүй. Тэр сонгуульдаа итгэлтэйгээр ялсан. Йозеф байгууллагынхаа гэрэлт ирээдүйн тухай, авлигатай тэмцэх талаар арга хэмжээ авна гэдгээ амласан. Тэр дөрвөн жилийн дараах шинэ ерөнхийлөгч цэвэр нэртэй, нэр хүндтэй байгууллагыг надаас хүлээж авна гэж итгэлтэйгээр хэлж байсан хүн шүү дээ. Гурав хоногийн өмнө лав Блаттерт FIFA-г орхих тухай санаа огт байгаагүй. Түүнийг FIFA-д хагарал бутрал гаргахгүйн тулд огцорч байгаа гэх яриа гарч байна. Тэр өөрийнх нь төлөө 133 холбоо, түүний дунд самуун дэгдээгч UEFA-гийн холбоод хүртэл санал өгснийг сайн мэдэж байгаа. Тэр хүмүүс эрсдэл хийснийг ч мэдэж байгаа. Блаттер тэдний талаар бодохгүй өнгөрнө гээгүй биз. Хэрэв энэ талаар бодоогүй бол муу л байна. Блаттерт ийм шийдвэр гаргах ямар нэгэн шинэ нөхцөл байдал тулгарсан байх сэтгэгдэл надад төрж байна. Гадны дарамт байсан уу…? Хэвлэлийн бага хурал дээр “үнэн” мэдэгдэл хийгээгүй гэдгээ өөрөө хэлэх хүртэл нь хүлээж суухаас” хэмээн Оросын Хөлбөмбөгийн холбооны Хүндэт ерөнхийлөгч Вячеслав Колосков нэмж хэлжээ.
“Миний хувьд Блаттер огцорсон явдал гэнэтийн хэрэг боллоо. Блаттерийн өргөдлөөс харвал тэр FIFA-г хадгалж үлдэхийг хүсч, шинэчлэлээ үргэлжлүүлэхийг хүлээж байгаа нь ойлгомжтой байна” гэж Оросын Спортын сайд Виталий Мутко ярьсан байна.
“Блаттерийн оронд хэн ирэх бол, ямар сонгууль болох вэ гэдэг нь чухал. Юу ч болж болно. Минийхээр бол одоо энэ албан тушаалд Мишель Платини илүү таарна. Бусадтай харьцуулахад тэр илүү бэлтгэгдсэн, туршлагатай хүн” хэмээн Оросын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Никита Симонян мэдэгджээ.
Блаттерийн ялалт 2018 оны ДАШТ-ий эрхийг Оросоос авахгүй гэдгийн баталгаа болж байлаа. Мэдээж сонгуульд оросууд түүний төлөө санал өгсөн. Гэтэл Блаттер огцорсноор тэдний байдал дахин хурцдаж байна. Хэрэв Оросоос ДАШТ-ийг салгавал тэд авлигыг дэмжигч болж хувирна. Харин оросууд тэдний мөрөөдөл хулгайлагдсан гэх гомдлыг үргэлж санаж явах юм.
ФИФА-гийн зарим холбоод_, тухайлбал Англи 2018 оны тоглолтыг бойкотлох санал гаргаж байв. Гэхдээ UEFA-гийн тэргүүн Мишель Платини үндэсний холбоодын энэ санааг дэмжээгүй билээ.
Оросуудын хувьд нэг их санаа зовох хэрэггүй мэт. Учир нь одоо тэмцээн болоход гуравхан жилийн хугацаа үлдсэн, мөн бэлтгэлийн асар их ажил өрнөсөн байгаа. Мундиалийг хоёр жилийн өмнө өөр газарт шилжүүлэх тийм ноцтой алхамыг шинэ ерөнхийлөгч хийхгүй биз. Гэхдээ л хорио, шахалтад байгаа оросууд түгшүүртэй байдал хэвээр үлдэж байна.
Харин 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрх аваад буй Катарт байдал ноцтойгоор эргэлээ. Катарын ДАШТ 11, 12 дугаар сард болно гэсэн мэдээний дараа өөрсдийн үндэсний тэмцээн, евро цомуудын тоглолтоо тасалж, тийшээ нисэх хүсэл Европын орнуудад төдийлөн төрөхгүй болсон билээ. Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Грег Дейк мэдэгдэхдээ, “Катарчуудын оронд байсан бол миний нойр тун тааруу байх байсан” гэж хэлсэн юм.
Оросоос ДАШТ-ийг салгах сэдвийн тухай яриаг цэглэхийн тулд Английн хөлбөмбөгийн холбоо Оросын тэмцээнийг бойкотлоно. Гэхдээ Блаттер албан тушаалдаа үлдсэн тохиолдолд л түүнийг хийнэ гэснийг сануулах хэрэгтэй биз. Ямартай ч Швейцари эр тэтгэвэртээ гарч байгаа болохоор Европын орнуудын ярианы өнгө өөрчлөгдөх нь дамжиггүй.
FIFA-гийн төв байр, Цюрих.
Фото: imago sportfotodienst / Global Look
ЕВРОП БАЯРЛАЖ БАЙНА
Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой жинхэнэ дайн хийж байгаа Европын хөлбөмбөгийн холбоо Блаттерийн огцорч буй мэдээг өөдрөгөөр хүлээн авлаа. “Энэ бол хүнд шийдвэр, зоригтой шийдвэр, зөв шийдвэр” гэж UEFA-гийн тэргүүн Мишель Платинийн хэлснийг BBC иш татжээ.
Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Грег Дейк энэ үйл явдлыг тэмдэглэн баяр хийх санааг дэвшүүлж байна. Англи 2018 оны тэмцээн явуулах эрхээ алдсаны дараа Блаттер тэдний хувийн дайсан болсон гэхэд нэг их хол зөрөхгүй. Английн хөлбөмбөгийн холбооны дэд тэргүүн Дэвид Гилл FIFA-гийн Гүйцэтгэх хороонд ажиллагаагаа сэргээхэд бэлэн гэлээ. Блаттер ялсны дараа тэрээр эсэргүүцэл зарлан тэр тэнд ажиллахаас татгалзсан юм.
“Блаттерийн огцролт нь урт хугацаанд гарч байгаа шилдэг мэдээ. Блаттерийн зайлалт дэлхийн хөлбөмбөгийн шинэ эриниг эхлүүлж байна. Холбооны авлигад идэгдсэн дээд хэсэг ойртон ирж буй төгсгөлөө мэдэрч байна. Тэднийг жинхэнэ цунами арчина” гэж FIFA-гийн хаягаар шүүмжлэл их хэлдэг бразилийн Ромарио өгүүлжээ.
“FIFA” болон длхийн хөлбөгийн хувьд сайхан өдөр. Өөрчлөлт гарлаа. Энэ өдөр эрт орой хэзээ нэгэн цагт ирнэ гэж би баасан гаригт хлж байв. Ингээд тэр өдөр ирлээ! Одоо бид FIFA дахь ардчилал, ил тод байдал, эрч хүчний шинэ үеийг эхлүүлэхийн тулд хариуцлагатайгаар, тайвнаар нийтлэг шийдвэрээ олох хэрэгтэй болж байна” хэмээн тус байгууллагын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан португалийн хөлбөмбөгчин асан Луиш Фигу өөрийн фэйсбукт бичсэн байна.
FIFA-Г ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА?
Ээлжит бус тусгай конгресс нь 2015 оны арванхоёрдугаар сараас 2016 оны гуравдугаар сарын хооронд цугларах бололтой. Тэр болтол Блаттер ерөнхийлөгчийнхөө үүргийг гүйцэтгэж байх юм.
Өндөр албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтээ Иорданы жонон Али бин Аль-Хуссейн дахин илэрхийллээ. Хэдхэн хоногийн өмнөх сонгуулиар тэр швейцари хөгшинд 73:133 харьцаатайгаар эхний санал хураалтад ялагдаад дараагийн санал хураалтаас нэрээ татсан байлаа.
Өөр нэг нэр дэвшигч нь Францын шигшээд тоглож байсан хөлбөмбөгчин Давид Жинола болж байна. Тэрээр өнгөрсөн сонгуульд оролцохоор оролдсон ч нэгдүгээр сард өрсөлдөөнөөс гарсан юм.
Мишель Платини сонгуульд өрсөлдөнө гэж олон хүн тооцож байгаа ч тэр одоогоор энэ талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Одоо Блаттерийг ямар ирээдүй хүлээж байгаа бол? Тэрээр эрх чөлөөгөө авч үлдэхээр тохиролцон FIFA-г сайн дураараа орхисон байж магадгүй юм.
Саяхан FIFA-гийн авлигын хэрэг шинэ дуулианаар нэмэгдлээ. Тус байгууллагын данснаас FIFA-гийн дэд ерөнхийлөгч Хойд ба Төв Америк, Карибийн бүсийн орнуудын холбоодын ерөнхийлөгч Жек Уорнерийн дансанд 10 сая еврог байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке 2007 онд шилжүүлсэн нь илрэв. FIFA шилжүүлэг хийгдсэнийг үгүйсгэлгүйгээр түүнийг няцаахыг оролджээ.
Швейцарийн Прокурор Блаттерт хэрэг нээгүй гэсэн юм. Гэтэл тэр нь АНУ-д түүний эсрэг хэрэг мөрдөгдөөгүй баталж чадахгүй. NY Times сонины эх сурвалж Блаттерийг Холбооны мөрдөх товчоо, АНУ-ын Прокурорын алба мөрдөн байцаалтдаа оруулж байгаа гэжээ. Асуудал өнгөцдөө иймэрхүү.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР