Дорнод бүсийн аваргын төлөөх цуврал тун өрсөлдөөнтэй, сонирхолтой болж байна. Цувралын эхний 2 тоглолтонд Милоуки Бакс баг хожил байгуулаад байсан бол Торонто Рэпторс дараагийн 2 тоглолтонд хожил байгуулснаар цувралын харьцаа 2-2 болоод байсан. Тэгвэл өнөө өглөө Милоуки Бакс багийн талбайд цувралын 5 дахь тоглолт болж 105-99 харьцаагаар хожин баг Торонто Рэпторс ялалт байгуулаад байна.
Тус тоглолтонд талбайн эзэн Милоуки Бакс баг тоглолтын эхлэлийг сайн эхлүүлсэн ч төгсгөлөө сайн хийж чадалгүй хожигдол хүлээжээ. Талбайн эздээс энэ өдөр Я.Антэтокунмпо 24 оноо авсан бол Э.Блецо 20, М.Брогдон 18 оноо, Б.Лопез 16, К.Миддлетон 6 оноо авчээ. Сэлгээнээс Ж.Хилл ганцаараа 12 оноо авсан. Гарааны тоглогчид нь бүгд хийх ажлаа хийж байсан ч К.Миддлетон тун хангалтгүй оноо авсан.
Тэгвэл зочин баг Торонто Рэпторс багаас К.Леонард 35 оноо авсан бөгөөд холын зайн шидэлтээ 62.5%-тай гүйцэтгэсэн бол довтолгооныхоо 44%-г амжилттай болгосон. Түүнд сэлгээнээс Ф.Ванвлит 21 оноо авсан бол гараанаас К.Лаури 17, П.Сиакам 14 оноо авчээ. Өнөөдрийн тоглолт сэлгээний тоглогчдын үүрэг оролцоо ямар чухал болохыг харуулсан тоглолт болж Торонто Рэпторс багийн сэлгээ багийнхаа хожил үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ингээд хоёр багийн цувралыг Торонто Рэпторс 3-2 болгон тэргүүлж эхэлсэн бөгөөд дараагийн тоглолт 2 хоногийн дараа Торонто Рэпторс багийн талбайд болно. Сүүлийн 3 тоглолтонд хожил байгуулж цувралыг эргүүлсэн Торонто Рэпторс баг тоглолтын дараа шууд нутаг руугаа ниссэн.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ