Хэнтийд нөхөн сонгууль “болохгүй”

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

Хэнтийд нөхөн сонгууль “болохгүй”

Хэнтийд нөхөн сонгууль “болохгүй”

Хэнтий аймгийн 42-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөндсөнөөр тус тойрогт зургадугаар сарын 30-нд нөхөн сонгууль зохион байгуулахаар товлоод буй.

Энэ удаагийн нөхөн сонгуульд 11 нам оролцохоо мэдэгдэж, эхнээсээ нэр дэвшигчдээ тодруулаад буй. Тухайлбал, МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг тодруулахаа зарласан бол Ардчилсан намын зүгээс Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх саналтай байгаагаа аймгийн намын хороо нь мэдэгдсэн. Харин аймгийн намын хорооныхоо шийдвэрийг ҮБХ эцэслэх юм. Мөн МАН-ын Бага хурал тавдугаар сарын 28-нд хуралдаж, нэр дэвшигчээ тодруулна. МАН-аас энэ удаагийн сонгуульд намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр “тохиролцоод” буй. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд хамгийн их хүч хаях, анхаарал татах гурван нам хэн хэнийг нэр дэвшүүлэхээс нөхөн сонгуулийн ерөнхий хана гарах боломжтой.

Хэдийгээр намууд нөхөн сонгууль болно хэмээн нэр дэвшигчдээ тодруулж, хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр зорьж буй ч Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан нөхөн сонгууль болох эсэхийг өнөөдөр хэлэлцэн шийднэ. Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын 2018 оны зурдугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлснийг өнөөдөр /2019.05.27/ Цэцийн дунд суудлаар хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл,

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг Цэцийн дунд суудлаас гаргасан тохиолдолд энэ удаагийн нөхөн сонгуульд дахин хойшилж магадгүй юм.

Учир нь 2018 оны долдугаар сард УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдсөний дараа аравдугаар сарын 30-нд нөхөн сонгууль зохион байгуулах тогтоолыг УИХ баталж, аравдугаар сард зохион байгуулахаар болсон ч мөн л иргэн Цэцэд гомдол гаргаснаар нөхөн сонгууль хойшилж байсан юм. Бүтэн нэг жил чимээгүй байсан иргэд гэнэтхэн нөхөн сонгууль болохоос сар гаруйхны өмнө Цэцэд гомдол гаргаж, тэрийг нь маш хурдан хүлээн авч, маргаан үүсгээд, өнөөдөр хэлэлцэх гэж байгаа нь өөрөө Хэнтийд нөхөн сонгууль болох уу гэдэг эргэлзээг төрүүлж байгаа юм.

Цэц ямар шийдвэр гаргахаас нөхөн сонгуулийн хувь заяа шийдэгдэх учраас намууд хуулийн хугацаандаа нэр дэвшигчээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлнэ хэмээн мэдэгдээд буй. Харин энэ сонгуульд хамгийн их ач холбогдох өгөх МАН нэр дэвшигчээ тодруулах Бага хурлаа тавдугаар сарын 28-ны 15.00 зарласан нь учиртай ч байж мэдэх. Сонгуулийн хуулийн дагуу нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд СЕХ бүртгэж, зургадугаар сарын 5-ны өдөр  нэр дэвшигчийг бүртгэх эсэхээ шийдвэрлэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох учиртай. Тиймээс МАН яагаад цагийг нь тулгаж нэр дэвшигчээ тодруулахаар хурлаа зарлав, эсвэл нөхөн сонгууль болохгүйг тэд мэдэж байгаа юу, эсвэл МАН-ынхны ярьж байгаачлан рейтинг өндөртэй, ялалт байгуулах нэр дэвшигч нь тодорхой болчихсон, тохирсон учраас Бага хурлаа тулгаж товлов уу. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр аль хэдийнэ гарчихсан, нөхөн сонгууль болохгүй гэх бор шувуу ч улс төрийн хүрээнд яригдаад эхэлжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж