АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2019.05.24/ Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсуудад нийт найман тэрбум ам.долларын дүнтэй зэвсэг нийлүүлэх 22 гэрээг баталжээ. Ингэхдээ тэрбээр конгрессоос зөвшөөрөл авалгүй дур мэдэн шийдвэр гаргасан байна. АНУ нь гадаад улсуудад зэвсэг нийлүүлэхдээ конгрессоор хэлэлцэж, хянуулан, зөвшөөрөл авч байж гэрээ хийдэг уламжлалтай. Гэтэл Иран улс АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэх шалтгаанаар ийнхүү уламжлалыг зөрчсөнд конгрессын зүгээс Ерөнхийлөгчид ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа ба цаашид энэ мэт буруу жишиг тогтоохвий гэхээс эмээж буйгаа илэрхийлж байгаа аж. Ер нь бол үндэсний хэмжээний онц байдал зарласан үед л ийм арга хэмжээ авдаг юм байна. Конгресс Ираны асуудлыг онц байдал зарлах түвшинд хүрээгүй гэж үзжээ.
Гадаад оронд зэвсэг нийлүүлэх асуудлыг хянах үүрэгтэй конгрессийн гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийн нэг Ардчилсан Намын сенатор Боб Менендез “Дональд Трампын засаг захиргаа үндэсний ашиг сонирхол, хүний эрхийн асуудлаас илүү Саудын Араб зэрэг дарангуйлагч дэглэмтэй улс орнуудын эрх ашигт нийцүүлсэн алхам хийж байгаад нь би харамсаж байгаа ч гайхахгүй байна” хэмээн хэлсэн байна.
АНУ-ын конгресс Саудын Араб тэргүүтэй орнуудын Йеменд хийж буй дайнд үзүүлдэг дэмжлэгийг зогсоох хууль санаачилсан боловч Дональд Трамп хориг тавьсан юм. НҮБ энэхүү дайныг дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн гамшиг гэж нэрлээд байна. Харин Дональд Трампын засаг захиргаа Саудын Арабтай тулалдаж байгаа Йемений Хути босогчдыг Ираны холбоотнууд гэж үздэг учир тэдний эсрэг дайнд дэмжлэг үзүүлсээр байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ