Испаний хөлбөмбөгийн цомын АШТ буюу копа дель рэй тэмцээний шигшээ тоглолт болж энэ жилийн аваргаар Валенсиа клуб шалгарлаа. Копа дель рэй цомыг хүртэж буй Валенсиа клуб хамгийн сүүлд 2008 онд тус тэмцээний цомыг хүртэснээс хойш дотоод гадаадын ямар нэгэн тэмцээний цом хүртэж чадаагүй байсан юм. Тэгвэл Валенсиа клуб цомгүй байсан он жилүүддээ цэг тавьж чадлаа. Ялангуяа тэдний энэ удаагийн копа дель рэй цом нь хүчирхэг Барселонаг буулгаж авч хүртэж байгаа тул илүү амттай байсан нь дамжиггүй юм.
Испаний цомын АШТ-ий шигшээ тоглолт Севилья хотын “Estadio Benito Villamarin” цэнгэлдэх хүрээлэнд Валесниа болон Барселона клубуудын дунд болсон. Барселона клубын хувьд Испаний лигтээ түрүүлээд байсан бөгөөд дотооддоо дубль хийх боломжтой байсан. Гэвч тэдний мөрөөдлийг Валенсиагийн “Сарьсан багвахай”-нууд үгүй хийж 2-1 харьцаатай буулгаж авчээ. Тоглолтын эхний хагаст л Валенсиа клуб 2 гоол оруулаад байсан юм. К.Гамейрогийн 16-н талбай дотроос цохисон хүчтэй цохилт, Родригогийн мөргөлт хоёр Барселонаг хүнд байдалд оруулсан. Барселона тоглолтын турш хүнд байдлаас гарах гэж оролдож, ялангуяа Л.Месси хэд хэдэн аюултай цохилт гүйцэтгэж байсны эцэст тоглолтын 73 дахь минутанд багийнхаа нэг гоолыг оруулсан. Цаг дэндүү бага байсан тул Барселонад тоглолтыг тэнцүүлэх, цаашлаад эргүүлэх боломж олдолгүй тоглолт 2-1 харьцаагаар Валенсиа клубын ялалтаар өндөрлөсан юм. Валенсиа клуб тэмцээний аваргаар шалгарснаар Копа дель рэй цомыг 8 дахь удаагаа хүртэж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ