Мэдээлэл технологийн гүнзгийрүүлсэн сургалттай “Нэст” ахлах сургууль сурагчдаа бүртгэхэд бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.05.25-нд нийтлэгдсэн

Мэдээлэл технологийн гүнзгийрүүлсэн сургалттай “Нэст” ахлах сургууль сурагчдаа бүртгэхэд бэлэн боллоо

Мэдээлэл технологийн гүнзгийрүүлсэн сургалттай “Нэст” ахлах сургууль сурагчдаа бүртгэхэд бэлэн боллоо

Технологийн эрин зууны манлайлагчдыг хамтдаа бэлтгэе уриатайгаар үйл ажиллагаа эрхэлж буй Монголын хамгийн анхны мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай “Нэст” ахлах сургууль өнөөдрөөс элсэлт авч эхэллээ. Энэ хүрээнд тус сургуулийн үйл ажиллагаа, хичээлийн хөтөлбөрийг эцэг эхчүүдэд, сурагчдад танилцуулах зорилгоор “Nest for next generation” өдөрлөгийг өнөөдөр Чингис зочид буудалд  /2019.05.25/ зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд залуусын мэргэжил сонголтын хандлага, мэдээллийн технологийн хөгжил зэрэг сэдвүүдийг хөндөж, тус сургуулийн үүсгэн байгуулагч хиймэл оюун ухааны чиглэлээр голлон ажилладаг АНУ-ын “Стэнфорд” их сургууль болон “Сан Хосе” их сургуулийн системийн инженер Б.Габит “Бид хиймэл оюун ухааны эринд бэлэн үү” сэдвээр илтгэл тавилаа. Түүний илтгэлд дурдсанаар “Artificial Intelligence товчоор AI-ийг орчуулбал хиймэл оюун ухаан юм. Хиймэл оюун ухааны дараагийн хувьсгалыг 2000 оны дундаас эхэлсэн гэж үздэг. Америкийн эрдэмтэд, тэр дундаа "Google" энэ хувьсгалд том нөлөө үзүүлсэн. Artificial Intelligence буюу хиймэл оюун ухааны өнөөдрийн хөгжлийн хамгийн тод жишээ deep learn­ing юм. Энэ нь яг хүний тархины зарчмаар ажилладаг хиймэл оюун ухаан юм. Өмнө нь үүнийг хэрэгжүүлж чадаагүйн учир нь компьютерын хүч хангалттай хурдан байгаагүйгээс гадна дэлхий дээр одоогийнх шиг ийм их дата байгаагүй. Эдгээрээс харахад хиймэл оюун ухаан гайхалтайгаас гадна дэлхий нийтэд огцом өөрчлөлтийг авчирна. Харин хүн төрөлхтөнд ямар айдас, асуудлуудыг авчирах вэ гэдэг талаар ярилцъя. Миний харж буйгаар гурван том асуудал харагдаж байгаа юм. Нэгдүгээрт, ажлын байр. Робот давтамжтай хийгддэг ажлуудыг бүгдийг нь хийдэг болно. Хоёрдугаарт, судалгаагаар аваад үзэхэд 2030 он гэхэд AI дэлхийн эдийн засгийг 16 триллион ам.доллараар өсгөнө гэж тооцсон байдаг” гэж ярилаа.

Тус сургууль энэ жилээс 10-11-р ангиуддаа сурагчдыг элсүүлэх бөгөөд нийт 200 сурагчийг элсүүлэх юм байна. Сургуулийн давуу талын тухайд дотоодын болон АНУ-ын Стэнфордын их сургууль “Amazon”, “Apple” зэрэг компаниудад ажилладаг мэргэжилтнүүд зөвхөн онолын мэдлэг бус одоо болон ирээдүйд шууд хэрэг болох практик чадвартай залуусыг бэлтгэх аж.

Ингэхдээ, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн баг хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг шинэ технологиудын судалгаа шинжилгээг сурагчдын хамт хийж, уг технологийг монголд хэрхэн нутагшуулах талаар эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвих, орчуулах арга барилд сургах гэнэ. Мөн байгалийн шинжлэх ухааны хичээлүүд, англи, монгол, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалт болон биеийн тамир, спортын өв тэгш хүмүүжлийг олгох юм байна. Үүнээс гадна ахлах сургуулийн сурагчдыг цалинтай дадлага хийлгэж, тодорхой төслүүдэд цалинтай ажиллах боломжийг олгох давуу талтай болохыг онцоллоо.

Өдөрлөгийн үеэр тус сургуулийн үүсгэн байгуулагчдын байр суурийг сонссоноо хүргэе.

ТЕХНОЛОГИЙН ЭРИН ЗУУНТАЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХАХ БОЛОМЖИЙГ НЭЭЖ ӨГЧ БАЙНА

Тус ахлах сургуулийн Гадаад харилцаа хариуцсан захирал Б.Габитаас сургуулийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-Мэдээлэл технологийн чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай сургууль манай улсад анх удаа нээгдлээ. Сургуулийн давуу тал, онцлогийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Мэдээлэл технологи бидний амьдралд хүчтэй орж байна. Эмнэлэг, маркетинг гээд бүх салбарт мэдээлэл технологи маш чухал болчихсон. Тэр тусмаа бидний дунд хиймэл оюун ухаан гэж их ярьдаг болсон байна. Тиймээс бид хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуулиас нь мэдээлэл технологийн чадвартай болгон бэлтгэж, технологийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхах боломжийг нээж өгч байна.

-Танай сургуульд суралцсанаар хүүхдүүд ямар чадвар эзэмших вэ?

-Бид нар гурван зүйл дээр түлхүү анхаарч ажиллана. Нэгдүгээрт, хүүхдийн хандлага, хоёрдугаарт, асуудлыг шийдэх чадвар, гуравдугаарт тодорхой чадвар буюу программ хангамжийн чадвартай хүүхдүүдийг бэлтгэнэ гэж зорьж байна.

-Танай сургуулийг сонирхож буй эцэг эхчүүдэд хандан юуг хэлэх вэ?

-Бидний гол зорилго бол эцэг эхчүүд, хүүхдүүдэд ирээдүй хаашаа явж, хаашаа чиглээд байгаа талаар ойлгуулах нь чухал. Манай сургуулийн үүд хаалга дандаа нээлттэй.

-Нийт хэчнээн хүүхэд хүлээн авах боломжтой юм бол?

-Энэ жил бид 200 сурагч дээр зуун хувь төвлөрнө гэж бодож байна.

АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧ ТОМООХОН КОМПАНИУДАД ЦАЛИНТАЙ ДАДЛАГА ХИЙХ БОЛОМЖТОЙ

“Нэст” ахлах сургуулийн захирал С.Бауырбектэй ярилцлаа.

-Сургуулийн давуу тал онцлогийн тухайд мэдээлэл өгөхгүй юу. Уг сургуулийг байгуулах болсон шалтгаан нь юу вэ?

-Мэдээлэл технологи гэрлийн хурдаар хөгжиж байна. Мэдээлэл хурдацтай хөгжихийн хирээр бүх салбарт хүч түрэн орж ирж байгаа. Оксфордын сургуулиас гаргасан судалгаагаар дэлхий дээр нийт мэргэжлийн 50 гаруй хувь нь технологийн улмаас алга болно гэж ярьж байна. Бид ирээдүйд, үүнд бэлэн байх ёстой. Тийм учраас хүүхдүүдийг бага наснаас нь мэдээлэл технологийн чиглэлээр бэлдэж, мэдлэг олгох зорилгоор байгуулсан.

-Сургалтын хөтөлбөр бусад сургуулиас юугаараа давуу бэ?

-Мэдээлэл технологийн анхны сургууль гэж байгаа учраас ерөнхий боловсролын сургуулийн цөм хөтөлбөр, түүн дээр нэмээд мэдээлэл технологийн нэмэлт хөтөлбөр орж ирж байгаа. Энэ нь гурван жилийн хугацаатай хөтөлбөр. Тийм учраас бид нар 10-12 ангийн сурагчдыг хамруулж байна. Манай хөтөлбөр нь мэдээлэл технологийн чиглэлийн суурь мэдлэгийг олгох, хоёрдугаарт, илүү гүнзгийрүүлж тухайн хүүхдийн сонирхож буй чиглэлээр заана. Гуравдугаарт, бид сурагчдыг цалинтай дадлага хийлгэж тодорхой байгууллагуудтай хамтран санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд байхдаа томоохон компаниудад IT чиглэлээр дадлага хийх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд ахлах ангиа төгсөхөд бодит амьдрал дээр төсөл дээр ажиллаад үзсэн, технологийн чадвартай болж гарч ирнэ гэсэн үг юм.

-Танай сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн залуу боловсон хүчин ажиллаж, сурагчдыг мэргэшүүлэх юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай сургуулийн онцлог нь дэлхийн томоохон IT компаниуд болох “Google” “Amazon” “Facebook” зэрэг компаниудад ажилладаг монгол залуус маань манай сургуульд зөвлөхөөр ажиллаж байна. Ингэснээр дэлхийн мэдээлэл технологийн чиглэл хэрхэн өөрчлөгдөж байна гэдэгт зөвлөгөө өгч хамтарч ажиллаж байгаа.

-Танай сургуульд суралцсанаар тухайн хүүхэд ямар чадвар эзэмших юм бол?

-Манай сургуульд суралцсанаар мэдээлэл технологийн маш чадвартай хүүхэд гарч ирнэ. Мөн “Soft skill” буюу олон талт харилцааны чадвартай хүүхэд бий болно. Өөрөөр хэлбэл чадварлаг, мэдлэгтэй боловсон хүчнийг бид бэлтгэнэ.

-Хэзээнээс элсэлтээ авах вэ?

-Бид өнөөдрөөс албан ёсны элсэлтээ авч байна. Ингээд зургадугаар сарын 25-ны өдөр эхний шалгалтаа, дараачийн шалгалтаа наймдугаар сард авна. Энэ бүх мэдээллийг бид вебсайтдаа байршуулаад явна. Энэ жилийн тухайд нийт 200 сурагчийг элсүүлэхээр ажиллаж байна.

Дашрамд, “Нэст” ахлах сургуультай холбоо барихыг хүсвэл 77995555, 77994444 утсаар холбогдох боломжтой юм.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж