УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөж, Хэнтий аймгийн 42-р тойрогт зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль зохион байгуулна. Хуулийн дагуу нөхөн сонгуульд 13 нам оролцохоо илэрхийлсэн бол намууд нэр дэвшигчээ тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийнхээ бичиг баримтыг хүргүүлэх ёстой.
Тэгвэл энэ удаагийн нөхөн сонгуульд хамгийн их хүч хаяж байгаа АН, МАХН-аас өчигдөр нэр дэвшигчдээ тодруулж, албан ёсоор зарлав. МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр намын удирдах байгууллага шийдвэр гаргажээ. МАХН –ын Бага чуулганаас хуралдаж, Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэн 91.67 хувийн саналаар дэмжжээ. Санал хураалтад нийт 111 гишүүн оролцсон юм байна.
Харин Ардчилсан намын зүгээс Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг дэвшүүлэхээр болжээ. Намын хорооноос гарсан эл шийдвэрийг Ардчилсан намд хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж баталж өгөхийг хүсчээ. Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах юм. Харин Ардчилсан намын ҮБХ тавдугаар сарын 27-ны өдөр хуралдах юм байна.
Харин энэ удаагийн сонгуульд МАН-аас хэн сонгогдохоос сонгуулийн дүн өөрчлөгдөж болох юм. Тусгаар тогтнолын ордон болон МАН-ын гишүүд дунд нөхөн сонгуульд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөж магадгүй. МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 22-нд хуралдаж Бага хурлын товоо тавдугаар сарын 28-нд буюу даваа гаригт товлосон.
УИХ-ын сонгуулийн 42-р тойрог буюу Хэнтийн аймгийн нөхөн сонгуульд улс төрийн 11 нам оролцохоор болж, хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-нд өгсөн. Нэр дэвшигчид энэ сарын 28-ны дотор тодорхой болж албан ёсоор сонгуульд нэр дэвших үнэмлэхээ СЕХ-ноос ирэх ирэх зургадугаар сарын 5-ны дотор гардаж авах ёстой юм.
Түүнээс гадна тавдугаар сарын 27-ны өдөр буюу Даваа гаригт нөхөн сонгуулийн хувь заяаг хаашаа ч эргүүлж болох нэгэн хурал Үндсэн хуулийн Цэц дээр болно. Хэд хэдэн иргэд Цэцэд гомдол гаргаж, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэсэн. Энэхүү маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаан даваа гаригт хэлэлцэх юм. Чухам эндээс ямар шийдвэр гарснаас нөхөн сонгууль болох эсэх нь тодорхой болох юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ