Ц.Нямдорж сайд зүүдээ ярих гээд хулгайгаа ярив уу?

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж сайд зүүдээ ярих гээд хулгайгаа ярив уу?

Ц.Нямдорж сайд зүүдээ ярих гээд хулгайгаа ярив уу?

Их хэмжээний авлигын хэргээр шалгагдаж байсан МХЕГ-ын хоёр байцаагчийн хэрэг  хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь нийгэмд  дуулиан дэгдээж, бухимдал үүсгээд байгаа.

Хуулийн энэ үндэслэлээр   авлигал, улсын өмчийг завшсан олон хэрэг  “цагаадах” замдаа орж,  ял завших боломжийг цөөнгүй хүнд олгож байгаа гэдэг нь тов тодорхой боллоо. Хоёр жилийн өмнө баталсан Эрүүгийн хуульд “хулгайгаар“ хавчуулагдсан энэ заалтыг одоо хэрхэн засч залруулах вэ гэдэг нь хууль тогтоогчдын хувьд ардаа асуултын тэмдэгтэй байна.

Нийгмийн шударга ёсны хэм хэмжээг  алдагдуулах ноцтой үр дагавартай хуулийн ийм заалтад анхаарлаа хандуулж,  хуулийн боловсруулалтад  дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх зэргээр  эрх зүйн шинэтгэл хийхэд Хууль зүй,  дотоод хэргийн яам чухал үүрэгтэй. Гэтэл тус яамны сайдын сэнтийд тав дахь удаагаа залраад байгаа Ц.Нямдорж  хөөн хэлэлцэх хугацааны талаархи  УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын асуулгад заналхийллээр хариу барьсан нь Монголын төрт ёс, иргэд сонгогчдоо дээрэлхэн басамжилсан үйлдэл болов.

Тодруулбал, Пүрэв гарагийн үдээс өмнөх УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр  гишүүн Х.Нямбаатар “Улсад том хэмжээний хохирол учруулсан цагаан захтнуудын хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээгээд ар араасаа хэрэгсэхгүй болох эхлэл тавигдаж  байна. Энэ тал дээр ХЗДХЯ, ЗГХЭГ хариу өгөөч ээ" гэж саналаа илэрхийлсэн.

Гэтэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариуд нь “Шуудхан хэлье. Иймэрхүү юм ярьдагаа одоо боль. Чиний энэ тодрох гэсэн өвчин  аминд чинь хүрч мэднэ шүү. Мэдэхгүй, юу л гэж ойлгоно. Ойлго”  гэж байх юм.  Энэ Монгол төрийн түшээ, төрийн сайдын үг мөн үү. Төрийн хар хүний ааш араншин энэ үү.

Хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар гишүүн Х.Нямбаатар  Хууль зүйн сайдаас тодруулга авах гэсэн нь аль ч талаасаа буруу үйлдэл биш, бас ийм асуултаар тодорно гэж юу байхав.  Угаасаа УИХ-ын ажил ийм  маягаар  явагддаг.

Харин энэ жирийн асуултад Ц.Нямдорж ингэтлээ бухимдаж, барьц алдах шалтгаан юу байв.  Мөнөөх шударга дүр төрх нь хаашаа одов гэхчлэн эргэлзээ төрж байна. Хууль зүйн сайдын хувьд хөөн хэлэлцэх хугацаагаар ял  завшиж, шударга ёсны үнэлэмж алдагдаж байгаа нөхцөл байдалд хамгийн их санаа зовж засч залруулах гэж “түрүүлж дуугарах хөхөө” байх ёстой атал харин ч эсрэгээрээ  энэ асуудлыг сөхөн тавьсаных нь төлөө ангийн, тэр дундаа намынхаа дүүг амь насаар нь заналхийлнэ гэдэг цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй гэж харуулж байна.

Магадгүй, эрхэм сайдад хуулийн энэ заалтын үйлчлэлд хамруулж, энхийн цагаан тагтаа болгох ёстой эрхэм дотны хүмүүс байж мэдэх юм. Нэг зүйлийг эргэн санахад Ц.Нямдоржийн хүү Анхбаярын ангийн багшийнх нь хүүхэд амьдаа Анхбаяр, Жастын Ш.Батхүү, Г.Алтан гээд нэрсүүд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой яригддаг.  Тэд бол сайдын ойрын хүрээллийнхэн. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой нэр бүхий хүмүүсийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байгаа  гэсэн ноцтой мэдээлэл байгаа.

Юутай ч хөөн хэлэлцэх хугацааны асуудал сайдын эмзэг сэдэв гэдэг нь чуулганы танхимд гаргасан ааш авираас тодорхой боллоо. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэдэг шиг л юм болоод өнгөрлөө.

Х.Нямбаатар гишүүний хувьд Хөөн хэлэлцүүлэх хугацааг засч залруулах тухай зөвлөмжийг Хууль зүйн яаманд жилийн өмнө хүргүүлснээ өөрийн Пэйж хуудас дээр байрлуулсан байдаг. Түүнийхээ араас л ажил хэрэг болгох гэж зүтгэж буй нь энэ. Гэтэл ХЗДХЯ гишүүний энэ зөвлөмжийг бүтэн жил хав дарж, тэгээд араас нь асууж сурагласны хариуд сайдаас нь ийм хариулт авлаа.

Гэхдээ сайд аа, та Парламентын танхимд  мэдэх ёстой асуултдаа “Мэдэхгүй” хэмээн зарсхийж, хүний  амь насыг заналхийлээд сууж байна гэдэг алтны цаадах гууль цухуйх мэт харагдаж байна.

Хэрэв таны энэ үг үйлдэл заналхийлэл биш сануулга юм бол Х.Нямбаатар гишүүний амь насанд “ХЭН” халдах гээд байгааг Та Хууль зүйн сайдынхаа хувьд тодруулж хэлэх ёстой. Тэгж эс чадвал энэ заналхийлэл болж хувирна. Тэр заналхийлэгчдийг нийтэд  нэр устай нь зарлах ёстой биш үү. Магадгүй, Х.Нямбаатар гишүүн таны үгний араас  амь насанд нь заналхийлж буй тэр хүмүүсийг тодруулж тогтоохоор хуулийн байгууллагад хандаж мэдэх юм.

УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй ч ийм ёс зүйгүй үйлдлийнхээ төлөө Та "Уучлал" гуйх ёстой. Төр төмбөгөр, ёс ёмбогор шүү, Ц.Нямдорж сайд аа.

Р.ЗАМИЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж