Дэлхийн хамгийн том жорлон Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том жорлон Улаанбаатар

Яг нэг жилийн өмнө дэлхийн хамгийн том шорон бол Монгол хэмээн Блүүмбергийн сурвалжлагч Michael Kohn, Yuriy Humber нар бичсэн нь тухайн үедээ багагүй дуулиан тарьж байв. Тэд “Монгол орныг гадаадынхан их элсэн цөл, тал нутаг, ашигт малтмалын арвин их нөөцөөр нь мэддэг. Гэхдээ өнөөгийн нөхцөлд зарим нэг гадаадынхан Монголыг арай өөрөөр мэддэг болж байна. Тодруулбал, дэлхийн хамгийн том шорон. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг “түлхэх” болсон тус улсын хувьд одоогоор гурван ч улсын үндэстэн дамнасан корпорацитай хууль, шүүхийн асуудалтай байгаа” талаар нийтэлж байсан юм.

Монголын ашигт малтмалыг тойрсон, тэр тусмаа хоёр толгой дээрх хойд, урд хоёр хөршийн өрсөлдөөн явагдаж, саарал ордон тэр чигтээ, зэс, нүүрсээр амьсгалах хойгуур Улаанбаатар дэлхийн хамгийн том жорлон болоход ойрхон ирснийг  УСУГ-ын дарга С.Үнэн олон нийтэд мэдэгдэж, хоёр сонголт байгааг нийслэлчүүдэд тулгав. Нэг нь гурван хоног нийслэлчүүд “усны зовлон” эдлэх, нөгөө нь Туул гол руу бохироо тэр чигээр нь асгах. Аль, аль нь аргагүйдсэн хүнд хувилбар.

Монголын нийслэл Улаанбаатар 2007 онд нэг сая иргэнтэй Метрополис хот болсноо зарласан ч, хүн нэмэгдэхийн хэрээр, хүнс өсдөг, хүнс өсөхийн хэрээр гаргадаг ялгадас нь ихэсдгээ хотын үе, үеийн дарга нар тооцож байгаагүй нь том алдаа болов. Ингээд энэ сарын 10-наас нийслэлчүүдийн өтгөн, шингэнийг тэр чигээр нь Туул гол руу асгахаар болж байх шиг.

Албаны хүмүүсийн ярьж буйгаар анх барьсан 1964 оноос хойш хоёр удаа бага зэргийн өргөтгөл хийснийг эс тооцвол томоохон шинэчлэлт хийгээгүй тус байгууламж хоногт 65 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадлаасаа гурав дахин их буюу өнөөдөр 175 мянган шоо метр бохир цэвэрлэх болсон байна. Тэгэхээр   цэвэрлэх байгууламжид гурван хоног засвар үйлчилгээ хийнэ гэж тооцвол 525 мянган шоо метр бохирыг Туул гол руу шууд асгах нь. Дээр нь ил задгай  хэдэн зуун мянган жорлонг нэмбэл Улаанбаатар дэлхийн хамгийн том жорлон болоход ойрхон байна.

УСУГ-ын дарга С.Үнэн цэвэрлэх байгууламжийг засахад нийтдээ 900 тэрбум төгрөг шаардлагатайг дурдсан. Монголын жилийн төсвийн зургааны нэгтэй тэнцэх ийм хөрөнгө улайсан дансанд маань байхгүй. Цалин, тэтгэврээ яаж цагт нь өгөх вэ гэж чардайж байгаа  засаг шүү дээ.

 Эдийн засаг ингэтлээ дор орохоос , өөрөөр хэлбэл,  Улаанбаатарыг дэлхийн хамгийн том жорлон болгохгүйгээр шийдэх боломж, мөнгө нь  Монгол Улсад байгаагүй биш байсан юм.. “Эх орны хишиг”, “Эрдэнийн  хувь" болгож тараасан 800 тэрбум төгрөгөөр  цэвэрлэх байгууламжаа засварлах бүрэн боломж байлаа. Цаашлаад өнгөрсөн жилүүдэд үргүй ажилд зарцуулсан хөрөнгөөр төв цэвэрлэх байгууламжаа засаад явсан бол өнөөдөр арай ч өмхийдөө дарагдахгүй байж болохоор байсан.

“Метрополис хот боллоо”, “метротой байх ёстой”, “ядаж л рейлбустай болно” гэж хөөрцөглөн,  3,9 сая ам.доллараар рейлбус худалдан авч, 30 саяын алдагдал хүлээж байхаар  цэвэрлэх байгууламжаа засч засварласан бол өдийд өтгөн шингэнээ яах вэ гээд толгой гашилгаж суух уу. Өнгөрсөн  хоёр жил тараасан 4.5 тэрбумын үнэтэй хогны уутны мөнгийг бохирынхоо асуудлыг шийдэхэд нэмэрлэж болох л байсан. Өнөөдөр нийслэлчүүд өтгөн шингэндээ дарагдах аюул нүүрлэсэн нь мөнгөндөө биш, хүсэлгүйдээ байсан болов уу.

Хоёр жилийн өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр 2720 ширхэг тусгаарлагч шонг урд хөршөөс оруулж ирэхэд 50 орчим сая төгрөг зарцуулсан ч жил бололгүй эвдэрч,  Авто тээврийн газрын аж ахуйн хашаанд овоолгоотой хог болоод хэвтэж байна. Энэ мэт өнгөрсөн 20, 30 жилд цэвэрлэх байгууламжаа засахад хэрэгтэй байгаа 900 тэрбумыг хэн гээч дарга юунд зарцуулаад, үр дүнгүй салхинд хийсгээд өнгөрсөнийг өнөөдөр хэлэхэд хэцүү.

Ингээд л өвөлдөө агаарын бохирдолдоо, зундаа бохирын бохирдолдоо нийслэлчүүд дарагдаж, Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх нь алхам тутамд нь зөрчигдөх болов. Одоо тэгээд өмхий гээд хошногоо тайрч хаялтай нь биш дээ. Асуудлаа шийдвэрлэхэд бүгдээрээ оролцъё. Улаанбаатарт орон сууцны барилга барьж байгаа компаниуд, арьс, ширний үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүд, төрийн хувийн хэвшил гэлтгүйгээр, мөн түүнчлэн орон сууцанд амьдарч байгаа иргэдээс хандив цуглуулъя. 

Бохироосоо болж холер, хижиг зэрэг халдварт өвчин дэлгэрвэл Монгол Улс 900 тэрбум байтугай хөрөнгө, мөнгө, хүний хохирол амсч магадгүй юм. Иргэдийн амь насанд ч эрсдэл нүүрлэнэ.

Улс орныхоо эдийн засгийг хямралаас гаргахын тулд Өмнөд Солонгосын хүүхнүүд үсээ экспортод гаргаж, үнэт эдлэлээ хандивлаж байсан гэлцдэг. Үс, үнэт эдлэлээ өгөхөө байг гэхдээ, үүргээ ухамсарлаж, өмхийрөхөд ойртсон хотоо аварцгаая. Өөрсдийнхөө эрүүл мэнд, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхныг төлөө шүү дээ.

Харин дараа нь өтгөн, шингэнээ үйлдвэрлэж, мөнгө болгодог дэлхийн аргыг нэвтрүүлэхийг эрх баригчдаас шаардая. Өнөөдөр олон улс орон өтгөн, шингэнийг боловсруулах технологийг альэрт,  далаад оны үеэс нэвтрүүлж, бордоо үйлдвэрлэдэг, цэвэр ус гаргаж авдаг болчихоод байхад бид бохироо ундныхаа ус руу асгасаар суух уу.

                                                                                                                             Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж