Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 42 минутад эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлж, Эдийн засгийн байнгын хорооноос дэмжээгүй 15 зарчмын зөрүүтэй саналын томьёллоор санал хураалт явуулсны дараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат болон Сангийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчилон ирүүлсэнтэй танилцаад 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бүхэлд нь хориг тавьсан байна.
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар Тамгын газрын дарга З.Энхболд, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар тус тус танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын даргад ирүүлсэн албан бичигт, Татварын багц хуулийн төслийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч үр дүнд бүрэн хүрсэнгүй. Түүнчлэн, бизнесийн байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас “Татварын багц хуулийн төслийг боловсруулахаас эхлэн Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх хүртэл бүх шатанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилласан, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, хууль боловсруулах ажлын хэсэгт удаа дараа хүргүүлсэн, гэвч уг хуулиуд нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах, дарамт шахалтыг нэмэгдүүлэх, авлигын нөхцөл байдлыг хүндрүүлэх, татварын болон төсвийн орлого буурах, улс орны эдийн засагт сөрөг үр дагавар учруулах олон асуудал дагуулахаар батлагдсан гэдгийг онцлон" татварын багц хуулиас Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хориг тавьж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэнтэй санал нэг байгаа тул тус хуулиудыг дахин нягталж үзэх боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгох нь зүйтэй гэж үзсэн талаар дурджээ.
Мөн олон улсын санхүүгийн бүлэглэлүүдийн улс дамнан үйлдэж байгаа татвар, санхүү, эдийн засгийн гэмт хэргүүдийн эсрэг тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс 2018 онд нэгдэн орж, олон улсын татварын байгууллагуудын хэтийн чиг хандлагад нийцүүлэн татварын эрх зүйн орчноо сайжруулах шаардлагыг хүлээж авсантай холбогдуулан татварын багц хуульд туссан зарим өөрчлөлт, шинэчлэлтийг ололттой, оновчтой гэж үзэхийг үгүйсгэхгүй боловч үүгээр халхавчлан мөнгө угаах, хүү хүүлэх, татвараас зайлсхийх бусармаг үйл ажиллагааг өөгшүүлж, үндэстэн дамнасан корпорациудад бага татвар төлөх, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх арга зам, боломжуудийг хуульчлан олгох нь зүйд нийцэхгүй. Түүнчлэн татварын багц хуульд хуулийг хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, олон улсын татвартай холбоотой зохицуулалтууд нь ашгийг гадагш шилжүүлж татварын суурийг гажуудуулах явдал /БЭПС/-ын эсрэг арга хэмжээнүүдийн утга агуулгыг дордуулсан, олон улсын татварын эрх зүйн актуудад заасан хэм хэмжээнд бүрэн нийцээгүй, дотоодын татварын орлогын суурийг бодитойгоор бэхжүүлэн нэмэгдүүлэх үр дүнд хүрэхээргүй шинэ нэр томьёолол төдий, улмаар хууль үл хэрэгжих нөхцөлд хүргэхүйц сөрөг үр дагавартай, засаж сайжруулбал зохих олон асуудал тусгагдсан байгаагийн зэрэгцээ улс орны эрх ашигт хохиролтой, татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй агуулга бүхий зохицуулалтууд тусгагдаад байна гэсэн байлаа.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан багц хуулийн төслийн онцлогийг харгалзан, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьжээ.
Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа тус тус хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтэд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул "Ерөнхийлөгчийн хоригийн тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан Байнгын хорооны хуралдаанд танилцуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, хамт батлагдсан Татварын ерөнхий хууль хүчингүй болсонд тооцох тухай, Татварын ерөнхий хууль диинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нугаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанкны тухай хуульд нэмэлт оруулах тухай. Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өерчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай. Гаалийн тариф. гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, хамт батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, хамт батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн, ‘Ерөнхийлөгчийн хоригийн тухай’ Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж өгөхийг хүссэн талаар дурдсан байлаа.
Ерөнхийлөгчөөс тавьсан хориг болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Дамба-Очир нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас “Оюутолгой” ХХК гурав дахин илүү олборлолт хийж байгаа атлаа бага татвар төлж байгаа шалтгаан, нөхцөлийг тодруулав. Мөн гадаадын хөрөнгө оруулагч компаниудад ногдуулах 20 хувийн татварыг 5 хувь болгосон эсэхийг илүүтэй лавлаж байлаа.
Олон улсын санхүүгийн үндэстэн дамнасан бүлэглэлүүд ядуу буурай, хөгжиж байгаа орнуудад татвар, санхүү төлөхөөс зайлсхийдэг байдлыг таслан зогсоохын тулд БЭПС олон улсын хамтын ажиллагааны байгууллага Монголын татварын эрх зүйн орчныг сайжруулахаар татварын хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага тавьсан. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа бид БЭПС-тэй хамтарч ажиллаж, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Японы ЖАЙКА зэрэг байгууллагын зөвлөгөөг авч ажилласныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа онцлов. Мөн тэрбээр татварын багц хуулийг боловсруулахдаа Монгол Улс татвараа гүйцэт авах зарчмыг баримталсныг дурдаад цаашид ч төлөөгүй байгаа албан татварыг авахаар эцсээ хүртэл явна гэдгээ мэдэгдлээ.
Харин ажлын хэсгийн зүгээс “Оюутолгой” ХХК-н гадагшаа шилжүүлэх орлогод ногдуулах татварыг таван хувь болгосныг ор үндэсгүй хэмээн няцаав. Мөн Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 20 хувиар татвар төлөх заалт хэвээр байгааг дурдаад уул уурхайн тусгай лиценз эзэмшдэггүй Монгол Улсын компани дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр нээлттэй бонд босгож чадсан тохиолдолд 5 хувийн татвар төлнө гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн хооронд татварын дэглэмээр нь авч үзвэл “Оюутолгой” ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээгээ тогтворжуулсан байгаа. Үүн дээр ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийн таван хувийг төлж, өсөн нэмэгдэхийг төлөхгүй байхаар зохицуулсан. 2018 оны байдлаар Оюутолгой ХХК 320.2 тэрбум төгрөгийн татварт төлснөөс 246.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт, 73.5 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төлсөн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 551.6 тэрбум төгрөгийн татвар төлснөөс 503 тэрбум төгрөгийг улсын төсөвт, 48.7 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төлсөн байдаг. “Оюутолгой” ХХК аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар алдагдалтай ажиллаж байгаа бол “Эрдэнэт үйлдвэр” ашигтай ажиллаж байгаа. 2018 оны тайлангаар “Оюутолгой” ХХК 15,4 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” 171.4 тэрбум төгрөг төлсөн байгаагаас харахад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр 155 тэрбум төгрөгийн зөрүү гарч байна гэж ойлгох ёстой хэмээн Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал хариулж байлаа.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.8 хувь нь дэмжсэн тул “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ