Дэлхийн ноён оргил Эверест уулын оргилд золгүй байдлаар амиа алдсан уулчдын тоо арав даваад байна. Өчигдөр /2019.05.25/гэхэд Их Британийн уулчин, 44 настай Робин Хайнес Фишер нь оргилоос уруудан бууж байхдаа нас барсан байна. Түүнчлэн өнгөрч буй долоо хоногт Энэтхэгийн дөрөв, Балба, Австри, АНУ-ын тус бүр нэг иргэн Эверест уулын замд буух явцдаа түгжрэлд орж нас баржээ.
Балбын албаныхан энэ онд Эверест ууланд авирах зөвшөөрлийг их хэмжээгээр олгосноос уулчдын замд түгжрэл үүссэн байна. Өөрөөр хэлбэл, Эверестын оргилоос уруудах уулын жимд уулчид түгжрэлд орж, энэ үеэр өндрийн өвчлөлөөс болж ийнхүү 10 гаруй уулчин амиа алдсан харамсалтай мэдээ дэлхийг цочроож байна.
Балбын албаныхан энэ хавар нэг хүний 11 мянган ам.долларын 381 зөвшөөрлийг олгосон аж. Тиймээс Эверест уулын оргил руу хүрэх, буух замд уулчид түгжирч, Балбын албаныхны хэт мөнгөний төлөөх энэ явдал олон уулчны амийг авахад хүргээд буй. Өөрөөр хэлбэл, хэт их мөнгөний төлөө олон зөвшөөрөл олгосон нь Эверестийг хилэгнүүлсэн бололтой.
Уулчдын амь эрсэдсэн хэрэгт Балбын засгийн газар олон улсаас шүүмжлэлд өртөж байна. Энэ хаврын авиралт эхэлснээс хойш нийтдээ 20 хүн нас барсан нь өнгөрсөн 2018 онд Эверест ууланд нас барсан хүний тоотой тэнцжээ.
Хаврын авиралтын хугацаа гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд үргэлжилдэг боловч энэ онд цаг агаар дулаан, хур тунадасны хэмжээ бага буйгаас авиралтын хугацааг сунгажээ. Өнгөрсөн оны хавар, намрын авиралтаар нийтдээ 807 хүн Эверест ууланд авирчээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ