Ерөнхийлөгч зүүн аймагт ажиллаж байна | News.MN

Ерөнхийлөгч зүүн аймагт ажиллаж байна

Ерөнхийлөгч зүүн аймагт ажиллаж байна

Ерөнхийлөгч зүүн аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 24-өөс зүүн аймгуудад ажиллаж байна. Тэрбээр, Төрийн тэргүүн Дорноговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих нээлтийн арга хэмжээнд оролцож, нефть боловсруулах үйлдвэрийн төмөр зам, авто зам, агаарын шугам зэрэг бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар төлөвлөжээ 

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Дорноговь аймгийн Мандах сумын Будран багийн нутагт өнөөдөр “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын дагуу баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын нийт урт 414.6 км бөгөөд өнөөдөр нээлт болсон газар нь 290 дэх км юм. Энэ цэгээс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций чиглэлд эхний ээлжийн 50км төмөр замын зураг төслийг гаргасан тул бүтээн байгуулалтын ажлыг энэ цэгээс албан ёсоор эхлүүлж байгаа хэмээн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл хэллээ. Ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны, дөрвөлжин болон дугуй хоолой, гүүрний бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа юм.

Төмөр зам барьж байгуулахад нийт 3700 орчим хүн, 1352 машин механизм ажиллана. Шууд байдлаар 3700 орчим хүн ажил орлоготой болох бөгөөд шууд бусаар буюу материал, техник хангамж, ус, хүнс хангамж зэргээр 10 мянга орчим хүн, тэдгээрийн гэр бүл төслийн барилга угсралтын бүтээн байгуулалтын үед орлоготой болох юм.

Бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний 7781 ангийн бие бүрэлдэхүүн цалинтайгаар хийж гүйцэтгэнэ.

Төрийн тэргүүн Дорноговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих нээлтийн арга хэмжээнд оролцож, нефть боловсруулах үйлдвэрийн төмөр зам, авто зам, агаарын шугам зэрэг бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцана.

Дорноговь аймаг дахь Улаанбаатар төмөр замын Зүүнбаян өртөөний өргөтөл хийх хэсэгт очиж, ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.  Зүүнбаян өртөө нь 1984 онд баригдсан бөгөөд галт тэрэг хүлээн авах, явуулах 850-1100 метр урттай 3 замтай, 8 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн танилцуулснаар өртөө нь 2018 онд 1433 вагон нефть, нүүрс, элс зэрэг 84296 тонн ачаа ачжээ. Энэ нь бусад өртөөтэй харьцуулахад ачаалал багатайд тооцогдох юм байна.

Харин Тавантолгой чиглэлийн төмөр замтай холбогдоход тээврийн ачаалал эрс нэмэгдэх тул эхний ээлжинд Сайншанд-Зүүнбаян чиглэлийн 47 км төмөр замд шинэчлэл хийх шаардлагатай юм байна. Ажлын төлөвлөгөөнд тусгаснаар ирэх жилээс их засвар, шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ гэв. Үүнд 37.7 тэрбум төгрөг шаардлагатайг Улаанбаатар төмөр зам өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх юм байна. Мөн Зүүнбаян өртөөнөөс Тавантолгой чиглэлд төмөр зам тавих ажлыг эхлүүлэхийн тулд Үе угсрах бааз байгуулахаар буюу төмөр зам угсралтын эхний бэлтгэл ажлыг эхлүүлж, зураг төслөө боловсруулж байгаа гэлээ. Мөн өртөөнд нэмж ачаа буулгах, ачих 2 терминал барих юм байна.  Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр замын хамтарсан ажлын хэсэг дээрх асуудлаар хуралдаж замын чиг, холболтын цэгээ Зүүнхараа өртөөний 49.4 дэх километрт Тавантолгой чиглэлийн замыг холбохоор хамтарсан акт үйлджээ.

Мөн Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажлын зургийг зурж, эхний 50км замын зургийг боловсруулж, бүтээн байгуулалтыг хийх Зэвсэгт хүчний жанжин штабт хүлээлгэн өгсөн байна. Мөн дараагийн 50 км замын зургийг зурах ажилдаа оржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр мэдээлэлтэй танилцсаны дараа ТЭЗҮ болон ажлын зураг сайн хийгдсэн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, төмөр замын төмөр бетон дэрийг дотоодын үйлдвэрт угсрах зэрэг асуудлаар холбогдох албаныхантай ярилцав.  Зүүнбаян нь Дорноговь аймгийн нутагт орших тосгон бөгөөд Засаг захиргааны хувьд Сайншанд сумын нэг баг юм. Одоогоор 3000 гаруй хүн амьдарч байгаа ч төмөр зам баригдсанаар хүн ам 2-3 дахин өсч, томоохон суурьшлын төв бий болно хэмээн үзэж байна.

АЛТАНШИРЭЭ СУМАНД 189 ЦЭРЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Дорноговь аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцлаа.

Алтанширээ суманд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр эхлүүлж, дэд бүтцийн ажлын суурийг тавьж байсан бол энэ сарын 24-ний өдөр Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 27 км төмөр замыг барьж дуусгасан талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав. 27 км урт уг замын газар шороо, далангийн ажлын туслан гүйцэтгэгчээр дотоодын дөрвөн компани ажилласан бол “Улаанбаатар төмөр зам” ХНН хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг дамжин өнгөрөх төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллажээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн өгсөн мэдээллээр энэхүү зам нь манай улсын шатахууны хэрэгцээг хангах чухал үүрэгтэй төмөр зам болохоос гадна зүүн тийш үргэлжлүүлэн барих хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна.

Одоо тус газарт төмөр замыг дагасан авто зам, агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажлууд үргэлжлэх бөгөөд Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 18.8 км авто замын ажлыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаа юм. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга А.Ганбатын өгсөн мэдээллээр Зэвсэгт хүчний 7780-р ангийн 189 цэргийн алба хаагч Алтанширээ суманд ажиллаж байгаа бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдыг өвлийн сургалтад сурган, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж байгаа юм байна. Одоогоор байдлаар авто замын газар шорооны ажил дуусч, хучилтын ажил эхэлжээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 7780-р ангийн хуарангаар орж, бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэж, үг хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “…Эр цэргийн албаар дамжуулан бие бялдрын хөгжил, эх оронч сэтгэл суулгахаас гадна ажил, мэргэжилтэй болгож, улсын бүтээн байгуулалтын ажилд цалинтайгаар оролцуулж байна. Дэд бүтэц, хөгжлийн бодлого, ялангуяа говийн бүст өрнөж буй бүтээн байгуулалтын ажлыг харахад сэтгэл өндөр байна. Бүтээн байгуулалтын ажлууд саадгүй өрнөж, цаашид үргэлжилнэ гэдгийг Та бүхэн батлан харуулж байна” гээд бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ.

ЭХ СУРВАЛ: PRESIDENT.MN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж