Х.Нямбаатар: Гишүүд босч, сууж үг хэлэх маш ялгаатай

Хуучирсан мэдээ: 2019.05.25-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Гишүүд босч, сууж үг хэлэх маш ялгаатай

Х.Нямбаатар: Гишүүд босч, сууж үг хэлэх маш ялгаатай

News агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг багцлан хүргэж байна.


Б.БАТТӨМӨР: ЕРӨНХИЙЛӨГЧ ОЛОН ЗААЛТАД БУРУУ ТАЙЛБАР ИРҮҮЛСЭН

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-МАНын Удирдах зөвлөл Баасан гаригт хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жил намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Энэ шийдвэртэй та санал нийлж байна уу?

-Аливаа зүйлд тухайн хүнийг гэмт буруутай гэдгийг нь нотолж байж шийдвэр гаргах ёстой. Гэмт буруу нь хууль шүүхийн байгууллагуудаар тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутай гэж үзэхгүй гэсэн Үндсэн  хуулийн үндсэн зарчмыг дагаж Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг Удирдах зөвлөл хүлээж аваагүй гэж ойлгосон. Д.Дамба-Очир гишүүний өөрийнх нь тайлбарласнаар  Оюутолгойн шалгалттай холбоотой төрийн нууцад хамаарах мэдээллийг өгөөгүй, Иргэний хуульд заасанчлан хуулиар хориглоогүй шалгалтын материалыг  "Рио-Тинто" компанид өгсөн гэдгийг өөрөө хэлсэн. Хэрэв улсын нууцад хамаарах материалыг "Рио-Тинто" компанийн талд өгсөн бол үүнийг хууль хяналтын байгууллага тогтоогоод хууль зөрчсөн эсэхийг нь тогтоох байх. Ш.Раднаасэд гишүүнд хариуцлага тооцох үндэслэл болсон тухайн асуудлыг ч гэсэн судалж үзэх хэрэгтэй. Хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан нь Ш.Раднаасэд гишүүнтэй холбоотой юу эсвэл үгүй юу гэдгийг нь судалж үзэх хэрэгтэй байх.

-Таны хувьд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцох шаардлагагүй гэж хэлж байна уу?

-Хууль хяналтын байгууллагаас дүгнэлт гарсны дараа түүнд нь тулгуурлаж хариуцлагын асуудал ярих нь зөв. Түрүүлж буруу, зөв гэж  ярих нь утгагүй.  Миний хувьд Д.Дамба-Очирыг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Ер нь бол мэдээлэл авах, санал солилцох тохиолдол зөндөө л бий. Тэр болгонд нь ингэлээ, тэглээ гээд буруутгадаг байж болохгүй. Аливаа шалгалтын актыг тухайн байгууллагад нь үзүүлж  байж зөвшөөрүүлдэг. Энэ утгаараа “Рио-Тинто” компанид шалгалтын дүгнэлт өгснийг нь би буруу гэж хэлэхгүй. Гэхдээ шалгаж тодруулах хэрэгтэй. Үнэхээр өгөх ёсгүй материал өгсөн үү гэдгийг нь шалгаж тодруулах нь зөв. Харин Ш.Раднаасэд гишүүний хувьд эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг багасгасан нь ашиг сонирхлын зөрчил, санаа зорилго байв уу гэдгийг  гишүүд биш хууль хяналтын байгууллага тогтооно. Үнэхээр ашиг сонирхлын зөрчил, санаа зорилго байсан бол хариуцлага оногдуулах нь зүйн хэрэг. Түүнээс биш сургаар асуудалд хандаж болохгүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Х.НЯМБААТАР:БОСЧ ҮГ ХЭЛЭХ НЬ СОНГОДОГ ПАРЛАМЕНТЫН ЖИШИГ

Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа. Тэрбээр тус хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлсэн юм.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Хэлэлцэхээс татгалзсан шалтгааныг нь хууль санаачлагчийн хувьд та юу гэж үзэж байна вэ?

-Хуулийг төслийг хэлэлцэхээс татгалзсан гишүүдийн өмнөөс харамсаж байна. Асуудалд улстөржилтөөр хандан, өмнөх талцал хагарлаар санал хураалтад оролцлоо. Өнөөдрийн бидний явцуу хагарлаас илүүтэй парламент ёсны төлөвшлийг бий болгох нь энэ цаг үед хамгийн чухал болчхоод байна. Энэ хуулийн төсөл нь зөвхөн Х.Нямбаатар болон таван гишүүний үзэл баримтлал, бодлоор бичигдсэн зүйл огт биш. Маш олон эрдэмтдийн олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд гаргасан зөвлөмжид үндэслэн хуулийн төслийг боловсруулах багт ажилласан олон хүний бүтээл юм. Үүнийг харлуулна гэдэг инээдтэй. Ер нь бол гишүүдийг дэглэх л ёстой. Дэлхийн нийтийн хандлага цахим шилжилт рүү орж байхад үүний эсрэг бичиг цаастайгаа байх ёстой гээд асуудалд хандаж болохгүй л дээ.

-УИХ-ын энэ хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болсон. Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал байхгүй болж цэгцэрнэ гэж үзэж байгаа. Гишүүдийн хариуцлага тодорхой хэмжээгээр нэмэгдэж, хууль батлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн энэ үед чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах ямар шаардлага байгаа юм вэ?

-Дэгийн тухай хууль 2007 онд батлагдсанаас хойш 140 гаруй удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Нэр бүхий гишүүд бидний санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийг аливаа хуулийн төслийг хэлэлцэхэд хариуцлагатай ханддаг болгох, чанартай хууль баталдаг байх энэ процессыг бий болгох зорилгоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд аливаа хуулийн төслийг зүйл, заалт бүрээр нь хэлэлцдэг байх энэ зарчим руу оруулах нь уг хуулийн гол агуулга. Одоо бол хуулийн төслийг хэлэлцдэггүй, хуулийн төсөл дэх зөвхөн зарчмын зөрүүтэй саналын хоёр үгийг хэлэлцээд л хууль баталчихдаг. Ингэснээр чанаргүй хууль гаргах, хууль тогтоомжуудын хооронд зөрчил үүсэх гол нөхцөл нь болдог. Өнөөдөр хууль тогтоох эрх мэдлийг хэн голдуу хэрэгжүүлдэг үү  гэвэл байнгын хороодын референтүүд зарчмын зөрүүтэй санал боловсруулж, УИХ-ын гишүүдээр хэлэлцүүлдэг. Хуулийн зүйл, заалт бүрийг нь нэг бүрчлэн хэлэлцдэггүй гэсэн үг. Тийм учраас бидний санаачилсан хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тухайн хуулийн төслийн заалт бүрийг нэг бүрчлэн хэлэлцдэг болох, УИХ-ын гишүүд зөвхөн тухайн хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт тавьдаг, үгээ хэлдэг энэ зарчим руу орох юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ОЮУТОЛГОЙГ УЛСТӨРЖҮҮЛЭХГҮЙГЭЭР ЭХЛЭЭД ГЭРЭЭГЭЭ САЙТАР УНШ"

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцлаа.

-Эдийн засгийн өсөлт тоон үзүүлэлтийн хувьд сайжирч байгаа ч иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна. Энэ их эдийн засгийн өсөлтийн хаялга хаана, хэнд, наалдаж байгаа нь сонин. Эндээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

-Монгол Улсын эдийн засаг сэргэж, сүүлийн есөн улиралд дөрвөөс дээш хувийн өсөлттэй гарсан. Хамгийн сүүлд эдийн засгийн өсөлт 8.6 хувьтай байна. Макро эдийн засгийн тоонуудаас харахад, эдийн засаг харьцангуй сайжирч буй нөхцөл байдал ажиглагдаж байна. Таны хэлснээр, энэхүү өсөлт иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байгаа нь үнэн. Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 4000 ам.доллар орчим. Энэ тоо эдийн засгийн өсөлтийг зөв илэрхийлж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй, хоёрдугаарт, тэгш бус байдаг. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нийслэл, хөдөө орон нутагт өөр өөр. Өндөр өсөлттэй тоонууд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт хангалтгүйгээс иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байгаа юм. Энэ нь нийгмийн бусад үзүүлэлтүүдээс ч харагдана. Иргэдийн дунд өвчлөл нэмэгдэж, боловсролын нөхцөл байдал ч сайжирсангүй. Мөн гэмт хэргийн гаралт өссөөр байгаа нь иргэдийн ядууралтай холбоотой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт хүртээмжтэй бус байна гэсэн үг. Хүртээмжийг бий болгохын тулд нэгдүгээрт, төрийн тогтолцоо, засаглалын чадамжаа сайжруулах. Хоёрдугаарт, эдийн засгийн бүтцээ сайжруулах. Гуравдугаарт, хүндээ чиглэгдсэн зөв эдийн засгийн бодлого, зөв нийгмийн халамжийн бодлого явуулах шаардлагатай. Ингэснээр ядуурал, ажилгүйдэл буурч, иргэдийн амьдралын чанар сайжирна гэж үзэж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ИРЭХ ЖИЛЭЭС БУЦААН ОЛГОЛТЫГ УЛИРАЛ ТУТАМ ӨГНӨ"

системийн шинэ хувилбарын талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захиргааны албаны менежер С.Чулуунхүүтэй ярилцлаа. 


ГАРААР БАРИМТАА БҮРТГҮҮЛЭХЭЭС ИЛҮҮ ГАР УТАСНЫ QR КОДОО УНШУУЛАХ НЬ БАТАЛГААТАЙ

Ebarimt системийн шинэ хувилбар 2.0 хэрэглээнд энэ сарын эхээр нэвтэрсэн.  Хэрэглэгчдэд ямар ямар шинэ боломжууд нээгдсэн бэ?

Шинэчлэгдсэн И баримт 2.0 хувилбар нь 24 цагийн  онлайн туслахтай болсон. Түүнээс гадна өмнө нь татварын буцаан олголттой холбоотой мэдээлэл мессежээр ирдэг бол notification буюу мэдэгдлээр очдог болсон. Энэ сараас эхлээд гар утасны QR кодоо уншуулаад баримтыг хэвлэгдэхээс нь өмнө уншуулах боломжтой болсон. Аж ахуйн нэгж байгууллагаас худалдан авалт хийсэн тохиолдолд өөрийн бүртгэлтийн бар /QR/ кодыг  ашиглан баримтаа бүртгүүлэх боломжтой болсон гэсэн үг. Өмнөх хувилбарт нийт авах татварын буцаан олголтын үнийн дүнг харуулдаг байсан бол  шинэ хувилбар 2.0 нь  тухайн баримт бүрийн ард хэдэн төгрөг буцаан олгохыг харуулдаг болсон.  Ингэснээр НӨАТ-ын буцаан олголттой холбоотой мэдээллийг илүү ойлгомжтой хэлбэрээр харуулдаг болж байгаа юм. “Миний буцаан олголт бага байна”, “Зарим баримтыг баталгаажихгүй байна” гэх мэт гомдол иргэдээс их   ирдэг. Тиймээс гар утасны аппликешнээр дамжуулан баримтын мэдээллээ дэлгэрэнгүй харах боломжийг нэмэгдүүлсэн. Тэгэхээр таны бүртгүүлсэн баримтаас тэдэн төгрөг буцаан олгогдож байна, энэ баримт буцаан олголтгүй байна гэх мэтийн статистик мэдээллийг өгч эхэлсэн гэсэн үг.

Систем хөгжүүлэлтийн ажлууд амжилттай хэрэгжиж байгаа юм байна. Ер нь хэрэглэгчийн тоо хэр их өсч байгаа вэ?

“И-баримт” системийн анхны техник эдийн засгийн үндэслэлийг  2014 оны дөрөвдүгээр сард боловсруулж, аравдугаар сараас нь хөгжүүлж эхэлсэн байдаг. Ингээд системийг 2016 онд зах зээлд нэвтрүүлсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд уг систем 807 мянган хэрэглэгчтэй болтлоо өргөжсөн байна. Хэрэглэгчийн тоо болон хэвлэж буй баримтын тоо жилд 40 хувиар өсөж байгаа үзүүлэлттэй. Тухайлбал, хэрэглэгчдийн тоо 2017 онд  таван хувиар, 2018 онд 19 хувиар  өссөн.  Мөн  хэвлэгдсэн баримтын тоо 2017 онд өмнөх  жилийнхээс  29.3  хувь,  2018  онд 32.2 хувь, баталгаажсан баримтын тоо 2017 онд өмнөх жилээс  84 хувиар, 2018 онд 59.5  хувиар  тус  тус өссөн байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Н.ШАГАЙ: БИД НЭГ ТҮМЭН ИНЖЕНЕР БЭЛТГЭХ ЗОРИЛГОТОЙ

Монголдоо мэдээлэл технологийн салбарын шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилготой “Нэст академи”-ийг үүсгэн байгуулагч, дэлхийд алдартай “Амазон” ахлах инженер Н.Шагайтай ярилцлаа.

-Та сургууль болон сургалтын төвийнхөө үйл ажиллагааг товч танилцуулж, манай уншигчдад мэдээлэл өгөөд ярилцлага эхлүүлэх үү?

-Одоохондоо бол сургалтын төв гэж хэлсэн нь зөв байх. “Nest academy” гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 2017 онд “Олонлог” сургуультай хамтарсан. Түүнээс хойш нэг жилийн дараа буюу 2018 оноос бие дааж, тусдаа академи болон үйл ажиллагаа явуулах болсон юм. Бид “нэг түмэн монгол инженер” гэсэн уриатай. Энэ нь дэлхийн жишигт нийцсэн нэг түмэн хөгжүүлэгч инженер хүүхэд бэлтгэх зорилготой. Тиймээс дээрх уриаг дэвшүүлсэн юм. Ингэж чадсанаар “google”, “facebook”, “amazon” зэрэг том компаниуд Монголд оффисоо нээх боломжийг бүрдүүлнэ. Европын орнууд яг ийм жишгээр ажилладаг. Хангалттай олон тооны хөгжүүлэгч байгаа газарт том компаниуд оффисоо нээх сонирхолтой байдаг. Гэтэл манай улсад дутагдаж байгаа зүйл нь туршлагатай, чадвартай сайн мэргэжилтэн олноороо байж чадахгүй байна. Тэр утгаараа бид үүнийг Монголдоо бэлтгэе гэсэн үндсэн зорилготой юм. Түүнээс биш өнгөрсөн арав, хорин жилд бид, монгол залуус яаж гадаад явах вэ, хэрхэн өндөр цалинтай газар ажилд орох вэ гэдэг тухай л боддог байж. Гэтэл дотооддоо, эх орондоо яаж өндөр цалинтайгаар, гаднын том компанид ажиллаж болох вэ гэдэг талаар хэн ч ярилцаж байсангүй. Тийм учраас энэ санаа төрсөн. 2015 оноос би “Амазон”-д ажиллаж байгаа. Үүнээс хойш хоёр жилийн дараа Монголоос “Амазон”-д ажилчид авах боломж гарч ирсэн. Би зуучилсан ч харамсалтай нь амжилттай болоогүй. Амжилттай болоогүй олон шалтгаан бий. Тухайн үед сэтгэлээр ч их унасан. Харин азаар “Амазон”-оос тэр жилдээ “бэлтгэгч инженер” гээд шинэ хөтөлбөр боловсруулж эхэлсэн.  Үүнийг судлаад “Монголоос хүүхдүүд авч болох уу” гэж асуухад “Бид Монголд очиж болж байна. Хамгийн гол нь хангалттай олон хүүхэд байж чадах уу” гэдэг асуулт гарч ирсэн. Эндээс л анх “нэг түмэн инженер”-ийн тухай бодол толгойд эргэлдэж эхэлсэн гэхэд болно. Ер нь яагаад заавал АНУ-д аваачих ёстой гэж. Тэднийг эх орондоо дуудах боломж бидэнд байна гэдгийг олж харсан.

Яг хэзээнээс ахлах сургууль болох вэ. Хэрвээ ахлах сургууль болбол мэдээлэл технологийн чиглэлээр сургалт явуулж буй анхны сургууль болж таарах уу?

-Ер нь бол мэдээлэл технологи зааж байгаа ахлах сургуулиуд манай академи үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш харьцангуй олон болжээ гэж харж байгаа. Тиймээс ерөнхий боловсролын сургуультай хамтраад үдээс хойшхи хөтөлбөрөө туршиж үзэх гэж байна. Яагаад гэвэл, бидний гол зорилго нь яаж богино хугацаанд авьяас чадвартай хүүхдүүдийг гаргаж ирэх вэ гэдэгт оршиж байгаа юм. Тэр утгаараа арван жилийн сургуульд хэрэгжүүлж үзье гэж бодсон юм. Тиймээс “Nest” Ахлах Сургууль-ийг энэ хичээлийн жилээс эхлүүлж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


БАРИМТАТ КИНО БОЛ КОНТЕНТЫН ХААН

Дэлхийн шилдэг баримтат кинонуудыг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр үзэх боломжтой болжээ. Монголынхоо үзэгчдэд шилдэг баримтат кинонуудыг мэргэжлийн дуу оруулалт, орчуулгатайгаар хүргэхээр “DTV”-ийн хамт олон зорьж буй юм. Уншигч танаа тус төслийн санаачлагч Б.Бат-Ундралтай ярилцсанаа хүргэе.

-Дэлхийн шилдэг баримтат кинонуудыг Монголд анх удаа “DTV” албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэж эхэлжээ. Ямар учраас баримтат киноны төрлийг сонгож, үзэгчдэд хүргэхийг зорив?

-Олон жилийн өмнөөс бодож явсан ажлын нэг. Бидний хувьд видео контент үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийн хийхийг хүсдэг бүтээлийн төрөл бол яах аргагүй баримтат кино. Зарим уран бүтээлчдийн хувьд уран сайхны кинонд илүү сонирхолтой байдаг бол нөгөө хэсэг нь баримтат кинонд дуртай байх нь бий. Үзэгчдийн хувьд ч уран сайхны кинонд дурлагсад киноныхоо дараа дараагийн цувралыг тэсэн ядан хүлээдэг шиг дэлхийн шилдэг баримтат киноны цувралыг тэсэн ядан хүлээж, алдартай найруулагч, продюсеруудын дараагийн төсөл юу болохыг сонирхдог хүмүүс ч бий.

Баримтат киногоор дамжуулан маш их мэдлэг, мэдээлэл олж авч болно. Өнөөгийн мэдээллийн эрин зуунд иргэн бүр мэдлэг, мэдээлэлтэй байж, цаг үетэйгээ мөр зэрэгцэн алхах нь маш чухал. Баримтат киног зөвхөн үзээд зогсохгүй дараа нь тухайн киноныхоо сэдвийн хүрээнд илүү их мэдээллийг сонирхон судалж эхэлдэг. Тэр чинээгээрээ мэдлэгийн хүрээгээ тэлж байдаг гэж ойлгодог. Түүнээс үүдээд эх хэл дээрээ баримтат кино үзэх, түүнийгээ дагасан мэдээлэл олж авах боломж маш хомсдолтой байгааг ажигласан юм. Тэгээд гадны шилдэг баримтат кинонуудыг эх хэл дээрээ хүмүүст хэрхэн үзүүлж болох талаар бодож эхэлсэн. Хэлний мэдлэгтэй бол баримтат киноны сайтуудад 5-10 евро төлөөд үзэх боломж нээлттэй байдаг. Харин албан ёсны зөвшөөрөлтэйгөөр олон нийтэд үзүүлэхийн тулд олон газартай холбогдож судалгаа хийсэн. Үр дүнд нь кинонуудаа гаргаж эхэлсэндээ баяртай байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ХОЛЛИВУДЫН НАЙРУУЛАГЧ "ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД 2″ КИНОГ НАЙРУУЛНА"

АНУ-ын продюсерийн холбооны гишүүн, Монгол улсын соёлын элч Д.Ангарагтай ярилцлаа. Тэрбээр саяхан “АНУ дахь Монголын соёлын элч”-ээр томилогдсон билээ. “Бодлын хулгайч", "Ану хатан" зэрэг кинонд зураглаачаар ажиллаж байсан тэрбээр сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын кинонуудад продюсерээр ажиллаж, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж буй нэгэн.

-Монгол малчин болох хүсэлтэй хүүгийн тухай өгүүлэх Холливудын кино нээлтээ хийх гэж байгааг хэвлэлийнхэн онцолж байна. Таны хувьд энэ киноны зургийн найруулагчаар ажилласан гэсэн үү?

-“Burn your maps” киноны зургийн найруулагчаар ажилласан, АНУ-ын кино найруулагчдын холбооны гишүүн Жон Бэльй надад анх энэ киноны талаар хэлж, холбогдсон юм. Уг санааг би Монголын Гадаад харилцааны яаманд уламжилж, яамны зүгээс дэмжлэг үзүүлсэн. Мөн миний зүгээс энэ киноны бүх харилцаа холбоог тогтооход нь хамтран ажиллаа. Харин кино үйлдвэрлэлд оролцоогүй ээ.

-Энэ киноны гол дүрд алдартай “The Room” киноны жүжигчин хүү Жэйкоб Трамбле тогложээ. Гол дүрийн жүжигчин Монголын талаар ямар сэтгэгдэлтэй буцсан бол?

-Гол дүрд тоглосон хүү Монгол орны талаар бага ч гэсэн ойлголттой болоод буцсан гэж сонссон.

-Киноны зураг авалтын ихэнх хэсгийг гадаадад авсан гэж дуулсан. Монголд аль аймагт хэр хугацаанд зураг авсан бэ?

-Холливудын алдарт найруулагч Жордан Робертсийн бүтээл "Burn your maps" киноны зураг авалтыг АНУ-ын Калифорни мужид хийсэн. Мөн нийт зураг авалтын 20 орчим хувийг Монголд хийсэн. Кино багийнхан Монголд цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр очиж, 10 хоног орчим зураг авалтаа хийгээд буцсан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж