ОХУ-ын төмөр замын тээврийн РЖД компанийн охин компани болох "Федеральная пассажирская компания" энэ зун олон хүүхэдтэй гэр бүлд хөнгөлөлттэй үнээр зорчих боломж олгож байгаагаа зарлалаа. Зуны амралтаараа гэр бүлээрээ зорчих олон хүүхэдтэй гэр бүлд тасалбарын үнийн 20 хувь хүртэл хөнгөлөлт олгоно гэж "Федеральная пассажирская компания" компанийн Ерөнхий захирал Петр Иванов хэлжээ.
Хөнгөлөлт тавдугаар сарын 31-нээс долдугаар сарыг дуустал хоёр сарын хугацааанд үйлчилнэ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ холбогдох баталгаат баримт бичгийг үзүүлэн 10-17 насны хүүхэддээ тасалбарыг 20 хувь хөнгөлөн авах боломжтой.
Петр Ивановын хэлснээр Оросын гэр бүлийн 65 хувь нь нэг хүүхэдтэй, 28 хувь нь хоёр, 7 хувь нь гурваас дээш хүүхэдтэй байгаа ажээ. Хөнгөлөлт хоёроос дээш хүүхэдтэй гэр бүлд хамаарна гэдгийг тэрбээр онцолсон юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ