Зуны зугаатай өдрүүд айсуй. Энэ зун аялахаар төлөвлөж байна уу? Дэлхий ертөнц дээр бидний мэдэхгүй маш олон гайхалтай газрууд бий. Заавал хүн бүрийн зорин очдог түм түжигнэж, бум бужигнасан газар очих албагүй шүү дээ. Энэ долоо хоногийн “Сонирхолтой газарзүй” булангаараа бид танд дэлхий дээрх хүн бүрийн төдийлөн мэдээд байдаггүй гайхалтай 15 нууцлагдмал газрыг танилцуулж байна.
Дончуаний улаан газар, Хятад (Dongchuan Red Soil) – Энэ бол Юньнань мужийн нийслэл Куньмин хотоос баруун өмнөд хэсэгт орших уулын хөндий юм. Энэ газрын алслагдсан бүтцээс болж Хятадын жуулчдын газрын зураг дээр энэ газрыг тэмдэглээгүй байдаг. Энэ газрыг 1990-ээд оны дундуур анх олж нээжээ.
Флорес арал, Португал (Flores island) – ЮНЕСКО-гийн жагсаалтад орсон уг газар өвөрмөц ургамал, ан амьтнаар дүүрэн үндэсний парк байдаг. Энэ арал Португалийн эрэгт ойр Азорын арлуудын хамгийн баруун цэгт байрладаг. Португал хэлнээс “цэцгэн нөмрөг” гэж орчуулагдана.
Дарваза “Тамын хаалга”, Туркменистан (Darvaza) — Энэ бол ойролцоогоор 60 метр диаметртэй, 20 метр гүн аварга том галт тогоо юм. Нутгийн иргэд үүнийг “тамын үүд” ч гэж нэрлэдэг. Өмнө нь геологичид санамсаргүйгээр энэхүү байгалийн хийн асар их нөөц бүхий агуйг олсон ажээ. Хүмүүс болон амьтдыг хорт үр дагавраас сэргийлэхийн тулд хийг шатаажээ. Гэвч хэд хоногийн дараа унтрах ёстой байсан гал 45 жилийн турш өнөөг хүртэл шатсаар байгаа аж.
“Ленсойс-Мараньенсис”, Бразил (Lençóis Maranhenses) – Бразилийн зүүн хойд хэсэгт Атлантын далайн эрэг дээр оршдог. Борооны улирлын үеэр давтагдашгүй гайхалтай үзэгдэл бий болно. Жил бүр энэ улирлаар элсэн манхан дунд мянга мянган номин ногоон устай цөөрөм тогтдог.
Сетениль-де-лас-Бодегас, “Хадан дахь хот”, Испани – Испанийн өмнөд хэсэгт найман зууны турш Сетениль-де-лас-Бодегас нэртэй хадан дахь хот оршсоор байна. Тэнд очсоноор асар том хад чулуун дунд өөрийгөө өчүүхэн жижгээр мэдрэх болно.
Грот Сен-Марсель-д’Ардеш, Франц – Энэ газрыг анх францын анчин 1836 онд олж илрүүлж байжээ. Грот Сен-Марсель-д’Ардеш нь Францын Альпын нурууны Рона бүс нутагт байрладаг. Энэхүү аварга том сүлжээ агуй нь тунгалаг ус болон өнгөлөг чулуугаар дүүрэн гэнэ.
Гантиган агуй, Чили Гантиган агуй (Marble Caves)– Чилид Хенераль-Каррера нуурын ойролцоох хойг дээр оршино. Энэхүү мянган жил орших сүлжээ агуйн хана тэр чигтээ гантиг бөгөөд итгэмээргүй өвөрмөц тогтцоороо хүн бүрийн сэтгэлийг татна.
Лас-Лахас сүм, Колумб Лас-Лахас сүм (Las Lajas Sanctuary)– Колумб, Эквадорын хил дээрх хөндийд оршино. Гайхалтай шинэлэг архитектур болон интерьер нь хүн бүрийг алмайруулна. Энэхүү сүм нь голоос дээш 45 метрийн өндөрт хад болон хүрхрээний хооронд оршдог.
Благай, Босни Герцеговин Благай (Blagaj) — Энэ бол жижиг хүрхрээ болон номин ногоон усан дунд орших жижиг тосгон бөгөөд бяцхан цагаан байшингууд нь эгц хадан доор байрладаг өвөрмөц газар юм.
Уакачина, Перу Уакачина (Huacachina) — Өргөн уудам цөлийн дунд орших хот юм. Энэ хот нь Перугийн нийслэл Лим хотоос өмнө зүгт оршдог аж. Уакачина ердөө 200 орчим хүн амтай. Тиймээс тэнд очоод та өөрийгөө дэлхийгээс тасарсан мэт мэдрэмж авах болно.
Хиллиер нуур, Австрали – Ягаан өнгийн нуурыг хүрээлсэн цагаан элс болон хагдардаггүй далдуу модон ойгоор энэ газрыг төсөөлж болно. Хиллиер нуур нь Австралийн баруун өмнөд хэсэгт, Мидл-Айленд арал дээр оршдог бөгөөд үүнийг анх 1802 онд олж нээж байжээ. Энэ нуур ягаан өнгөтэй бөгөөд бүтэн жилийн турш өнгөө огт сольдоггүйгээрээ гайхалтай. Хиллиерт очих цорын ганц арга бол агаарын тээвэр юм.
“Hidden Beach”, Мексик “Нууцлагдмал эрэг” (Playa de Amor) – Төрөл бүрийн шувуудаар элбэг, тунгалаг устай нууцлагдмал далайн эрэг. Энэхүү диваажинд очихын тулд сэлэх л хэрэгтэй. Усан доорх агуйгаар хэдхэн минут сэлсний дараа та арлын хэвлийд орших гайхалтай эрэг дээр гарч ирэх болно.
Сильфра хагарал, Исланд (Silfra)– Исландын “Тингвеллир” үндэсний паркт оршино. Энэхүү гайхамшигтай газар нь адал явдалд дурлагсад болон шумбагчдын хамгийн дуртай газар юм.
Изола-Белла, Итали -Маджоре нуурын дэргэдэх Изола-Белла арал яахын аргагүй дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй газар мөн. Энэ жижигхэн газар бараг бүхэлдээ Борромео тансаг ордон, төрөл бүрийн цэцэгсийн хүрээлэн, усан оргилуураар дүүрсэн байдаг. Цэцэрлэгт хүрээлэнгээр алхах цагаан тогоснууд энэ газрыг улам чимдэг.
Попай тосгон, Мальт (Popeye village) – Энэ бол 1980 онд “Попай” мюзиклын зураг авалтад зориулж барьсан модон байшингууд юм. Харин одоо энэхүү үзэсгэлэнт газар цагийг зугаатай өнгөрүүлж, завиар аялах боломжтой болоод байгаа юм. Зарим байшинд нь зураг авалтад хэрэглэгдэж байсан эд зүйлс хадгалагдан үлдсэн байдаг аж.
Холбоотой мэдээ