Чилийн шинэ ерөнхийлөгчийн ёслолтой ээлжит газар хөдлөлт давхацжээ.

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Чилийн шинэ ерөнхийлөгчийн ёслолтой ээлжит газар хөдлөлт давхацжээ.

Чилийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч хатагтай Мишель Бачелет өчигдөр (УБ-ын цагаар өнөөдөр өглөө) албан тушаалаа хүлээлгэн өглөө. Харин түүний өндөр сэнтийг залгамжлах болсон тус улсын шинэ Ерөнхийлөгч ноён Себастьян Пинераг ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр хүндэтгэлийн илдээ гардан авч байх үеэр нь Чилид ээлжит газар хөдлөлт болсон байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж байсан Валпарьясо хотоос 140 км зайд болсон энэ газар хөдлөлт 6.9 боллын хүчтэй байжээ. Одоогоор ямар нэг хохирлын тухай сэтгэл түгшээсэн мэдээ ирээгүй байгаа ч чиличүүд энэ үеэр нэлээд сандралдан гудамжинд гүйн гарцгааж байсан гэж мэдээллийн агентлагууд мэдээлэв. Газар хөдлөлтөд улс орон нь дахин нэрвэгдэж байгаа энэ үед шинэ ерөнхийлөгч “Ажиллах цаг үе ирж байна” гэж  хэлжээ.

Өмнөх  ерөнхийлөгч хатагтай Бачелет олон нийтийн дунд багагүй нэр хүндтэй байсан хэдий ч Чилид ойрмогхон болсон 8.8 баллын газар хөдлөлтийн үеэр хангалттай сайн ажиллаж чадаагүй  гэсэн шүүмжлэлийн улмаас албан тушаалаасаа огцорч байгаа юм. Энэ хүчтэй газар хөдлөлийн улмаас 500 хүн амь үрэгдсэн байна. Хатагт ай Бачелет ийнхүү албан тушаалаасаа бууснаар Чилид сүүлийн хорин жил төрийн эарх барьсан зүүний хүчнийхний ноёрхол төгсгөл болж байгаа юм.

Шинэ ерөнхийлөгч хэлэхдээ “ Бид газар хөдлөлтийн засаглал байх ёсгүй, харин бүтээн байгуулалтын засаглал байх ёстой” гэж мэдэгдэж байгаа юм. Одоогийн байдлаар хагас сая орон байр нурж унаснаас олон мянган хүн гэр оронгүй болсон мэдээтэй байгаа билээ. Чилийн  шинэ ерөнхийлөгч Пинера нь улс орныхоо тэргүүн баян бөгөөд олон тэрбумын хөрөнгөний эх үүсвэрээ зээлийн карт нэвтрүүлж эхлэх үеэсээ олсон гэдэг. Одоо түүний олон  тэрбумын ашиг орлого нь Чилийн ТВ-ийн гол суваг, шилдэг хөлбөмбөгийн багийг эзэмшихэд хэрэг болсон бөгөөд 60 настай баян эрийн баялгийг өөр олон салбараас орж байгаа сая сая ам.долларын ашиг орлого улам бүр баяжуулсаар байгаа билээ. Харин байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа улс орныхоо сэргээн босголтод хэр өгөөжтэй байх нь удахгүй харагдах гэнэ. Тэрээр эдийн засгийнхаа өсөлтийг нэмж, нийгмийн чанартай хэд хэдэн арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхээр амлаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж