Францын хөгжмийн зохиолч Ф.Херольдын “Дэггүй Лиз” хошин балетыг өнөөдөр УДБЭТ-ын уран бүтээлчид сонгодог урлаг сонирхогчдод зориулан тайзнаа толилуулна. Удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд, найруулагчаар Ц.Чинзориг, тайзны зураачаар УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураачаар СТА Г.Оюун нар ажиллаж байна.
Хайр сэтгэл, нандин харьцааны талаар өгүүлэх энэхүү сонгодог бүжгэн жүжиг нь бүх насныханд тэр дундаа хүүхдийн урлагийн боловсрол, нийгэмд байр сууриа олох, алс ирээдүйн хүмүүжилд нь эергээр нөлөөлөх юм.
Хатагтай Симона ганц охинтойгоо амьдрах ба үзэсгэлэнтэй тэрхүү охиныг Лиз гэнэ. Симона хатагтай өөрийн ганц охиноо хөрөнгө чинээтэй айлын ганц хүүтэй суулгахаар тохиров. Лиз охин өөртэй нь суулгахаар болсон Аленд дургүй бөгөөд чинхүү хайртай залуу болох Колентойгоо гэр бүл болохыг мөрөөднө. Симона хатагтай ганц охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг цааш өрнөнө…
Хоёр бүлэг, гурван үзэгдэлт энэхүү балетыг 1789 онд Францын Бордо хотын "Гранд Опера" театрт анх тоглож байсан бол манай тайзнаа энэ оны тавдугаар сарын 27-нд анх тавьж байв.
Б.ЦЭЦЭГ