Мексик улсад нэгэн сонирхолтой дуудлага худалдаа зохион байгуулагдах гэж байна. Тус улс авлигын хэрэгт холбогдсон улстөрчид, гэмт этгээдүүдээс хураасан тансаг ангиллын автомашинуудыг энэ сарын 26-нд буюу ням гаригт дуудлага худалдаагаар худалдах юм байна.
Тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор өнгөрсөн онд болсон сонгуулиар улс эх орноо авлигаас аврахаа амлан сонгогдсон билээ. Тэрбээр ажлаа хүлээн авсныхаа дараа “хулгайлагдсан хөрөнгийг иргэдэд буцааж олгох” зорилготой байгууллагыг байгуулсан бөгөөд удахгүй болох дуудлага худалдаанаас олсон орлогыг улсынхаа нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах ажээ. Тус байгууллагын мэдээлснээр нийт 82 ширхэг автомашиныг 1,2 сая орчим ам.доллараар борлуулна гэж тооцоолсон байна. Үүний дараа авлигын хэргээр хураагдсан орон сууц, үнэт эдлэлийн дуудлага худалдааг ч зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дуудлага худалдаа тус улсын нийслэл Мехико хотын Лос Пинос соёлын ордонд зохион байгуулагдах ажээ. Энэхүү соёлын ордон нь өмнө нь Ерөнхийлөгчийн ордон байсан бөгөөд Ерөнхийлөгч Обрадорын зарлигаар олон нийтэд зориулсан соёлын төв болсон юм байна. Обрадор өнгөрсөн арванхоёрдугаар сард тангарагаа өргөсөн ба түүний рэйтинг 70 хувьтай байгаа гэнэ.
Эх сурвалж:GUARDIAN
Холбоотой мэдээ