Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй албаны хүмүүс ерөнхий боловсролын Лаборатори 23 дугаар сургуулийн нэвтрүүлсэн сургалтын системийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дэлхийн мэдээлэл, технологийн дэвшил болсон "Moodle" болон "Koha" системийг тус сургууль программдаа нэвтрүүлж, өнгөрсөн нэг жил туршилт хийсэн нь амжилттай болжээ. "Moodle" систем нь сургалтын чанарыг дээшлүүлж, багш нарын ачааллыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал, уг системийг ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлснээр багш нарын цаастай харилцах ачаалал эрс буурчээ. Хичээлийн сэдэв, шалгалтын материалыг цаасаар бэлдэх, хариуг дүгнэх, дэвтэр засах, дүн шивж оруулах гэх мэтэд ерөнхий боловсролын сургуулийн багш нар өдрийн ихэнх цагийг зарцуулдаг. Тэгвэл энэхүү системийг нэвтрүүлснээр шалгалтыг цахимаар авч, систем хариу гаргаж багш, сурагч, эцэг эх рүү мэдээллийг илгээж буй гэнэ. Тавин хүүхдээс шалгалт авахад "Moodle" хариуг нэг минутад гаргаж, тухайн сурагчаас гадна эцэг эх рүү хариуг явуулдаг аж. Ингэснээр багш нар заах хичээлээ чанартай бэлтгэж, гарсан үр дүн, хөтөлбөрийг сайжруулахад л цагаа зарцуулж ажиллах болжээ. Түүнчлэн тус системийг ашиглалтад оруулснаар 23 дугаар сургуулийн багш нар ажлын тайлангаа бэлтгэхдээ хугацаа зарах шаардлагагүй, систем хийсэн ажлыг нь хадгалж байдаг тул хэвлэж гаргахад л болох нь.
Интернэт орчин, ухаалаг утас, таблет хүний өдөр тутмын хэрэглээ болоод удаж буй. Сурагчид ч техникийн эл дэвшлийг ашиглаад олон жил болж байна. Тэдний сонирхол, хэрэгцээнд тулгуурлан "Moodle" системийг хичээл заах программд нэвтрүүлснээр сурагчдын идэвх, хичээлдээ хандах хандлага эрс сайжирсан талаар тус сургуулийн сурагчид хэлж байлаа. Интернэт орчинтой бол хаанаас ч "Moodle"-д нэвтэрч, хичээлээ хийх боломжтой тул сурагчдын бие даан аливаа зүйлийг судлах, суралцах, далд авьяас, чадвараа нээх хандлага нэмэгдсэн байна. Мөн тухайн сургуулийн сурагчид хятад, япон зэрэг орнуудын хэлийг гүнзгийрүүлэн үздэг, цаашлаад гадаадын улсуудын тул хичээлээс хоцрох эрсдэлтэй байж. Тэгвэл уг системийг нэвтрүүлснээр уг бэрхшээл арилжээ. Харин уг системээр дамжуулан эцэг эхчүүдэд хүүхдүүдийнх нь сурлагын мэдээллийг хүргүүлдэг болсноор сургууль, багшийн зүгээс явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болжээ.
Тус системийг нэвтрүүлэхээс гадна 23 дугаар сургуулийн удирдлага сурагчдад зориулсан номын сантай аж. Дэлхийн уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн номноос авахуулаад сурах бичгүүд гээд 2000 номтой юм байна. Тиймээс "Moodle"-ээр дамжуулан "Koha" системийг мөн заах арга барилдаа нэвтрүүлсэн байна.
Дэлхийн номын сан "Koha"-гаар дамжуулан сурагчимд нэмэлт байдлаар хичээлээ бататгах боломж бүрдсэн байна. Энэ талаар тус сургуулийн захирал Ц.Цолмонбаатар "Аливаа орны хэлийг гүнзгийрүүлэн судалж буй сурагчид тухайн орны номын санд шууд нэвтэрч, шаардлагатай мэдээллээ авч, хүссэн зохиолоо цахимаар уншиж байна. Тухайлбал, Япон хэл суралцаж буй хүүхдийн Япон улсын Үндэсний номын сан руу цахимаар нэвтэрч байгаа. Цаашид системээ улам сайжруулж, багш нарын ачааллыг бууруулж, сурагчдын сурах боломжийг нэмэгдүүлнэ" гэсэн юм.
Тус сургуулийн удирдлага дараа жилүүдэд сурагчийн цүнхний ачааллыг бууруулахад түлхүү анхаарах гэнэ. Дээрх системүүдийг нэвтрүүлснээр сурагчид орон зай үл хамааран хүссэн газраасаа суралцах, өвчтэй байсан ч ангийнхантайгаа хамт хичээллэж, шалгалт өгч болох тул цүнхэлж явдаг сурах бичгүүдийн тоог цөөрүүлэх боломжтой гэж үзсэн байна. Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын цүнхний жин их, биеийн хөгжилд нь сөргөөр нөлөөлөхүйц. Харин уг системийг нэвтрүүлснээр сурагчид дараагийн жилүүдэд ганцхан таблет л хичээлдээ ашиглах боломж бүрдэх нь.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва сургуулийн үйл ажиллагаа, сургалтад нэвтрүүлсэн системтэй танилцаад "Арван жилийн сургуулиа төгсөхдөө хүүхдүүд мэдээлэл, технологийн чиглэлээр мэргэших нөхцөл бүрдүүлжээ. Ирээдүйд Улаанбаатар хотыг өндөр технологид тулгуурлан хөгжүүлэх ёстой. Тэгэхээр та бүхний нэвтрүүлсэн систем хотын хөгжилд түлхэц болно. Тиймээс интернэтийн хурд зэргийг сайжруулахад бидний зүгээс бүхий л талаар дэмжинэ. Мөн та бүхний нэвтрүүлсэн сайн туршлагыг бусад сургуулиудад нэвтрүүлэхийг зорино" гэсэн юм. Ингээд 23 дугаар сургуулийн интернэт сүлжээг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт үүрэг болгож, уг туршлагыг эхний ээлжинд арван сургуульд нэвтрүүлэх чиглэл нийслэлийн Боловсролын газрынханд өглөө.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ