Нийт 70-аад орны төлөөлөгчид оролцох бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон байлцах ба тус орны эрх баригчид аюулгүй байдлыг хангах онцгой арга хэмжээ авч байгаа аж.
Сүүлийн нэг жилийн туршид барууны орнуудын хатуухан шүүмжлэлд өртөөд байгаа ерөнхийлөгч Хамид Карзай бага хурлыг нээж үг хэлэх ба НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мун болон Дэлхийн банк, НАТО-гийн өндөр албан тушаалын хүмүүс оролцоно.
Афганистаны засгийн газар 7 дугаар сарын 19,20-ны өдрийг амралтын өдөр болгон тогтоож, хуралд ирэх зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хотын төвөөр явахгүй байхыг хүсчээ.
Бага хурлаар хэлэлцэх гол маргаантай асуудлын нэг нь Карзайн “энхийн төлөвлөгөө” болох ба тэрээр ойрын таван жилд 36000 талибаны босогчдыг нийгэмд эгүүлэн оруулах зорилгоор 784 сая долларын төсөл хэрэгжүүлэх саналыг дэвшүүлсэн юм.
Афганистаны Гадаад харилцааны яамны мэдээгээр тус орны 34 мужийн 22-т байрлах 4000 суурин газрыг энэхүү хөтөлбөрт хамруулах гэж байгаа аж.
Талибаны хөдөлгөөнтэй хэлэлцээ хийх санал хүчний байр суурьтай холбоотой бөгөөд ерөнхийлөгч Барак Обама 2011 оны 7 дугаар сараас эхлэн АНУ-ын цэргийг Афганистанаас гаргаж эхлэхээ мэдэгдсэн хэдий боловч бүрэнмөсөн гаргаж дуусах асуудал хэдэн жилээр үргэлжлэх юм.
Хүний эрхийн байгууллагууд бага хурлын үйл явцад шүүмжлэлтэй хандаж, бослого гаргагчдыг тохь тухтай болгох гэж эмэгтэйчүүдийн эрхийг хөсөрдүүлж болохгүй гэж шүүмжилж байгаа бол Оксфамын хүмүүнлэгийн байгууллага “хоосон амлалтаа” орхиж, ард иргэдийг ядуурлаас гаргах хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байна.
Гэвч Карзайн төлөвлөгөө цэвэр эдийн засгийн шинж чанартай ба “үндэсний хөгжлийн стратеги зорилт” хэмээн нэрлэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 8 тэрбум 264 сая долларын хөрөнгө оруулалтыг дэмжихийг хүсч байгаа аж. Энэ төслөөр хар тамхины тариаланд сүйрсэн улс орны хөдөө аж ахуйг сэргээн босгох зорилтыг дэвшүүлж байгаа юм.
2001 онд АНУ Афганистанд цөмрөн орсноос хойш энэ орны “сэргээн босголт”-ын үйлст зориулан дэлхий нийт 40 тэрбум доллар зарцуулсан боловч 30 жилийн турш дайн байлдааны хөлд нэрвэгдэж буй тус орон сэхэл авч чадахгүй байгаа бөгөөд НҮБ-аас гаргасан Хүний хөгжлийн үзүүлэлтээр хойноосоо гуравдугаар байр эзэлж байгаа аж.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг